Вьетнамын парламент даваа гарагт армийн генерал Луонг Куонгийг тус улсын шинэ Ерөнхийлөгчөөр томиллоо.
Өдгөө 67 настай Л.Куонг нь Ерөнхийлөгч То Ламын халааг авч байгаа юм. То Лам энэ оны тавдугаар сард улс төрийн нэг намын тогтолцоотой тус улсын Ерөнхийлөгчөөр томилогдож, долоодугаар сард Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонгийг нас барсны дараа намын даргын илүү нөлөө бүхий албан тушаалыг хүлээн авсан юм.
Л.Куонг даваа гарагт болсон парламентын хуралдаанд оролцсон бүх 440 депутатын саналаар сонгогдсон байна. Тэрбээр төрийн тэргүүнээр томилогдсоны дараа хэлсэн үгэндээ батлан хамгаалах чадавхыг бэхжүүлж, бие даасан, олон талт гадаад бодлого баримтална гэж мэдэгджээ. Мөн үндэсний батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах чадавхыг бэхжүүлж, хувьсгалч, сайтар бэлтгэгдсэн, авхаалж самбаатай, орчин үеийн армийг цогцлооно хэмээн амласан байна.
Вьетнам улс нь зэр зэвсгийн нөөцөө Орост голчлон үйлдвэрлэсэн зэвсгүүдээс төрөлжүүлэхийг эрэлхийлсээр ирсэн боловч сүүлийн жилүүдэд дорвитой гэрээ хэлцэл хийгээгүй байна. Сонгуулийн өмнө Л.Куонг Коммунист намын нарийн бичгийн дарга нарын газарт гол албан тушаалыг хашиж байсан нь намын дарга, ерөнхийлөгч, ерөнхий сайд, парламентын даргын дараа тавд орох өндөр албан тушаал байв. Тэрбээр мөн намын шийдвэр гаргах дээд байгууллага болох Улс төрийн товчооны гишүүн юм.
Вьетнам улсын 0рөнхийлөгч нь шууд эрх мэдэл багатай боловч гадаадын өндөр түвшний уулзалтад улс орноо төлөөлөн оролцдог. То Лам ерөнхийлөгчийн албыг богино хугацаанд хашихдаа Хятад, Орос, АНУ зэрэг бусад орны удирдагчидтай уулзсан байна.