ТӨВ АЙМАГТАЙ ХАРИЛЦААТАЙ ТОТТОРИ МУЖИЙН ЕНАГО ХОТНОО

2023-04-04  

ЭНД дарж өмнөх нийтлэлийг уншина уу!

   

Тоттори мужийн Ёнаго хотод оройхондоо ирж хотын төвийн дөрвөн одын зэрэглэлтэй ANA CROWN PLAZA гэх есөн давхар зочид буудалд байрлацгаав. Тоттори мужийг манайхан бас ч гэж мэдэх юм. Төв аймагтай ойр дотно харилцаатай муж юм байна. Нийгмийн эрүүл мэнд, урлаг соёлын харилцаагаа энэ мужтай түлхүү хөгжүүлж буй мэдээлэл байх юм. Төв аймгийн эмч нар Тоттори мужийн зарим хотын эмнэлэгт ажиллаж туршлага судлаж япон эмч нар Зуунмод хот, Батсүмбэр сумын эмнэлэгт ажиллаж сургалт явуулж, ерөнхий боловсролын сургуулиудад эмч нарын үзлэг хийж байж. Энэ мужийн зарим хот, тэр дундаа Ёнаго хотын зарим сургуулийн сурагчид Төв аймгийн соёлын ордон, клубынхний дэмжлэгтэйгээр морин хуур сурцгааж байгаа аж. Гэрэл зурагтай ийм мэдээлэл мужийн захиргааны цахим хуудсанд тавигдсан байна лээ. Сүмогийн Ёкүзона Тэрүнофүжи Ган-Эрдэнэ энэ мужийн Тоттори Жёохокү ахлах сургуулийг төгссөн гэнэ. Гурван жилийн өмнө Фүкүокагийн Кюүшү башёд түрүүлэхэд нь Тэрүнофүжи аваргад “Тоттори мужийн хүндэт” иргэн цол олгосон аж. Мужийн нэр хүндийг өндөрт өргөж алдаршуулсан хүмүүст энэ цолыг олгодог юм байна. Тоторри муж Монголчууд бидний харилцаа холбоо нэг иймэрхүү. Ёнаго нь тус мужийн арваад хотын нэг, Япон тэнгисийн эрэгт байрладаг аялал жуулчлал, үйлчилгээний салбар илүүтэй хөгжсөн цэцэг навч, мод ногоо болсон эко хот юм. Өвлийн 12 дугаар сар дундаа орж буй хэдий ч нэмэх 10 хэмтэй манайхны намрын налгар сайхан өдөр л энд биднийг угтаж байх. Хүн ам нь 150 мянга орчим гэнэ. Нийт ажиллагсадынх нь 70 хувь нь үйлчилгээний салбарт ажилладаг аж. Дэлхийд хэмжээ дамжаагаараа гуравт эрэмбэлэгддэг цаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Oji Paper” хэмээх үйлдвэр энэ хотод үйл ажиллагаагаа явуулдаг гэх мэдээлэл цахимд байна лээ. Мөн японы Sharp телевизорын үйлдвэр энэ хотод бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж дэлхийн олон оронд экспортлодог гэнэ. Ёнаго хот усны шувуудын цэцэрлэгт хүрээлэнгээрээ алдартай аж. Энэ нь дэлхийн шувуу хамгааллын Рамсарын конвенцид орсон Накаүми нуурын нэг хэсэг бөгөөд усны шувуудын дархан цаазат газар юм байна. Энд тундрын хун, хөх дэглий, тураг гогой, нугас, галуу, хурган шунгуур зэрэг олон төрлийн усны шувуу цуглардаг аж. Манай аялан тоглолтын баг оройхондоо энд хүрэлцэн ирсэн тул аян замын алжаал тайлж эртхэн амарцгаав. Маргааш буюу, 12 дугаар сарын 16-ны өдрийн Баасан гаригийн орой 18 цагаас тус хотын соёлын төв, Кадобан театрт ээлжит тоглолтоо хийх хувиартай байв. Аялан тоглолтын ахлагч Сато Норико сан Морин хуурын чуулгынхнаа хүндэтгэж 16-ны өдөр нь зочид буудлын рестораны тусгай танхимд үдийн зоог барилаа. Энэ удаагийн аялан тоглолт амжилттай үргэлжилж буйд сэтгэл ханамжтай байгаагаа тэрээр илэрхийлж буй нь энэ аж. Морин хуурын чуулгынхны өөрт нь тусгайлан захиалж “Говь” комбинатын ноолуурын үйлдвэрээр хийлгэсэн Морин хуурын эмблемтэй пашмин хэмээх нарийн ноолууран алчуураар гоёж танхим дундуур алхаж “Моод” үзүүлэн талархаж байлаа.

Үдийн зоогийн дараа аялан тоглолтын багийнхан оройн тоглолт хийх театртаа очиж бэлтгэлээ хийцгээлээ. Театр ч зочид буудлаас холгүй юм.         

