ХӨРШ ГЭДЭГ ОЙЛГОЛТ СААХАЛТ АЙЛААС ЭХЭЛНЭ

2018-09-10  

Энэ сарын 4-8-ны хооронд бидний урд хөрш болох БНХАУ-ын ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүд амжилттай болж өндөрлөлөө. Энэ үеэр бидний сайн мэдэх солонго сэтгүүлийн 25 жилийн ой тохиосон юм. Сэтгүүлийн ойн баярын хүрээнд нийслэлийн 14 дүгээр сургуулийн сурагчдын дунд МИний мэдэх сайн хөрш орон эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулсан юм. тус уралдаанд сайн хөрш гэдэг саахалт айлаас эхэлнэ гэх агуулгыг өргөн хэмжээнд харж бичсэн сурагч Т.Хишигдэлгэрийн эсээ тэргүүн байр эзэлжээ. Бид эсээг бүрэн эхээр нь нийтэллээ. 

МИНИЙ МЭДЭХ САЙН ХӨРШ ОРОН

Хөрш гэдэг ойлголт нь Монголчууд бидэнд эртнээс чухал байсаар ирсэн билээ. Саах тавих газар хөршлөн бууж, хурга ишгээ хониндоо зөрүүлж нийлүүлэн хариулах нь дэм дэмэндээ амьдарч ирсэн нүүдэлчин монголчуудын мал маллагааны хийгээд аж төрөхүйн шалгарсан аргуудын нэг. Саахалт айлынхаа хурга ишгийг саах зөрүүлтэл хоньтойгоо бэлчээж, таргалуулан махлуулж хөршийн төлийг өөрийн мэт хариулах бичигдээгүй хууль үйлчилж, харилцан хүлээх үүргээ нэн хариуцлагатай ухамсарлан биелүүлдэг байжээ.

Малчид хамтарсны буян их гэдгийг яс махандаа хүртэл ойлгодог хүмүүс. Тиймээс ч хөршийн тухай олон зүйр цэцэн үг байдаг биз ээ. Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг. Амь нэгтэй, санаа нэгтэй айл хөршүүд л амгалан тайван амьдарч, ажил төрлөө хамжин хамтран хийж, найрсаг дотно аж төрнө. Үүний адил хөрш орон гэдэг ийм л байж хамтдаа хөгжиж дэвшинэ. Манай Монгол улсын хувьд Орос, Хятад гэсэн 2 том гүрэнтэй хөрш билээ. Манай Монгол улсын нийт хилийн урт 8252,658 км байдаг ба үүнээс 4709,658 км-ээр Хятад улстай, 3543.0 км-ээр Орос улстай хиллэдэг. Тиймээс Монгол улс болоод Хятад, Орос улсууд нь хамтдаа сайн хөрш байж нэгнээ хүндэтгэн, эв найрамдалтай харилцаатай байж чадвал гурван улс хурдацтай хөгжил дэвшилд хүрч энх тайванг авчирж чадна.

Ямар хөрш байвал сайн хөрш болох вэ? - харилцан хүндэтгэл, итгэлцэлд тулгуурладаг -хамтран ажиллаж, хамтдаа хождог -нинжин сэтгэлээр хандаж нэгнээ ойлгодог байснаар сайн хөршүүд байж чадах юм. Тэгвэл сайн хөршүүд нэг нэгэндээ ямар хэлбэрээр тусалдаг вэ?

Энд Хятад Монголын нэгэндээ хандах халуун сэтгэлийг дурьдаж болно. 2014 онд Улаанбаатар хотод хоёр настай хүү тохиолдлоор галын осолд өртөн хүнд түлэгдэж, тахир дутуу болох аюулд тулгаран, Бээжин хотноо очиж эмчилгээ хийлгэсэн юм.

Хятадын иргэд халуун сэтгэлээр харамгүй хандив өргөсний ачаар тэр хүү хөл дээрээ зогсож чадан илааршсан байна. Энэ нь Хятадын ард түмний зүгээс Монголын ард түмэнд халуун дотноор хандаж буйн чин сэтгэлийн бодит зураглал болсон юм. Үүнтэй адилаар, 2008 онд Хятадын Вэньчуаньд хүчтэй газар хөдлөн, онц их гамшиг болсон үед, Монголын ард түмэн тэр даруйд нь тусламжийн халуун гараа сунгаж, Монголын уран бүтээлчид үүнтэй холбогдуулан тусгайлан ая дуу зохиож бүтээсэн юм. Тэр дуунд “Найзууд маань, та нар ганцаардан гансрахгүй, та нарт учирсан гашуун зүдүүрийг бид хуваалцан туулна” гэж дуулсан байна. Энэ нь Монголын ард түмний зүгээс Хятадын ард түмэнд гүн зузаан найрсаг сэтгэлээр хандаж буйг харуулсан юм. Ийм л байдлаар нэг нэгэндээ халуун сэтгэл гаргаж хамтран ажиллаж эдийн засаг, улс төр, нийгэм, эрүүл мэнд гэх мэтчилэн олон салбараар харилцаа тогтоон нэгэндээ тус дэм болсноор сайн хөршүүд болох юм.

 

Нийслэлийн 14-р сургуулийн 12б ангийн сурагч Т.Хишигдэлгэр

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?