САНСАР СУДЛАЛЫН МУЗЕЙД ЮРИЙ ГАГАРИНЫ ХӨШӨӨГ БОСГОНО

2016-03-21  

Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ой маргааш тохионо. Түүхэн ойн хүрээнд олон ажил зохион байгуулж буйн нэг нь өчигдөр Буянт-Ухаа спорт цогцолборт болсон “Сансрын нэг өдөр” шинжлэх ухаан, танин мэдэхүйн арга хэмжээ байлаа.

 

 

 

 

 

 

 

 

Буянт-Ухаа спорт ордны нэгдүгээр давхарт Цаасан онгоцны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн явагдаж, харин хоёрдугаар давхарт оюутан сурагчид өөрсдийн бүтээлээ толилуулж, 20 өртөө болжээ. Өртөө тус бүр өөрсдийн гэсэн онцлогтой. Бүтээл бүр тоглоомын арга дээр тулгуурлаж, шинжлэх ухаан болон сансар судлалыг хол зүйл биш маш энгийн гэдгийг ойлгуулж, хүүхдүүдэд хүсэл тэмүүллийг бий болгох зорилго агуулжээ. Жишээ нь ундааны бөглөө, хаягдал гялгар уутыг ашиглаад шүхрийн зарчмыг тайлбарлаж байлаа.

 

 

 

 

 

 

 

 

Монголд анх удаа зохион байгуулж буй Цаасан онгоцны улсын аварга шалгаруулах тэмцээнийг “Дүдү” боловсрол сангаас санаачилжээ.

Тус сангийн тэргүүн Д.Мөнхтулга “Хүүхдүүд зүгээр нэг цаас нугалаад шидэж байгаа боловч татах хүч, түлхэх хүч, зүтгэх хүч, эсэргүүцэх хүчийг тэнцвэртэй байлгаснаар онгоцоо агаарт удаан хугацаагаар тогтоож болдог гэдгийг тоглох явцдаа ойлгож байгаа юм” гэлээ.

Тус тэмцээнд нас насны ангилалд 500 гаруй хүмүүс оролцож аваргуудаа тодруулсан.

 

 

 

 

 

 

 

 

Мөн энэ үеэр Монгол Улс, ЗХУ-ын баатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа тэргүүтэй хүмүүс хэвлэлийн бага хурал хийж, 3 дугаар сарын 22-нд болох Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ой, ирэх дөрөвдүгээр сарын 12-нд тохиох хүн анх сансарт ниссэний 55 жилийн ойг угтан зохион байгууллахаар төлөвлөсөн ажлаа танилцуулав.

Маргааш буюу гуравдугаар сарын 22-нд Унгар Монголын хамтран техникийн үзэсгэлэн, Астропаркийн нээлттэй өдөрлөгийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Астропаркад зохион байгуулахаар болжээ. Дөрөвдүгээр сард түүхэн ойн нэрэмжит “футзал”-ийн цомын төлөө тэмцээн, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд асфальт дээрх зургийн уралдааныг тус тус зохион явуулахаар төлөвлөсөн байна. Харин ирэх зургадугаар сард ОХУ болон Интеркосмос хөтөлбөрт оролцсон орнуудын сансрын нисгэгч нар Монгол улсад зочлон ирэх бөгөөд энэ үеэр сансар судлалын музейд Юрий Гагарины хөшөөг нээх нээлтийн ажиллагаа болох юм байна.

Ж. ГҮРРАГЧАА : ТӨР ЗАСАГ ГЭЖ ХАРАЛГҮЙГЭЭР БИД АНХНЫ АЛХАМАА ХИЙЖ БАЙХ НЬ ЗӨВ

-Бид түүхэн ойг угтаж олон ажлыг хийж байна. МУИС, ШУА-ын хүрээлэнгүүд, Монгол орос найрамдлын нийгэмлэг, Физик одон орон судалгааны хүрээлэн хамтарч Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ойг тохиолдуулсан эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Манай эрдэмтэн мэргэжилтнүүд сүүлийн 20-30 жилийн хугацаанд сансар судлалын салбарт олсон ололт амжилт, өнөөдрийн хийж байгаа ажлаа тодорхой танилцуулсан үр дүнтэй хурал болсон. Хүний хүсэл мөрөөдөл хязгаар байдаггүйтэй ижил сансрын судалгаанд хугацаа хязгаар тавихад хэцүү болжээ.

-Цаашид олон улсын сансар судлалын үйл ажиллагаанд монгол орны гүйцэтгэх үүрэг юу байх вэ?

-Монголчууд өөрийн гэсэн судалгаануудыг сансрын тойрог замд хийх хэрэгтэй юм. Тийм учраас манай эрдэмтэд, шинжлэх ухааны байгууллагууд хүч бололцоогоо нэгтгэж Монголын гэсэн хөтөлбөрийг бий болгох. Энэ хөтөлбөрийнхөө хүрээнд тодорхой цаг хугацаатайгаар тавьсан зорилтуудаа хэрэгжүүлж, байгаа бололцоогоо өргөн ашиглах нь зүйтэй. БНХАУ-тай хамтраад судалгааны ажил явуулж болж байна. Бололцоо боломж өргөн болж. Хамгийн гол нь бид санаачлага гаргах нөгөөтэйгүүр сансар судлалын талаар төрөөс баримтлах бодлого дутагдаж байна. Сансрын судлал гэдэг их хөрөнгө, оюуны чадавхи шаардсан ажил. Гэхдээ бид төр засгийг хараад суухгүй анхны алхамуудаа хийгээд явах нь зөв юм. 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?