Д.БАЯРБОЛД : ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЭРСДЭЛ УЧРУУЛДАГГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮН ГЭЖ БАЙХГҮЙ

2016-10-25  

"Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх" төслийн багийнхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран "Бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай Европын холбооны эрх зүйн орчин" семинарыг өнөөдөр зохион байгууллаа. 

Семинарыг Монгол болон Европын холбооны улс орнуудын бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар туршлага солилцох, Европ стандартыг нэвтрүүлэх, Монголд бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуультай болох зорилгоор зохион байгуулж байгаа юм байна. 

Бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль эрх зүйн орчинтой болох нь тухайн оронд олон төрлийн, чанарын шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн орж ирэхээс сэргийлэх нэг арга зам болдог байна. Харин Монголд уг заалт байхгүй байгаа нь хаана үйлдвэрлэсэн, яаж хэрэглэх нь тодорхойгүй бараа бүтээгдэхүүнүүд орж ирэх нэг үндэс болж байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа. Уг семинартай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Баярболдоос зарим зүйлийг тодрууллаа.

Бүтээгдэхүүний аюулгүй байдал гэдэг нь юу вэ?

-Бүтээгдэхүүний аюулгүй байдал гэхээр одоо бидний хэрэглэж байгаа иддэгээс бусад бүх бүтээгдэхүүнүүд орж байгаа. Энэ бүтээгдэхүүн маань өөрсдийн онцлогоос хамаараад ямар нэгэн байдлаар хүний эрүүл мэндэд эрсдэл учруулж байдаг. Цахилгаан бараа бол тог цохих, багаж хэрэгсэл бол гар хуруугаа эсгэх гэх мэтчилэн олон эрсдэл байдаг.

Тэгэхээр  хэрэглэгч тухайн бүтээгдэхүүний ашиглалтын заавар, аюулгүй ажиллагааны заавартай танилцаад түүний дагуу хэрэглэх ёстой.

Өнөөдрийн хурлын гол санаа юу вэ?

-Энэ хурал дээр бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар голлон ярилцаж байна. Үүнээс Монголд хэрэгжүүлэх боломж хэр их байна. Ерөнхийдөө Европын холбооны улсуудаас бидэнд хийж байгаа мэдээллийг сонсохоор Монгол улс энэ хүнсний бус бараа бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдалд чиглэсэн эрх зүйн орчинг бий болгох шаардлагатай юм байна гэж харж байгаа.

Хүний эрүүл мэнд аюулгүй байдалд эрсдэл учруулдаггүй бүтээгдэхүүн гэж байхгүй. Хамгийн гол нь тухайн зах зээлд хэрэглэгдэж байгаа хүнсний бус бүтээгдэхүүндээ эрсдэлийн үнэлгээ хийж хүний эрүүл мэндэд аюултай эрсдэл өндөртэй бүтээгдэхүүн рүүгээ чиглэж ажиллана гэсэн чиг үүргийг өгч байгаа.

Хамгийн гол анхаарал хандуулж байгаа бараа, бүтээгдэхүүн юу байна ?

Хамгийн гол нь хүүхдийн тоглоом. Хүүхэд өөрөө бие махбодын хувьд бүрэн бойжиж хөгжөөгүй мөн дархлааны систем нь бүрэн хөгжөөгүй байдаг учраас аливаа гадны нөлөөлөлд маш өртөмтгий байдаг. Тиймээс хүүхдийн тоглоом нэгдүгээрт ямар нэгэн химийн хортой бодис агуулаагүй, хоёрдугаарт тухайн хүүхдийн нас биеийн онцлогт тохирсон, гуравдугаарт дуу чимээний хувьд хүүхдэд ачаалал өгөхгүй байх гэсэн шалгуур стандарттай.

Хүүхдийн тоглоомын хэдэн хувь нь эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүнүүд байгаа вэ?

Энэ жил мэргэжлийн хяналтын газар ийм төрлийн судалгаа хийж байгаа. Харин урьд жилүүдэд эрүүл мэндийн газрын хийсэн судалгаагаар зах зээлд байгаа хүүхдийн тоглоомын 20 хувь нь хүүхдийн эрүүл мэндэд хортой тоглоом байна гэсэн судалгаа гарсан. Бид цаашдаа орж ирж байгаа бүх бараануудаас дээж авч шалгадаг болох зорилготой байгаа.

Иргэдийн зүгээс юуг анхаарвал зохих вэ? 

-Иргэд өөрсдөө бүтээгдэхүүнийхээ ашиглалтын заавартай танилцах хэрэгтэй. Өөрсдөө буруу ашигласнаас болж гэмтэж бэртэх асуудал их гарж байгаа.

Жишээ нь : Хүмүүс хятадын халуун тогоог буруу ашигладаг. ГССҮТ-д ирж байгаа хүүхдүүдийн 80 хувь нь түлэгдсэнээс болж ирж байгаа. Харин тэр хүүхдүүдийн 80 хувь нь халуун тогооноос болж түлэгдсэн хүүхдүүд байдаг.

Мөн Хятад мотоцикл байна. Өнгөрсөн онд гэхэд үүнтэй холбоотойгоор 300 гаруй хүний амь нас эрсдсэн.

Мэдээж монголд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг шалгадаг газар байхгүй учраас тухайн хэрэгслийг жолоодож явсан хүний буруу болоод л дуусч байгаа. Тиймээс бид бүтээгдэхүүний аюулгүй байдлыг ярих цаг болсон гэж бодож байна.

Бид энэ эрсдлийг бууруулахын тулд юу хийх ёстой вэ?

Хамгийн түрүүнд бид хууль эрх зүйн орчныг бий болгох ёстой. Мөн хяналтыг бий болгох хэрэгтэй тэгэхээр өнөөдрийн семинарын гол зорилго нь бид хуультай болох явдал юм. Хүнсний бус бараа бүтээгдэхүүнийхээ стандартыг гаргах ёстой юм байна гэсэн шийдэлд хүрэхийг зорьж байна. Европын холбооны улсаас дэмжлэгтэйгээр манай мэргэжлийн хяналтын газар, шадар сайдын албанаас бүтээгдэхүүний тухай хуулийг санаачилж гаргах чигтэй ажиллаж байна.

Энэ төслийг хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн бэ. Ямар ямар үйл ажиллагааг явуулж байна?

Төсөл хэрэгжээд 2 жил болж байна. Мэргэжлийн хяналтын газрын зүгээс байцаагч нарыг сургах сургалтыг хийсэн. Одоо бидэнд гартаа барьдаг хууль эрх зүйн орчин хэрэгтэй байна.

 
Танайд байгууллагад ирж байгаа гомдлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

Хэрэв манай чиг үүрэгт хамаарах бүтээгдэхүүн болон зөрчил байвал бид хүлээж авч шалгаад эргээд хариу өгдөг. Тухайн бүтээгдэхүүн хүний биед хортой нь тогтоогдох юм бол устгалд оруулах хүртэл арга хэмжээ авдаг.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?