МУИС 2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙГ “БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАЛАА

2017-09-04  

МУИС-ийн 75 дах удаагийн хичээлийн шинэ жилийн  нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Хичээлийн жилийн нээлтийн ёслолын арга хэмжээнд МУИС-ийн захирал доктор Я.Төмөрбаатар, БСШУСЯ-ын сайд Г.Чулуунбаатар, Монгол Улсын Ардын багш Ш.Чоймаа багш болоод МУИС-ийн удирдлагууд оролцож оюутнуудад баяр хүргэж сурлагын амжилт хүсэн ерөөв.

Хичээлийн шинэ жилийн үйл ажиллагааг нээж, МУИС-ийн захирал доктор Я.Төмөрбаатар хэлэхдээ:

Монгол улсад дээд боловсролын тогтолцоо, МУИС үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой энэ жил тохиож бид 75 дахь шинэ хичээлийн жилийн хонхоо цохиж байна. Өнгөрсөн хичээлийн жилд манай эрдмийн хамт олон сургалт, эрдэм шинжилгээ, судалгаандаа олон сайхан амжилтуудыг гаргаж ололт амжилтын түүхээ зузаатгаж чадлаа.

Өнөөдөр дэлхий нийтээрээ боловсролын талаарх ойлголт, боловсролын байгууллагад тавигдах шаардлагаа өөрчилж, хөгжлийн эрэлтэд нийцсэн шинэ стандарт, арга барил, олон талт үйл ажиллагааг явуулахыг эрхэмлэдэг болсон байна. Нэн ялангуяа мэдлэг, инновацид суурилсан хөгжлийг бий болгоход их, дээд сургуулиудын үүрэг оролцоо улам нэмэгдэж байна. Их сургуулиуд сургалт-эрдэм шинжилгээнээс, сургалт-эрдэм шинжилгээ-технологид чиглэсэн үйл ажиллагааны хэв маяг руу шилжиж инноваци бүтээдэг, дамжуулдаг мэдлэгийн төв болон хувирч байна. Энэ бүгдийг бүтээгч нь сайн эрдэмтэн, сайн багш, сайн суралцагч билээ.

ЮНЕСКО-оос мэдлэгт суурилсан нийгэмд мэргэжлийн үйл ажиллагааны гол асуудлууд нь багш нарын ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд анхаарах явдал гэдгийг онцлон тэмдэглээд шаардлага хангасан багш нарыг бэлтгэх,  тоог нэмэгдүүлэхийг дэлхийн хөгжиж буй орнуудад уриалсаар байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас 2017-2018 оны хичээлийн жилийг бүх шатны боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, багшийн хөгжлийг бүх талаар дэмжих жил болгон зарлалаа. Бид ч энэ бодлогын хүрээнд энэ хичээлийн жилийг “Багшийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, багшаа дэмжсэн олон талт үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх болно хэмээв.

Мөн БСШУСЯ-ны сайд Г.Чулуунбаатар нээлтийн үеэр хэлсэн үгэндээ: 

2017-2018 оны хичээлийн жилийн боловсролын эрх зүйн зохицуулалтыг төгөлдөржүүлэх, сургалтын агуулга, арга зүйг суралцагчдад мэдлэгт суурилсан цогц чадамж эзэмшүүлэх чиглэлээр боловсронгуй болгох, багшийн хөгжлийг бүх талаар дэмжих, сургалтын орчныг    сайжруулах, их сургуулиудын судалгаа, шинжилгээний ажлын чадамжийг нэмэгдүүлэх замаар боловсролын чанарт бодиттой ахиц гаргахад чиглэгдэх болно.

  • Тогтвортой хэрэгжих бодлогын чиглэлийг нарийвчилна.Өнгөрсөн хорь гаруй жилд боловсролын салбарт хийсэн шинэчлэл, хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг шинжлэн дүгнэж, туршлага, сургамжид тулгуурлан эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, сургалтын үйл ажиллагааны удирдамжийн баримт бичгүүдийг цэгцлэн нэг мөр ойлгомжтой болгоно
  • Багшийн хөгжилд суурилсан тогтолцооны шинэчлэл хийнэ. “Улсын хөгжил хүнээс, хүний хөгжил багшаас” уриан дор багшийн хөгжлийг дэмжих, багш мэрэгжлийн үнэ хүнд, багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэхэд төр засгаас анхаарахын зэрэгцээ, эцэг эхчүүд, байгууллага, иргэдийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлж, 2018 оныг “багшийн жил” болгон зохион байгуулна хэмээв.

Түүнчлэн МУИС-ийн захирал хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан жил бүр шинжлэх ухааны нээлт, эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд өөрийн нэрэмжит шагнал олгодог уламжлалтай. Энэ жилийн захирлын нэрэмжит шагналыг Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхмийн багш М.Цогбадрах “Cellular Membrane Composition Requirement by Antimicrobial and Anticancer Peptide GA-K4 ” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг бүтээлээр энэхүү шагналыг хүртэж байгаа юм.

2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр уламжлал болгон МУИС-ийн удирдлагууд урлаг спорт, авьяас, сурлага хөдөлмөрөөрөө бусдыгаа тэргүүлсэн, шинээр элссэн Улсын олимпиадад эхний байр эзэлсэн оюутнуудад “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг”олгож хичээл сурлагад нь амжилт хүсэж тэтгэлэгийг гардуулан өглөө.

 

 

ЭХ СУРВАЛЖ:МУИС

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?