ТҮМЭН ШАВЬ НАРЫНХАА СЭТГЭЛД ХОНОГШСОН ИХ БАГШ

2018-10-29  

Одоогоос 40-өөд жилийн тэртээ буюу 1982 оны зун энэ эрхэм хүнтэй анх нүүр тулан уулзаж байсан цаг тун саяхан мэт санагдана. Ичинхорлоо багш маань намайг анх ХААДС хэмээх их айлын босго алхахад Хөрс судлал агрохимийн тэнхимийн эрхлэгч Энхтайван гэх миний үеийн залууд гардан авахыг даатгаж өглөө. Бид хоёрын биендээ шаардлага тавих гэж юу байхав, ганц нэг удаа миний хичээлд сууж зөвлөгөө өгдөг түүнийг нь би ажилдаа тусгахыг хичээдэг байв. Удалгүй Ихо багш гэнэтийн шалгалт хийснээр халамжлан хүмүүжүүлэгч бид хоёр банга авах нь тэр. Лекцийнхээ үеэр ашигладаг байсан цүнх дүүрэн номыг маань дараачийн долоо хоногоос эхлэн хураан авахыг Энхтайванд үүрэгдэж, хичээлд бэлдсэн бэлтгэлд маань онц муу тавилаа. Мөн өөрөө биечлэн миний бэлдсэн конспектийг шалгаж, түүний гарын үсэггүйгээр лекц унших эрхээ хасууллаа.

Багш бид хоёр ижилхэн хөрс судлагч агрохимич учраас мэргэжлийн талаасаа бие биеэ ойлгоход элдэв саад бэрхшээл гарахгүй, гагцхүү багшид маань миний хичээлийн бэлтгэл огт таалагддаггүй байсан. Тэрээр надаас лекцийн конспектоо сайн бэлдэж байхыг байнга шаардаж миний бичиж ирсэн зүйлийг хараад “наадах чинь хэтэрхий товчхон байна” гэж голно, өөрийнхөө энэ сэдвээр бэлдсэн конспектуудаа үзүүлнэ. Багшийн маань тэртээ олон жилийн өмнө бичсэн бололтой шарласан хуудастай, зарим дээр нь гараар зайгүй эрээчсэн нэг сэдвээр заах зүйл нь гэхэд арав гаруй хуудас материалын хажууд миний бэлдсэн гэх ганц хоёр хуудас зүйл ёстой ичмээр дамшиг байж. Манайх гэр хол Баянхошуунд, тэднийх хотын төвд, байсгээд л багш маань намайг гэртээ аваачиж хооллож ундална. Нөхөр Агваан гуай /Аж үйлдвэрийн гавьяат ажилтан/ тэтгэвэртээ суучихсан сайхан зантай буурлын гурилтай шөлийг мөн ч олон удаа хүртсэндээ. Тэдний хоёр гуравтай байсан болов уу хөөрхөн зээ охин нь байн байн ирж хоолыг нь бууддаг надад сүрхий хурдан дасч, түмпэнтэй мөлжсөн яснаас хүртэл над руу зөөж өгч, өвөө эмээ хоёроороо загнуулдаг байж билээ. Ингэж л багш маань намайг халамжлан хүмүүжүүлж Монголчуудын хэлдгээр “хүн болгосон” ачтан билээ.

