ГУРВАН ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭДЭГ ЕБС-ИЙН БАГШ, АЖИЛЧДАД НЭМЭГДЭЛ УРАМШУУЛАЛ ОЛГОНО

2017-12-20  

Нийслэлд  гурван ээл­жээр хичээллэдэг 20 сургууль байдаг. Эдгээр сургуульд нийт  6154 сурагч хичээллэдэг. Хичээл нь өдөр 15:00-16:00 цагийн хооронд ордог, орой, 19:00-20:00 цагт тардаг. Үүнээс болж харих замдаа зам тээврийн осолд өртөх, сургуулийн ойр орчмын гэрэлтүүлэг муугаас байнга айдастай явдаг. Нийтийн тээврийн хэрэгслээр явдаг сурагчдын хувьд автобуснууд буудлаа зарладаггүйгээс болж, буруу буудал дээр бууж төөрөх, гэмт хэргийн хохи­рогч болох, хулгай дээрэмд өртөх эрсдэл гарч байгааг эцэг, эхчүүд болон тухайн  сургуулийн багш нар хэлж байдаг. Тий­мээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын эхээр нийслэлд гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын үйл ажиллагаатай танил­цахаар  Сонгинохайрхан дүүргийн 65 ду­гаар сургууль дээр очиж ажиллан, холбогдох албаны­ханд үүрэг даалгавар өг­сөн юм. Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус сургуулийн бага ангийн сурагчидтай ярил­цахад хүүхдүүдийн ихэнх нь хичээл тараад харихдаа айдаг. Мөн гэртээ оройтож очдог бо­ло­хоор хичээлээ давтаж ча­далгүй ядраад унтаад өг­дөг гэдгээ хэлж байв. Тий­мээс  Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн ойр ор­­чимд аюулгүй байдлыг ханган нэмэлт хүч тавьж ажиллахыг Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдоржид үүрэг бол­госон юм. Мөн 154 багш, 140 ажилтан илүү цагаар ажиллаж байгаа ч илүү цагийн нэмэгдэл урамшуулалд хамрагдаж чадахгүй байгааг харгалзан үзэж, энэ асуудлыг төсвийн хуулийн хүрээнд зохицуулж багш, ажилтнуудын илүү цагийн хөлсийг ол­гох асуудлыг шийдвэрлэхийг БСШУС-ын сайд Д.Цогзолмаад үүрэг болгосон юм.

ХҮҮХДИЙГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС БАЙГУУЛАГДЖЭЭ

Тэгвэл салбарын сайд саяхан гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн багш, ажилчдын илүү цагийн хөлсийг олгоход шаардлагатай 574.6 сая төгрөгийг сургуулийн төсөвт нэмж санхүүжүүлэхээр болсныг дуулгасан юм. Мөн гурван ээлжээр хичээллэж буй сургуулийн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэг өгсний дагуу Нийслэлийн цагдаагийн газраас энэ сарын 8-нд Цагдаагийн ерөнхий газрын бүтцэд Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасаг, Нийслэлийн цагдаагийн газрын бүтцэд Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийг байгуулжээ. Ямартай ч Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгавар эхнээсээ ийнхүү биеллээ олж байна.  У.Хүрэлсүх сайд гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн багш, ажилтнуудтай уулзалт хийх дээ “Хүүхэд хүмүүжүүлнэ, төлөвшүүлнэ, хөгжүүлнэ гэдэг багш хүнд заяах хариуцлагатай алба. Улс орны эдийн засгийн байдал хүндхэн байгаа энэ цаг үед багшийнхаа цалингаар ажлаа нэр төртэй гүйцэтгэж, улс эх орны ирээдүй болсон үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ үнэнч сэтгэлээр ажиллаж байгаа багш, ажилтуудад талархаж байна. Засгийн газар байгуулагдаад удаагүй байна. Гэсэн ч энэ хугацаанд  иргэдийн амьдралд тулгарч буй асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна. Улаанбаатарын утаа, агаарын бохирдол, цэвэрлэх байгууламж, замын бөглөрлийг шийдвэрлэх олон асуудал бидэнд байна Гэсэн ч бид тэргүүн ээлжинд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана” хэмээн онцолсон юм.

2018 ОНД УЛСЫН ХЭМЖЭЭНД 93 СУРГУУЛЬ БАРИНА

Харин багш нарын зүгээс “Жил бүр I ангид элсэн орох хүүхдийн тоо өсөн  нэмэгдэж байгаа учраас гурван ээлжээр орох шаардлага үүсч байгаа. Өглөө, дунд, үдээс хойшхи ээлжээр I ангийнхан хичээллэх нь үнэндээ боловсролын бодлоготойгоо уялдаж өгдөггүй. Үдээс хойших I анги 15:00-19:00 цаг хүртэл хичээллэдэг.  Бага насны хүүхдүүд хэт орой тарахаас эхлээд асуудал үүсдэг. Гэсэн ч бидний нөөц бололцоо ийм л байна. Гадны улсуудын хүүхдийн сурлагын амжилт нэг ээлжээр хичээллэдэгт л оршдог.  Сургалт нь нэг ээлжээр явагддаг учраас хүүхдүүд хичээлийн бусад цагт багштайгаа ажиллах боломж нь нээгддэг сайн талтай. Гэтэл манайд хоёр биш бүр гурван ээлжээр хичээллэж байгаа нь сургалтын чанарт сөрөг нөлөө авчирсаар байгаа. Боловсролын чанар, стандарт, хэрэгжилт алдагдаж байгаа нь хүүхдийн хөгжилд сөрөг нөлөөтэй” гэдгийг хэлж байсан. Үүний хариуд холбогдох албаныхан Улаанбаатар хотод гурван ээлжээр ажиллаж буй бүх сургуулийг хоёр ээлжтэй болгох зорилт тавин ажиллаж байна. Энэ ажлыг  2018-2019 онд хийж дуусгана. Улсын хэмжээнд 2018 онд 55 сургууль, 38 сургуулийн өргөтгөл нийт 93 сургууль барина. Эдгээр сургуулийн өргөтгөлийг барьж дуусахад гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болно. Толгойтод байрлалтай 65 дугаар сургуулийн хувьд 640 хүүхдийн сургуулийн өргөтгөл 2019 оны намар гэхэд ашиглалтад орно” гэдгийг дуулгасан юм. Түүнчлэн нийслэл хотод  гурван ээлжээр хичээллэдэг  сургуулиудын гадна орчны гэрэлтүүлэг, камер, замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагчтай болгохыг хотын удирдлагуудад, энэ 20 сургуулийн орчны аюулгүй байдлыг хангаж ажиллах, эргүүлийн цагдаа нэмж ажиллуулахыг үүрэг болгосон нь ийнхүү шуурхай хэрэгжиж байгааг эцэг, эхчүүд сайшааж байв.

 

 

Эх сурвалж : “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?