БАЯСГАЛАН: ЭЭЖИЙНХЭЭ ӨВЧНИЙГ ЭДГЭЭХ ГЭЖ МАНАЙ РАДИОГ СОНСДОГ ГЭХЭД НЬ МАШ ИХ УРАМ АВСАН

2018-09-08  

Өвөр монголын радио телевизийн хорооны Талын дуу хоолой радио Монгол улсад эфирээ цацаж, сонсогчдодоо хүрсний 5 жилийн ой энэ жил тохиож байна. “Талын дуу хоолой” радио хэрхэн бидний чихэнд, сэтгэлд хүрдэгийг мэдэхгүй хүн байж болох юм. Ер ямар зам туулж, ямар зорилго агуулж явааг нь бид төдийлөн анзаардаггүй ч байж магад. Тэгвэл бид Талын дуу хоолой радиогийн захирал Баясгалантай энэ талаар болон радиогийн амьдралынх нь талаар хоромхон зуур ярилцсанаа хүргэе.

Юуны түрүүнд ойн баярын мэнд хүргэе, Талын дуу хоолой 5 жил боллоо, ганзага дүүрэн л байгаа байх?

Баярлалаа, манай радио МУ-ын ард түмэнд Өвөр монголоо таниулах, сурталчилах, хоёр улсын харилцааг хөгжүүлэх зорилготойгоор анх МУ-д 2013 оны 3 сарын 1-нд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 5 жилийн турш нэвтрүүлгээ монголын сонсогчдын алтан сонорт хүргэж байна. Энэ хугацаанд олон сайхан нэвтрүүлэг, үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Жишээлбэл, 2014 онд МҮОНР-той хамтарч дуулаачдын тэмцээн зохион байгуулсан. Тэр нь залуусын дунд их хүчээ авсан. Сурвалжилж мэдээлэх ажиллагаанд манайх их анхаардаг. Үүний нэг нь “Удмын алтан хэлхээ- үүх түүх- өв соёл”. Бас “Ардын дууны аян замын сурвалжилга”, Хятад монголын сэтгүүлчдийн хамтарсан “Өөрчлөлт шинэчлэлт-40 жил-Нэг бүс нэг зам-Хятад дахь аялал”, ӨМӨЗО- байгуулагдсаны 70 жилийн ойн сурвалжилга зэрэг томоохон хэмжээний сурвалжилга, нэвтрүүлгийг бэлтгэж сонсогчдодоо хүргэсэн байна.

5 жилийн хугацаа бас тийм ч бага хугацаа биш. Ялангуяа манай монголын хэвлэл мэдээллийн салбарт өрсөлдөөн ихтэй, хэрэглэгч багатай. Тэгэхээр энэ хугацаанд мэдээж радиогийн зам дардан байгаагүй болов уу. Хүнд үеийг хэрхэн давж байв?

“Сайн явдалд саад олон” гэж мэдээж хэрэг хэцүү зүйл олон тохиолддог. Яг үнэндээ манай радио 2002 оны 5 сарын 1-ээс Улаанбаатарт цацагдаж эхэлсэн юм. Өвөр монголын хэл хэллэг Халх хэллэгээс өөр учраас Монголчууд манай радиог сонсоод ойлгохгүй хүндрэлтэй зүйлүүд байсан. Тиймээс тусгай төв халх аялгуугаар нэвтрүүлдэг радиотой болъё гээд бүх Хятадын радио телевизийн хорооны зөвшөөрөл авсан юм. Тэгээд 2013 оны 3 сарын 1-нд үүдээ нээж өрхөө сөхсөн. Гэвч 7 сарын 1-нд гэрээ цуцлагдаж, манайхыг зогсоочихсон. Монголын харилцаа холбооны журамд төрийн хэвлэл гадаадын радиотой хамтарч ажиллаж болохгүй, харин хувийн хэвшлийнхэн 50 хувь нь гадаад агуулга, 50 хувь нь монгол агуулгатай байж болно гэсэн журамтай байсан. Тэр ёсоор манайхыг хаахад манай редакцийн шижигнэсэн залуус их хүнд цохилтод орж, урам нь хугарч байсан. Тэгээд бид 5 сарын дараанаас Шинэ долгион 107.5 радиотой түрээсийн гэрээ хийж, өдөрт найман цаг мэдээ нийтлэлээ нэвтрүүлэхээр болсон юм.  

(Баярын хуралд ирсэн зочид) 

Одоо бол шижигнэсэн залуус, шуурхай, дайчин ажилладаг юм билээ ш дээ?

Манай радиод одоогоор надтай нийлээд 26 сэтгүүлч, сурвалжлагч, найруулагч ажилладаг. 80 хувь нь 20 гаран насны залуус бий. Монголын хоёр мэргэжилтэн ажилладаг нь МҮОНР-ийн алдарт сэтгүүлч, хэл бичгийн ухааны доктор Л.Мөнхтөр,  сэтгэл зүйн чиглэлээр ажиллаж байсан н.Одончимэг гэж хүмүүс бий. Эдгээр хүмүүс манай залууст маш их зүйлийг зааж өгдөг, ойлгуулдаг. Залуу хүмүүстэй ажиллах их сайхан энергитэй. 

Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсад маш хурдан өсөх шаардлагатай, бүх талын хэлбэрээр мэдээ сурвалжилга бэлтгэх чадвартай байх ёстой, тийм цаг үе болчихсон. Радиогийн сэтгүүлчид бас л хамаатай асуудал?

Яг тийм, хамаатай байлгүй яахав. Жишээлбэл өргөн мэдлэгтэй, нүд гярхай, хөл хөнгөн байх хэрэгтэй гэж ярьдаг. Гэхдээ хэвлэл мэдээллийн ямар газар ажиллаж байгаагаасаа шалтгаалаад өөр өөр чадварууд шаардах нь бий. Радио бол заавал түргэн, шуурхай байх хэрэгтэй. Маш шуурхай. Сонин л гэхэд нэг өнждөг, телевиз зураг дүрс байхгүй бол гарахгүй шүү дээ. Харин радио бол гар утсаараа яриад л мэдээллээ цацаж болно гэсэн үг. Илүү хялбар мөртлөө хурдан байхыг шаарддаг. Далай тэнгис шиг их мэдээллийг эхнээс нь адаг хүртэл уншиж мэднэ гэж байхгүй. Гэхдээ одоо радиог сошиал медиагаар түгээдэг болох хэрэгтэй байна. Уламжлалт сэтгүүл зүйгээ больж, сонин дээр зургийг нь харсан бол телевизээр хөдөлгөөнийг нь радиогоор хоолойг нь сонсдог биш энэ гурвыг зэрэг хийдэг мөртлөө товч, шуурхай болох хэрэгтэй. Энэ шинэ хэрэгсэл нь хөгжилд хүртэл маш том нөлөө үзүүлнэ. Нэг талаараа хэрэглэгчид мэдээллээр цадчихсан ч юм шиг, тэгсэн мөртөө мэддэг юм байхгүй хэрэглэгчтэй л болчих гээд байна шүү.

Санал нэг байна. Хэрэглэгч гэснээс танай радиог зорьж сонсдог сонсогч нэлээдгүй байдаг. Сонсогчдоо эргээд яаж сонсдог вэ?

Жил ирэх тутам сонсогчдын цар хүрээ нэмэгдэж байна. Манайх жил болгон сонсогчдын уулзалт зохион байгуулдаг. Биднийг монголчууд таньдаг ч болж. Жишээлбэл “Сан лицэ” гээд сургуульд “Талын дуу хоолойг сонсогчдын клуб” гэж байдаг юм байна. Тэнд багш нь ч байна, сурагч, захирал нь ч байна. Манайхыг сонсоод санал зөвлөгөөгөө бичиж, хэлэлцдэг нь их сайхан санагдсан. Тэр сургуулийн нэг жаахаан сурагчтай уулзаад, чи манай радиог сонсдог уу? гэж асуусан юм. Тиймээ байнга сонсдог гэж байна. Ямар нэвтрүүлэгт нь дуртай вэ гэтэл Эрүүл биед саруул ухаан нэвтрүүлэг нь хамгийн их таалагддаг” гэнэ шүү. Би гайхаад Яагаад тэр нэвтрүүлэг гэж, ийм жаахан байж эрүүл мэнддээ анхаардаг хэрэг үү? гэж асуусан юм. Харин тэгтэл “Ээж маань хүнд өвчтэй, би танай нэвтрүүлгийг ээжтэйгээ сонсдог. Танай нэвтүүлгийг сонсоод ээжийгээ эмчлүүлэх арга олж, бие нь эрүүл болвол ямар сайхан гээч” гэж хариулсан юм. Ингэж хариулахад нь би ямар их баярласан, гайхсан гээч. Бидний хийсэн нэвтрүүлэг хүнд ингэж их хэрэг болж, итгэл найдвар өгдөг байх нь гэж сэтгэл хөдөлж, урам авсан. Энэ нэвтрүүлэг нь Өвөрмонголын том эмнэлгийн эмч нарыг студидээ уриад, сонсогчидтой шууд холбогдож ямар өвчин зовиур байгааг нь асууж, зөвлөгөө өгдөг юм. Ийм нэвтрүүлгийг тийм жаахан хүүхэд сонсоод надад хэлнэ чинээ санаагүй л дээ.

Тийм шүү, нэг ёсондоо ажлын үр дүн ч юм шиг?

Тийм, үр дүнг нь хүмүүс мэдэрсэн нь их сайхан. Үүний хажуугаар дутагдалтай тал ч бий.  Тухайлбал манайхны халх хэлний яриа, хэллэг, нэршил их муу. Тэрнээсээ болоод монголчуудад таалагдахгүй байх үе байдаг. Тиймээс энэ тал дээр сайн ажиллахаар юм билээ.  Мөн хоёр орны иргэдийн хүлээж авах сэтгэлгээ, хэлбэр нь их өөр. Тухайлбал манайх хөгжим яваад л байна, тав зургаан минутын дараа гол агуулгадаа орно. Харин монголын сонсогчид тэрийг тэвчихгүй. Хоёр гурван секунд ая яваад гол агуулга руугаа ордог монголын радиогийн онцлогийг Талын монголд суулгах хэрэгтэй байгаа.

Хоромхон хугацаанд амттай яриа өрнүүлсэн танд маш их баяралаа. Танай хамт олны цаашдын замд өндөр амжилт хүсье.

 

О.НАНСАЛМАА

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?