Тэр үед багш оюутнуудын орос хэлний мэдлэгийг сайжруулж, оросоор мэргэжлийн сурах бичиг сэтгүүлийг ашиглаж сурах үүрэг “дээрээс” байнга ирдэг байлаа. Мэргэжлийн бүх сурах бичиг орос хэл дээр байсан, үүнийг нь орчуулаад хэвлэх хэвлэлийн хүчин чадал хүрэлцдэггүй цаг байсан юм чинь буруу нь юу байх билээ. Тухайлбал миний заадаг байсан хөрс судлал, агрохимийн нэг ч сурах бичиг монгол дээр байдаггүй, сургуулийн номын санд чихээстэй байсан орос сурах бичгүүдийг оюутнууд ойлгодоггүй ашиглаж чаддаггүй байсан юм чинь үүнд буруу нь юу байх билээ. Багш маань надад нэг сэдвийг сонгон авч оросоор лекц уншихыг үүрэгддэг юм байна. Зургаан жил орос багшаар хичээл заалгасан миний хувьд энэ нэг их төвөгтэй даалгавар байсангүй, харин оюутнууд маань энэ хэмжээнд бэлтгэгдээгүй учир ойлгохгүй нь ойлгомжтой нь л жаахан тиймэрхүү байсан. Лекц болох өдөр цаг товлогдож ороод явчихсан чинь оюутнуудаас гадна манай аргын бүх багш нар дээр нь сургуулийн удирдлагуудаас нилээд хүн ороод суучихсан харагдана. Би ч нилээд балмагдангуй лекцээ багшийн зөвлөснөөр зугуухан явуулсан ч, цаг урагшаа явж дуусч өгдөггүй нилээд тэвдэж билээ. Лекцийн дараа асуулт байна уу? гэсэн чинь нэг ч хүн юу ч асуусангүй. Ингээд багшийн өрөөнд дуудсан ёсоор деканы өрөөнд нилээд айдас хүйдэстэй яваад очлоо. Сургуулийн удирдлагууд ирчихсэн багш маань тас тас  хөхөрчихсөн сууцгааж байв. Учирыг сонсвол тэр жил Улсын Дээд боловсролын Хорооноос АУДС, Политехникийн дээд, манай сургуулийг орос хэл дээр лекц уншиж байхыг үүрэгдсэн юм байх. Энэ ямар ч боломжгүй зүйл гэдгийг миний хичээлээр туршиж, багш оюутнуудын дунд санал асуулга явуулан “дээш нь” хүргүүлэх санаачлагыг багш маань гаргаж, байдлыг сургуулийн удирдлага дэмжсэнээр орос хэл дээр хичээл заах асуудал нэг хэсэгтээ намжиж байж билээ.

Профессор С.Ичинхорлоо багш бол одоогийн ХААИС-ийн харьяа Агроэкологийн сургуулийн үндэс суурийг тавьж, хөрс агрохимийн лабораторийг 1958 онд анх гардаж  байгуулан 1983 он хүртэл эрхлэгчээр нь ажиллаж байсан ба  одоог хүртэл энэ лаборатори маань сургалт судалгаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үе үеийн оюутнуудад ашиглагдсаар байна.

Өнөөдөр багшийн маань түмэн шавь нардотроос хөдөлмөрийн баатар-2, төрийн шагналт-4, гавьяат агрономч-26, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн-1, гавъяат багш-1, соёлын гавьяат зүтгэлтэн-1, шинжлэх ухааны доктор-7, боловсролын доктор-100 гаруй, профессор-14, дэд профессор 30 гаруй  төрөн гарчээ.

Багш маань бага насныхаа амьдралыг дурсахдаа “Бидний уугуул нутаг Төв аймгийн Аргалант сум Улаанбаатараас 80 орчим километрт оршдог. Аргал, Жирэм, Агьт Хашаат, Ар, Өвөр дулаан, Хайртхаан нутаг юм. Эцэг Сономдорж, эх Дагмаа нар цөөн малаар амьдралаа зогооно. Эцэг маань элдүүр элдэж, эх маань 13 хүүхдийнхээ хувцсыг оёж урлана. Цөөн малын орлогоор амьдрах боломж ховордсон учир намайг 6 настайд манайх Улаанбаатар хотод нүүдэллэж ирсэн айл хэмээсэн байдаг. Ихо багшийн намтрыг товчхонд нь авч үзвэл тэрээр 13 хүүхэдтэй айлын хамгийн адаг нь. Отгон нь гэсэн баяд үг л дээ. Түүний төрсөн ах нь Бал дарга маань хааяа шартчихаад байхад нь хашааг нь давуулан шил юм шиддэг гэгддэг  байсан гэх 1-р арван жилийн захирлаар он удаан жил ажилласан Монгол улсын гавъяат багш С.Цагаан, Монгол улсаас анх удаа 1965 онд барууны оронд /Англи/ томилогдсон онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Дамбадаржаа гуай мөн түүний төрсөн ах нь. Түүний хань Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Агваан гуай. Ер нь алдартай хүмүүсийн хүрээлэл дотор амьдарч байсан багш маань манай эрдэмтэн С.Ганбаатар багшийн шүлэглэснээр:

Шал дэмий юманд баярлаж, бас гомдож

Шаралхүү орчлонгийн бөөрөн дээр тэнцэж ядаж явахад

Шавь нарын минь зөөлөн харц, зөв хариултаас өөр

Шагнал гэж байдаггүй юм даа, муу багшид чинь гэдэг мөртүүдэд яг зохих хүн л дээ.

