ОРОСУУД АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХОМСДОЛД ОРЖЭЭ

2024-05-09  

Bloomberg “ОХУ- ын Украины дайныг санхүүжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг Оросын газрын тос, байгалийн хийн салбар ажиллах хүчний хомсдолд ороод байна” гэж мэдээлэв. Москвад төвтэй “Deloitte” судалгааны төв Оросын газрын тос, байгалийн хийн салбарт энэ жил 40,000 ажилтан дутагдалтай байгааг тооцон гаргажээ.

Нефть, байгалийн хийн салбар эрчим хүчний компаниуд, зэвсгийн үйлдвэрүүдийн ажилд зуучлагчид болон Оросын армийн хооронд ажиллах хүчний төлөө өрсөлдөх шаардлагатай болоод байгааг энэ оны эхний хоёр саын ОХУ-ын статистикийн албаны мэдээллээс иш татан Bloomberg онцолжээ. Газрын тос, байгалийн хийн салбарын нэрлэсэн цалин дунджаар 125,200 рубль байсан нь саяхан болтол Оросын хамгийн өндөр цалинтай цалингийн нэг болж байв. Гэсэн хэдий ч энэ цалин нь Оросын армийн гэрээт цэргүүдэд санал болгож буй цалинтай өрсөлдөх боломжгүй болсон гэж тус агентлаг тэмдэглэсэн байна.

Украины эсрэг дайнд оролцох гэрээнд гарын үсэг зурсны төлбөр нь зарим бүс нутагт нэг сая рубльд хүрч байгаа нь газрын тос, байгалийн хийн салбарт ажилладаг ажилчдын жилийн дундаж цалинтай бараг тэнцэж байна гэж Bloomberg бичжээ.

Их Британийн Батлан хамгаалах яамны тооцоолсноор Оросын 450,000 гаруй цэрэг алагдаж, шархадаад байгаа учир Украинд байлдахыг хүсэхгүй байгаа хэсэг нь харин зэвсгийн үйлдвэрт ажиллах боломжтой болсон байна. Тухайлбал, өнгөрсөн онд Оросын төрийн корпорац болох “Ростек” ажилчдынхаа цалинг дунджаар 17.2 хувиар нэмсэн бөгөөд гүйцэтгэх захирал Сергей Чемезов нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд үйлдвэрлэл амралтын өдрүүд, баяр ёслол, шөнийн цагаар ч үргэлжилдэг гэж мэдэгдэж байсныг Bloomberg дурдсан байна.

Орос ажиллах хүчний хомсдолд орсонд сүүлийн 20 жилд төрөлт эрчимтэй буурч, олон чадвартай иргэд гадаадад цагаачлан гарч буй явдал мөн нөлөөлсөн байна. Өнгөрсөн оны сүүлчээр ОХУ-ын ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн шинжээчид энэ онд Орост таван сая шахам ажлын байрны хомсдол бий болж, нийт ажиллах хүч 74 сая хүрэхгүй болно тооцоолж байсан нь биелэгдэж тус улсын эдийн засгийн өсөлтөд хэдийнэ саад болж эхэлсэн байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?