Төв аймгийн нийт нутгийн 50 хувь нь зудтай байна

2016-01-20  

 

Улсын хэмжээнд цас зудын байдал хүндрээд байгаа энэ үед хамгийн олон сумтай Төв аймгийн өвөлжилт хир байгаа талаар Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, Хурандаа Н.Төмөрбаатараас тодрууллаа.

- Төв аймгийн хэмжээнд өнөөдрийн байлдаар өвөлжилт ямар байна?

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 20 -доор Улсын онцгой комиссоос бүх аймгийн өвөлжилтийн байдалд газар дээр нь үнэлгээ хийсэн. Тухайн үед Төв аймгийн 11 сум зудархуу гэж үнэлэгдэж байсан. Цаашид цас нэмж орвол зудтай гэж үнэлэгдэнэ гэсэн эрсдлийн үнэлгээг гаргаж байсан юм.  Яг өнөөдрийн байдлаар манай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 50 хувь нь зудын байдалтай байна.

- Аймгийн хэмжээнд нийт хичнээн толгой мал өвөлжилж байгаа вэ?

Манай аймаг хамгийн олон буюу 27 сумтай. Аймгийн хэмжээгээр энэ жил таван сая гаруй мал өвөлжиж байна. Зарим сумдад цас зудын байдал хүндэрч мал бэлчээрт гарах боломжгүй тэжээлийн байдалд шилжээд байгаа.

- Өвс тэжээлийн хомсдлоос гадна хүйтний улмаас малын өвчин гарах эрсдэл байгаа. Танай аймгийн тухайд малын өвчлөл гарч байна уу?

Өвс тэжээлийн дутагдалд орсон малын тамир тэнхээ муудаж дархлаа сулардаг. Энэ нь өвчлөл гарах шалтгаан болдог. Манай аймгийн тухайд Баяндэлгэр суманд малын цэцэг өвчин гарчихаад байна. Өвчлөл гарсан газар дээр аймгийн онцгой комисс, хөдөө аж ахуйн газар болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудын мэргэжилтнүүд ажиллаж байгаа.

 - Монгол улсын Засгийн газрын 480-р тогтоолын дагуу улсын нөөцөд 2011-2013 онуудад бэлтгэсэн өвсийг малчдад үнэгүй олгохоор шийдвэрлэсэн. Төв аймагт хичнээн тонн өвс хувиарлагдсан бол?

Манай аймагт засгийн газрын 480-р тогтоолын дагуу 100 тонн өвс хувиарлагдсан. Эхний ээлжинд цас зудын байдал хүндэрсэн урд талын таван сум болох Сэргэлэн, Баян, Баянцагаан, Алтанбулаг, Баянжаргалан суманд өвс хүргэх цуваа өнөөдөр хөдөллөө. Хэдийгээр Засгийн газраас малын өвс тэжээлийг боломжоороо, хөнгөлөлттэй өгч байгаа хэдий ч Төв аймгийн 27 суманд хуваарилбал маш бага хэмжээгээр ноогдох юм . Тухайлбал, нэг суманд 500 боодол өвс хуваарилагдана гэж үзвэл нэг өрхөд ганц хоёрхон л өвс ногдох юм. Иймд малчид зах зээл дэх өвс, тэжээлийн үнийг судлан өөрсдийн нөөц бололцоогоороо өвс тэжээлийн хангалтаа базааж өвлийг хохирол багатай давах шаардлага ч бас тулгарч байна. 

 

Сурвалжилсан : Л. Гантуяа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?