Б.БАТБАЯР:ОЛИМПИЙН НААДАМД БҮТЭН БАГААРАА ОРОЛЦОХ ГАНЦХАН БОЛОМЖ ҮЛДЛЭЭ

2016-04-23  

Риогийн олимпийн эрх олгох ОУ-ний эмэгтэй чөлөөт бөхийн барилдаан үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр манай улсаас хоёр бөх барилдсан. Гавъяат тамирчин О.Бурмаагийн хувьд хагас шигшээд үлдэх эрхийн төлөө дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт ОХУ-ын бөх Е.Букинатай барилдаж, торгуулиар нэг оноо алдан ялагдлаа. Хоёр бөхийн барилдаан тэнцүүхэн өрнөсөн боловч барилдааны хоёрдугаар үед Букинагийн торгуулийн 30 секунд явж байхад манай бөх дайрч дэвжээнээс гарган нэг оноог авсан. О.Бурмаагийн хувьд дайрч оноо авалгүй хүлээж, өрсөлдөгчөө торгуулсан бол барилдаан цааш үргэлжлэх боломжтой байлаа.

Харин Эмэгтэйчүүдийн -48кг-д зодоглосон "Хасу мегаватт" клубын бөх Ц.Намуунцэцэг мөн л олимпийн эрхийн гадна үлдчихлээ. Тэрбээр эхний тойрогт Туркийн Эвин Демирахыг 8:3-аар ялж наймд үлдсэн. Хагас шигшээд үлдэх хариуцлагатай барилдаандаа БНАСАУ-ын тамирчин Ким Хён Гёнтой барилдаж, 6:2-оор ялагдлаа.

Барилдааны дараа Эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Б.Батбаяртай цөөн хором ярилцлаа.

-Манай хоёр бөх барилдлаа. Барилдааны хэрхэн дүгнэж байна вэ?

Эх орныхоо дэвжээнд болсон тэмцээнд үлдсэн хоёр жинд олимпийн эрх авахын төлөө барилдлаа. Бөхчүүд маань бүх зүйлээ л дэвжээн дээр гаргасан гэж ойлгож байна. О.Бурмаагийн хувьд тактикийн алдаа гаргалаа. Гэхдээ барилдааны агуулгынх нь хувьд түүнийг буруутгахгүй байна. Барилдааны дараа дүгнэхэд тухайн үед хүлээчихсэн бол давуу байдал үүсэх байжээ. Гэхдээ энэ бол эцсийн ялалт гэсэн үг биш л дээ. О.Бурмаагийн хувьд өнгөрсөн жил мөрний том хагалгаанд ороод эргэн эрэлтийг хийгээд удаагүй байна. Ц.Намуунцэцэгийн хувьд насанд хүрэгчдийн, олон улсын тэмцээний туршлага дутуу байгаа нь харагдлаа. Өрсөлдөгч бөх нь 2014 оны Ташкентийн дэлхийн аваргын хүрэл медальтай бөх байсан. Барилдааны арга туршлага хуримтлуулах, гадаад арга хэмжээнд олноор хамруулах талаар анхаараад ирвэл Ц.Намуунцэцэгийн хувьд асар ирээдүйтэй тамирчин.

-Одоо олимпийн эрхийн нэг тэмцээн үлдсэн. Энэ жинд ямар бөхчүүд барилдах вэ?

Ирэх сарын эхээр Туркийн нийслэл Истанбул хотноо олимпийн эрхийн сүүлчийн тэмцээн болно. Бидний хувьд олимпийн наадамд бүтэн багаараа оролцох үгүйгээ шийдэх хамгийн сүүлчийн боломж. Тус тэмцээнд энэ хоёр жинд хэн хоёрыг барилдуулах вэ? гэдгээ дахиад дасгалжуулагчийн зөвлөлөөрөө хэлэлцэнэ. Тэгээд тэндээс гарсан саналыг Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөл баталж байж эцсийн шийдвэр гарна. Үр дүнгээсээ гадна барилдааны агуулгыг маш сайн харах ёстой. Дотооддоо хоорондоо барилддаг барилдааны үр дүнгээс илүү гадны бөхчүүдтэй хэн нь илүү барилдаж чадах хүнийг л сонгох учиртай.

 

 

А. САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?