Багш маань өндөр боловсролтой хэзээнээс онц хүн. 1948 онд арван жилийн 1-р дунд сургуулийг онц дүнтэй төгссөн, Тимирязовын нэрэмжит ХАА-н академийг бас онц дүнтэй төгссөн ховорхон сэхээтнүүдийн нэг. Монгол улсын хөдөлмөрийн баатар Ш.Мардаан гуай багшийн тухай дурсахдаа “Ихо багш  аяар аяархан дуугарсан зарчимч өндөр шаардлага хатуу боловч учрыг нь олж хэлдэг  ухаарал хайрласан үг нь  биднийг  сурлага сахилга сайтай тэргүүний оюутнууд байлгаж чадсан юм. Манай багш бол  бүхий л талаараа хүнд  үлгэр дууриал болсон  эгэл нэгэн сэхээтэн  эмэгтэй  төдийгүй, ажиллаж амьдарч байгаа байдал, олны дунд биеэ авч яваа байдал  эрдэм мэдлэг нь  оюутан бидний бахархал болж байдаг байлаа. Багш бол туйлын шударга хүн. Түүнийг аргалах ацаглах гэсэн хүүхдүүд дандаа балардаг байлаа. Уурлана уцаарлана гэж хэзээ ч үгүй, тэгсэн мөртлөө бид нар царайг нь хараад л айцгаадаг байсан гэсэн бол УИХын гишүүн Х.Болорчулуун “Манай Дорнод нутгийнхан сайн хүнээ үдийн нартай зүйрлэдэг юм. Багш маань Мэнэнгийн их талд тусдаг үдийн нар шиг гэгээлэг хүн хэмээн дурссан байдаг.

Багш маань тус сургуульд 1957-1992 онд багш, тэнхимийн эрхлэгч, деканы ажлыг ээлжлэн 35 жил хийж  энэ хугацаанд сургуулийн газар бол ажиллах хамгийн таатай орчин юм гэдгийг гүнээ ойлгож авсан өөрийгөө ихээхэн азтайд тооцож явдаг гэж ярих дуртай байлаа. Ажиллах хугацаандаа  агрохими, туршлагын арга зүй, хөрс судлал, ургамлын физиологийн хичээлүүдийг зааж, агрохими, туршлагын ажлын сурах бичгүүд, ургамлын физиологи  гэсэн ном олон арван нийтлэл бичсэн хүн.

Төмсний бордооны сэдвээр ажлыг анх хийж үргэлжлүүлэхийн хамт Төв, Сэлэнгийн САА ногоочдын талбайгаас цуглуулсан гадаад дотоодын сортын нийт 30 гаруй сортод сорилт явуулж байсан ба эндээс шийр гэж нутгийн дээж шалгарч сүүлд хожим нь УГТЭШХ-д үржүүлэн үйлдвэрлэлд “шийр-6” нэрээр нэвтрүүлсэн юм. Мөн 1958 онд Германы Берлинхинген сортын төмс авч тариалж үржүүлж үйлдвэрлэлд шилжүүлж байв. Атар газар эзэмших хөрсний хайгуулын ажлын материалыг анхнаас нь эмхтгэх ажилд Балжид багштай хамтран оролцсон билээ.

Төмсний эрчимжсэн технологийн асуудлаар багш доктор А.Чойжамц, Буяндэлгэр, Балжиннямтай хамтран Зүүнхараагийн САА-д судалгаа явуулж төмс ургуулах эрчимжсэн технологийг боловсруулснаар АА-н га-ын  дундаж ургацыг 210 цн-т хүргэж  САА-н  захиргаанд хэлэлцүүлэн шилжүүлж байсан гавьяатай хүн.

Ийм л нэг эгэл даруухан багш маань түмэн шавь нарынхаа сэтгэлд мөнхөрсөн хүн дээ. Сургуулийн 60 жилийн ойн энэ баярын үеэр шавь нартайгаа уулзалдан сэтгэлийн дурсамжаа хуваалцах нь дамжиггүй.

 

                                                     

 

Ш.Пүрэвсүрэн /2018-10-28 /

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?