“ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ”-Д АЖИЛЛАХ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2017-12-14  

Ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Тус хуулиар төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих чиглэл, төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтны бүрэн эрх, чиг үүргийг тодорхойлсон байдаг. Мөн тус хуульд “Орон нутагт залуучуудад зориулсан нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх залуучуудын хөгжлийн төвтэй байна” хэмээн заасан. Одоогийн байдлаар манай улсад 11 аймаг, гурван дүүрэг, хоёр суманд “Залуучуудын хөгжил 2013-2017” төслийн хүрээнд байгуулсан “Залуучуудын хөгжлийг дэмжих төв” ажиллаж байна.

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор хуулийг дагаж гарах дүрэм, журам, хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д заасан “Залуучуудын хөгжлийн төв”-ийн шинэчилсэн дүрэм, үйл ажиллагааны үндсэн чиглэл, залуучуудын нэгдсэн мэдээллийн сангийн талаар танилцуулах, “Залуучуудын хөгжил 2013-2017” төслийн хүрээнд байгуулсан “Залуучуудын хөгжлийн төв”-ийн үйл ажиллагааны сайн туршлагыг солилцох, үлдсэн аймаг, дүүрэгт байгуулагдах төвүүдэд ажиллах болон одоо ажиллаж байгаа ажилтнуудад төрийн албанд ажиллахад  шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгох, чадавхжуулах шаардлага тулгараад байгаа юм.

Үүнтэй холбогдуулан ХНХЯ, ГБХЗХГ, ГБХЗХГ-ын харьяа Сургалт, судалгаа, мэдээллийн төв, Залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ хамтран зохион байгуулж буй залуучуудын асуудлаар үүрэг хүлээгчдэд зориулсан сургалт өнөөдөр эхэллээ.  Уг сургалтыг НҮБ-ын Хүн амын хөгжлийн сан, Щвейцарийн хөгжлийн агентлаг, Лексенбургийн Засгийн газар дэмжин ажиллаж байна.

Тус сургалт нь залуучуудын асуудлаар үүрэг хүлээгчдэд залуучуудын хөгжлийг дэмжих бодлого, хөтөлбөрийн талаар нэгдсэн ойлголт өгч, арга зүйн чиглэл өгөх зорилготой юм.

Сургалтаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангах, залуучуудын мэдээллийн нэгдсэн санг бий болгох, Залуучуудын хөгжлийн төвийн шинэчилсэн дүрэм, цаашдын үйл ажиллагаа стратегийн чиглэлийн талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг хийнэ.

Мөн шинээр 10 аймаг, 6 дүүрэгт байгуулах Залуучуудын хөгжлийн төвийн ажлыг хэрхэн зохион байгуулах талаархи арга зүй, бодлого чиглэлээ ярилцав.

Сургалт энэ сарын 14 хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр орон нутаг дахь -Залуучуудын хөгжлийн төв”-ийн үйл ажиллагааны талаар залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй цөөн хором ярилцлаа.

Э.Золжаргал : “Залуучуудын хөгжлийн төв”-өөс орон нутгийнхаа манлайлагч 50 залууг тодруулна

/Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нийгмийн ажилтан/

-Дорнод аймгийн Залуучуудын хөгжлийн төвөөс арваннэгдүгээр сард “Шинэ үеийн илгээлт” гэсэн үйл  ажиллагааг Халх гол сумандаа зохион байгууллаа. Тодруулбал, малчин залуучуудад нэг цэгийн үйлчилгээ үзүүлсэн. Алслагдсан сумдад үсчин ховор байдаг. Тиймээс аймгийнхаа мэргэжлийн үсчдийг авч очин малчин залуучуудын үсийг үнэ төлбөргүйгээр засаж өгөх, төрийн албан хаагч залууст зориулж компьютерийн сургалт явуулах гэх мэтчилэн үйлчилгээг үзүүлсэн. Мөн энэ сардаа багтаад манлайлагч 50 залууг тодруулах “Бид Дорнодын залуус” үйл ажиллагааг зохион байгуулахаар ажиллаж байна. Дорнод их сургууль, МСҮТ, Политехникийн коллежийн оюутнуудын төлөөллийг мэтгэлцээн, илтгэлийн сургалтад хамруулсан. Ер нь дорнод аймаг нийт 74 мянган хүн амтай. Үүний 21 мянга буюу 36.5 хувийг залуучууд эзэлдэг. Үүнтэй холбогдуулан хүн амын багагүй хувийг эзэлж буй залуучууд руу чиглэсэн ажлыг зохион байгуулдаг.

Г.Сүх-Очир : Хөвсгөл аймгийн Залуучуудын хөгжлийн төв 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс ажиллана

/Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн/

-Хөвсгөл аймаг нийт 129555 хүн амтай. 2016 оны судалгаанаас харахад, үүний 37825 нь 18-35 насны залуучууд гэсэн статистик баримт байдаг. Аймгийн төвд 15 мянга гаруй, хөдөө сумдад 22 мянган залуучууд амьдардаг. Хөвсгөл аймаг өнгөрсөн оны төсвийн хөрөнгөөр “Хүүхдийн ордон” барьсан. Энэ ордонг түшиглэж, Залуучуудын хөгжлийн төвийг байгуулна. Өөрөөр хэлбэл, Залуучуудын хөгжлийн төв байгуулахад шаардлагатай анги, танхим бэлэн байгаа гэсэн үг. Хөвсгөл аймаг иргэний нийгмийн болон залуучуудын байгууллагыг ашиглан нөлөөллийн ажлыг их хийдэг. Сүүлийн жилүүдэд олон улсын тэмдэглэлт өдрүүдийг залуучуудтай тэмдэглэдэг. Мөн Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас аймгийн Засаг даргаараа албан даалгавар гаргуулаад сар бүрийн 11-нд “Залуучууд, хүүхдүүдийг сонсох өдөр” болгосон. Бид сумын Засаг дарга нар болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран төрийн албан хаагч, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч гэх мэтчилэн бүхий л залуучууд руу чиглэсэн нөлөөллийг ажлыг хийгээд байна.  Манай аймгийн Залуучуудын хөгжлийн төв 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс ажиллаж эхэлнэ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?