БАРЬСАН ГАР, ДЭЛГЭСЭН СЭТГЭЛ, ТЭВЭРСЭН ТЭВРЭЛТ, ЯРЬСАН ЯРИА, ТӨРСӨН ИТГЭЛ, ЦАЙСАН ҮҮР...

2022-09-30  
May be an image of 9 people and people standing
Өглөөний мэнд! Уулзалт, товч бичвэр, зургийг доороос.
"Брюссельд"...
болсон уулзалт, барьсан гар, дэлгэсэн сэтгэл, тэвэрсэн тэврэлт, ярьсан яриа, төрсөн итгэл, цайсан үүр..
Их хотын дундах буйдхан, хөл хөдөлгөөн үл тасрах уушийн газар. Багтахаараа цуглаж, бодсон санаснаа хэлэлцлээ. Бүгд сэтгэл санаа өндөр бас урам зориг нэмлээ. Цөөнгүй хүн санал бодлоо хэллээ. Бие биетэйгээ ярьж суулаа.
Хүний гар их хүчтэй юм. Гар гараа барилцах, хоорондоо уулзалдах нь ямар ч хэл ам, атаа хорсол, ан цавыг анагаах чадалтай аж. Монголынхоо төлөө хэн ч бай, хувийн ашиг сонирхлоо хойш тавьж, барьсан чулуугаа газар хаяж, гомдлоо залгиж чадах ёстой. Чадлаа. Уулзлаа. Ярилаа. Асуудлыг гар гартаа авлаа. Бусдын тоглоомд ордог цаг зогслоо. Өөрсдийн асуудлаа өөрсдөө шийдэхээр тохирлоо.
Эрх чөлөөний үзэл санаанд суурилсан эв нэгдэл юунаас ч хүчтэйг ойлголцлоо. Бидний Монголчууд эрх чөлөөт, боломж дүүрэн улс оронд л амьдрах нь чухал. Харин аливаа албан тушаал нь түмний тусын тулд биш бол новш “bullshit” гэдгийг бас санууллаа. Хийх ажил чухал. Ард олондоо тус хүргэх нь чухал. Өчүүхэн бие, сандал суудал чухал биш. Үйл хэрэг чухал. Эрх чөлөө чухал. Монгол чухал. Ирээдүй үедээ юу үлдээх, тэдний төлөө юу хийх, юу бүтээх нь илүү чухал.
Байдал газар сайгүй сайнгүй байна. Бидний эргэн тойронд, манай бүс нутагт ч адил. Олон улсын байдал ч удаан хугацаанд байгаагүйгээр осол аюултай эмзэг байна.
Ардчилсан намын байдал олны анхаарал татаж байна. Ямар нам байна, тийм төр засаг байна. Ямар төр засаг байна, улс орны амьдрал ажил, бодлого түүнээс онцгой хамааралтай. Ардчилсан Нам бол өнөөдрийн эрх баригчдаас ялгаатай, бас сайн өөдрөг шийдэл гаргаж чаддаг нам. Бид бүгд хариуцлага хүлээсэн хүмүүс. Ардчилал бол ухаан шаарддаг тогтолцоо. Ухаантай, хариуцлагатай байх цаг ирж байна.
Олон хүний хүсэж байгаагаар бол Украйны дайн өчигдөр зогсох байсан. Ардчилсан Нам ч адилхан олон хоногийн өмнө учраа олох байсан. Одоо цааш яах тухайгаа ярилцъя. Өнөөдрөөс бодит ажилдаа оръё. Замын зургаа гаргая, дүрэм журмаа тогтъё. Үзэл санаандаа нэгдэж асуудлын шийдлийг ярилцъя.
Иргэдийн орлого, хуримтлал шавхагдаж ядуурал аюул боллоо. Үүнийг бид ямар арга замаар яаж шийдэх вэ? Улс орны эдийн засаг сүүлийн 10 жил гаруй гацаж байна. Сүүлийн гурван жил, жил дараалан агшлаа. Яавал эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгож, бүтээмжийг нэмэх вэ! Төрийн хүнд суртал зардал, хулгай хориг замаа алдлаа. Яаж үүнийг шийдэх вэ!
Ардчилсан Намыг улс оронд шийдэх олон сорилт хүлээж байгаа. Хүнд итгэл төрүүлэхүйц, хүний ажил амьдралд наалдацтай, өгөөжтэй, үр дүнтэй шийдлийг бид олох ёстой. Бид олно. Бид бас хийж, хэрэгжүүлж чадна. Одоо ярилцахгүй бол, одоо эхлэхгүй бол, одоо хийхгүй бол оройтно.