 Ёнаго хотын соёлын төв, тоглолт болох театр, гадаа нь манай багийн хоёр унаа

“Цэцэгт нуурын хөвөөнд” бүтээлийн хөгжимчид бэлтгэлээ хангаж буй нь

Дуурийн гоцлооч, Баритон Б.Монголхүү, төгөлдөр хуурч Э.Намуун сургуулилтдаа

Морин хуур урлаач П.Байгальжав их хуурч Л.Болормаагийн хуурыг “эмчлэв”

Хөгжмийн эвдрэл гэмтэл засах нь концертын бэлтгэл ажлын бас нэг хэсэг юм. Морин хуур урладаг  “Эгшиглэн” ХХК-ийн Захирал, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн П.Байгальжав энэ ажлыг хариуцан гүйцэтгэж явав. Тоглолтын бус үед ч буудлын өрөөнд хөгжимчид засаж янзлуулах хуураа бариад ороод ирэх тохиол байсныг өрөөний хөршийн хувьд би мэддэг байв. “Эгшиглэн”-чүүд Японы Нара мужийн Каваками тосгоны Ёшино уулын нарс модоор хоёр хуур урласаныг нь гоцлол морин хуурч Р.Амарбаяр концерт бүрт эгшиглүүлж явсан. Токио хотноо NHK танхимд Эзэн хааны сонорт тэр хуураар ая дуу хүргэснийг нь ч миний бие өмнөх нийтлэлийнхээ нэгэнд дурдаж байсан даа. Эдний компани монголын хот хөдөөгийн театр, сургууль соёлын төвүүдэд эгшиглэж буй морин хуурын дал гаруй хувийг үйлдвэрлэсэн тооцоотой байдаг гэсэн. Зөвхөн морин хуур гэлтгүй хөгжмийн бусад зэмсгийг ч бас урлаж  үйлдвэрлэдэг гэх юм билээ энэ “Эгшиглэн” ХХК. Чуулгынхан бэлтгэлээ хийж дууссаны дараа товлосон цагтаа концерт эхэллээ. Ёнаго хотын энэ Кадобан театр 2004 суудалтай аж. Концертын хөтөлбөрт ямар нэг онцгой өөрчлөлт орсонгүй энгийн талдаа. Тоглолтын эхэнд театрын захирал, Ёнаго хотын Соёлын фондын тэргүүлэгч Сугихара Коичири сан     

төрөлх хотод нь Монголын Морин хуурын чуулгын тоглолт зохион байгуулж үзэгчдийг монголын соёл урлагтай ойр дөт танилцуулж буйд Сато Норико санд талархал илэрхийлж уулзалт хийв.

Ингээд л Монгол улсын гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар “Урьхан хонгор салхи” уртын дуугаа уянгалуулж, Дуурийн гоцлол дуучин, баритон Б.Монголхүү, сопрано Б.Энхнаран нар “Наран мэлмийт эх орон”, Монголын тал нутаг” сонгодог дуунуудаа дуулсан концерт эхлэж, улмаар алдарт Н.Жанцанноров, Б.Шарав, Ж.Чулуун, Ш.Өлзийбаяр, Б.Чинбат нарын хөгжмийн сод бүтээлүүд эгшиглэсэн концерт үргэлжлэв. Мэдээж дуурийн хоёр гоцлооч маань япон үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөдөг “Цуки но сабаки”, “Ханава Саку” гэх япон дуунуудаа дуулж нижигнэсэн алга ташилтаар мялаалгалаа. Концертын төгсгөлд үзэгчдийн хүсэлтээр өмнөх бүх концертод дахиулж байсан “Фүрүсато” буюу “Нутаг минь” хэмээх япон дууг Монголын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, баритон Б.Монголхүү, сопрано Б.Энхнаран нар дуулав. Японы алдартай зуун дууны нэг гэгддэг :

“Чандага хөөсөн тэр л толгод

Жараахай цулбуурдсан энэ л гол

Одоо ч сэтгэлд минь тодхон

Хэзээ ч үл мартам нутаг минь

       Амар мэнд суугаа болов уу аав ээж минь

       Ажил алба нь сайн биз дээ анд нөхөд минь

      Бороонд салхинд ч

      Бодогдсоор л байх юм төрсөн нутаг минь...

хэмээн дуулагддаг энэ дуу их хотын ч бай, хөдөө тосгоны ч бай бүх үзэгчдэд таалагддаг тийм дуу юм билээ. Нутаг нугаа орхиод хот газар суурьшсан тийм хүмүүсийн сэтгэл зүрхийг бүр ч илүүтэй хөдөлгөж хөвсөлзүүлдэг биз. Нүдэндээ нулимастай алга ташиж буй үзэгчид аль ч театрт олон байсан. Энэ Ёнога хотод ч бас. Үлдсэн хоёр тоглолт болох Фүжи уулын хаяа Шизүока мужийн Яйзү хот, Токио хотын Хачиожи дүүргийн “Жи Ком” танхимд ч мөн ийм л байх буй заа.

Үргэлжлэл бий

Д.Цэдэн-Иш. Тоторри муж, Ёнога хот.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?