АТГ-ынхан МУИС-ийн эрх бүхий албан тушаалтнуудыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Уг эрх бүхий албан тушаалтнууд нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж санхүүгийн дүрэм, журам зөрчиж цалин урамшуулал олгосон, гадаад томилолт, сургалтын төлбөр зардлыг үндэслэлгүйгээр гаргаж өөртөө болон бусдад давуу байдал олгосон үндэслэлээр ийнхүү шалгагдаж байгааг АТГ мэдээллээ.
Харин 20 мянган оюутантай гэх МУИС-ийн социологийн багш О.Мөнхбат оюутнуудын жагсаалыг үл тоож, жагсаал хийж байсан оюутнууд руу дунд хуруу гарган, “Даварсан малууд, Та нар юугаа мэддэг юм бэ” хэмээн үгээр доромжилж ёс зүйгүй багш гэдгээ нотолсон юм.
Энэ нь цахим орчинд эрчийг авч, тухайн багшийг ажлаас нь халахыг шаардаад байсан билээ. Тэгвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа О.Мөнхбат багшид хариуцлага тооцох даалгаврыг МУИС-ийн захирал Я.Төмөрбаатарт өгчээ.
Харин өнөөдөр МУИС-ийн оюутнууд БСШУСЯ-нд албан тоот хүргүүлэхээр болсон юм.
О.НАНСАЛМАА