Монголд үүлэн чөлөөний нар шиг боломж ховор тохиодог. Ховор тохиож байсан. Өнөөгийн хүндрэлийг боломж болгож, улс орноо өнгөтэй өөдтэй авч явах, бүтэн нэртэй болгох бүрэн боломж байна. Монголдоо ашигтай, ухаалаг уран бодлого, түүхэн шийдвэр гаргаж хэрэгжүүлэх цаг ирж байна.
Бид ингэж ярилцлаа. Хүний сэтгэл аугаа. Гэхдээ сэтгэлд нэг л ертөнц орших зай байдаг аж. Нэг л улирал орших. Өвөл байвал тэнд зун багтахгүй. Намар орсон бол тэнд хавар ирэхгүй. Нэгийг нь явуулж байж, нэгийг нь авч хаяж байж нөгөөд нь зай гарах юм. Учир нь сэтгэл нэг л эзэнтэй. Эзэн нь хүн Та өөрөө. Гомдол байвал, тэнд өөр юм багтахгүй. Гомдлоо гаргаж хаявал, сайн бодол, сайн харилцаа, сайн санаанд зай олддог юм. Бид үүнийг ярилцлаа. Ойлголцлоо.
Зовлон туулах, хэл ам зөрөх, асуудалтай байх бол өвчин биш. Харин ч тэр дундаас улам чангарч, сайн гарц шийдэл рүү бүгд тэмүүлдэг. Тэгж чадсан нэгний тухай ч яриа гарлаа. Еврей хүн аливаа бурууг эхлээд өөрөөсөө хайдаг. Бурууг өөрөөсөө хайсан, бурууг өөрөөсөө олсон тэр үед тухайн хүний урагшлах зам зөв болж нээгддэг. Еврей хүн нэгнээ муулахаас үргэлж зайлсхийдэг. Ялангуяа хувийн өс хонзонгоор, бусдын хатгаас шургаасаар. Үүнийг цээрлэдэг. Тийм нэгнийг бусад нь зүгээр л орхиод явдаг. Сургамжтай л юм.
Өнгөрсөн хугацаанд Ардчилсан Нам, манай гишүүд дэмжигчид олон зовлон бэрхшээл туулсан. Туулж байна. Зовлон үзсэн хүнээс ухаан гардаг. Тэр ухаан сургамж улмаар зам нь болдог. Ухаан, сургамжаар хучигдсан зам зөвд илүүд хөтөлдөг. Цааш хамтарч хийх ажлаа бид тохирлоо. Хэн юу хариуцахаа ч ярилаа. Зүгээр л - Би ингэж ажиллая. Чи ингэж ажилла. Болж байна уу, болж байна. Ийм л юм боллоо.
Ардчилсан Нам Монголоо үүрээд явах чадалтай гэдэгт эргэлзэх хүн гарсангүй. Өнөөдөр ч орон нутагт ачааны тэнгийн хүндийг үүрч байгааг бие биедээ санууллаа. АН-ын хагарал гэх зүйл толгойдоо, хуучин голлох хэдэн хүний хооронд, удирдах түвшинд л байгааг нүүр нүүрээ харж байгаад хэллээ. Бидний нөхөд ч үлгэр үзүүлж намаа эвлэтэл, нөхдөө ойлголцтол, хазайсан тугаа эгцэртэл зүтгэхэд сэтгэл бүрэн шулуудлаа.
Ирж амжаагүй, ирж чадаагүй нэгнээ тосож уулзахаар, бие биеээ угтаж алхахаар боллоо. “Би тэнд байх байсан юм. Эбэ надад яагаад хэлээгүй вэ” гэх хүн ч гарлаа. Газрын хол, усны урт, зай багтаамж, зар урилга хүрсэн хүрээгүй гээд олон юм бий. Өөрөө тэнд байгаагүй ч Монголоо гэсэн, ардчиллаа гэсэн, эв нэгдлээ гэсэн хүн бүрийн сэтгэл зүрх “Брюссельд” байсныг нэмж хэлье. Эбэ-д үг хаях биш байгаа суугаа газар бүртээ Эбэ байцгаа. Уулзацгаа, ярилцацгаа. Та чадна.
Би бас итгэлтэй байна. Монголын төлөө Ардчилсан Намын хувьд давж чадахгүй даваа гэж үгүй, хийж чадахгүй ажил гэж үгүй. Шантрах зовлон бэрхшээл гэж байхгүй болохыг бид улам сайн ойлгосон. Амжилт!
Монголын Цахиагийн ЭЛБЭГДОРЖ
2022.09.29
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?