400 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЯМАР Ч ХЯНАЛТГҮЙ ЗАРЦУУЛЖЭЭ

2018-10-23  

Нийслэлд агаар, ус хөрсний бохирдол холбогдох стандарт хэмжээнээс хэтэрч гамшгийн түвшинд хүрсэн. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр одоогоос 10 жилийн өмнөөс хөрөнгө төсөвлөж эхэлсэн юм. Цэвэр агаар сан гэгчийг байгуулж гадаад дотоодоос хөрөнгө санхүү татаж, засгийн газрын олон арван төслийг хэрэгжүүлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр 2008 оноос хойш найман жилийн турш буюу 2016 он хүртэл хийсэн ажил, зарцуулсан мөнгөн дүнд үндэсний аудитын газраас шалгалт хийсэн талаар мэдээллээ. Ингэхдээ архивын бичиг баримтуудад тулгуурлан зарим төрийн байгууллага, бүтцийн нэгжүүдийн энэ чиглэлээр явуулсан үйл ажиллагааны үр дүнгүүдийг хамруулсан аж.

Шалгалтаар нийт 72 зөрчил илэрсэн бөгөөд үүний дийлэнх нь агаарын эрх зүйн зохицуулалт, чиг үүргийн зохион байгуулалт уялдаа холбоогүй, үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллагуудыг нэгдмэл удирдлагаар хангаагүй буюу хэрэгжилтэд хяналт тавьсан нь хангалтгүй байсан байна. Түүнчлэн эдгээр ажлуудынхаа үр дүнг нэгтгэн дүгнээгүй зөрчил гарсан нь хамгийн хачирхалтай байгаа юм.

Энэ сан улсын төсвөөс 97.7 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, нийслэлийн төсвөөс 9.4 тэрбум, Байгаль орчныг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүнээс гадна гадаадаас 104.7 сая ам долларын зээл, 48.6 сая ам долларын буцалтгүй тусламжийг авсан байна. Үүнийхээ:

26 хувийг үртсэн шахмал түлшний цогцолбор байгуулж, өргөжүүлэхэд,

22 хувийг сайжруулсан зуух үйлдвэрлэхэд, үнс тээвэрлэх автомашин худалдан авахад

14 хувийг нам даралтын зууханд шинэчлэл хийхэд

10.9 хувийг сайжруулсан түлш болон агуулахын зардал гэх мэт бусад зардалд зарцуулсан байна.

Энэ талаар гүйцэтгэлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Л.Одгэрэл "Тус сан нь агаарын бохирдлын чиглэлээр олон төсөл хэрэгжүүлсэн гэх боловч гүйцэтгэл, үр дүнг нэгтгэж дүгнээгүй, утааг үүсгэгч эх үүсвэр бүрээр агаарын чанарын үзүүлэлтэд нөлөөлөх нөлөөллийг гаргаж хэрэгжүүлэх арга хэмжээг ч тодорхойлоогүй байна. Мөн олон алба байгуулагдаж солигдож байсан учраас хариуцах эзэн ч олдохгүй, зарим тоо баримтууд зөрүүтэй, хяналтгүй ажиллаж байсан байна" гэсэн юм. Түүгээр ч барахгүй зарцуулсан мөнгийг агаарын чанарын үзүүлэлттэй харьцуулсан ямар ч үнэлгээ хийгээгүй учраас өнөөдөр утааг тэгж буурууллаа гэсэн тооцоо судалгаагүй хоосон алгаа дэлгээд сууж байгаа юм.

Түүнчлэн утаагүй зуух гэх сайжруулсан зуухыг хөнгөлөлттэй үнээр тараагаад байсан боловч түүнийхээ үйлдвэрлэлт, нийлүүлэлт дээр анхаараагүй, зуухыг айлууд нь технологийн дагуу ашиглаагүйгээс болж ердийн зуухтай ижил хэмжээнд утаа гаргасаар байгаа юм. Мөн сайжруулсан түлш үйлдвэрлэх 14 аж ахуй нэгжтэй гэрээ байгуулсан боловч үйлдвэрлэгчид нийт түлшний 22.4 хувийг л нийлүүлсэн байгаа нь үйлдвэрлэгчийн хүчин чадлыг тооцолгүйгээр шйидвэр гаргасантай холбоотой юм. Үүнээс гадна хөнгөлөлттэй үнээр өгсөн гэрийн дулаалга, шөнийн эрчим хүч, утааны хорын ялгаруулалтыг бууруулах гэх мэт маш олон сүртэй нэртэй төсөл арга хэмжээ байгаа ч Үндэсний аудитын газраас үүн шигээ сүртэй дүн авч чадсангүй ээ. 

Зөвхөн эдгээр тоон баримтуудаас харахад л Цэвэр агаар сан үнэхээр утааг бууруулах зорилготой ажиллаж байна уу, эсвэл олон төслийн нэр барьж иргэдийн эрүүл мэндээр наадан төсвийн мөнгө халааслаад байна уу гэдэг нь эргэлзээтэй. Хийсэн ажлынхаа үр дүнг нэгтгээгүй гэхээр юуны төлөө ажиллаад байна вэ? 

 

 

 

О.НАНСАЛМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?