Манай улсад тайзны урлагийн мэргэжилтэн бэлдэж эхлээд 60 гаруй жил болсон ч мэргэжлийн суурь ойлголт өгөхүйц бүтээл өнөө хэр нь үгүйлэгдэж байсан юм. Тиймээс зохиолч, орчуулагч Н.Пүрэвдагва санаачлан Сити их сургуулийн багш оюутнуудтай хамтран “Дэлхийн тайзны урлагийн хураангуй түүх” номыг орчуулж уншигчдын гар дээр хүргэлээ.
Номын нээлт өнөөдөр Сити их сургууль дээр болсон юм. Нээлтийн үеэр СУИС-ийн Театр урлагийн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Долгорсүрэн мөн УДЭТ-ын Ерөнхий зураач Т.Ганхуяг нарын хүндэт зочид хүрэлцэн иржээ. Зочдыг төлөөлж СУИС-ийн ТУС-ийн захирал доктор, профессор Ж.Долгорсүрэн “Монголын тайзны урлагийн салбар бол залуухан, балчир салбар. Тайзны урлагийн түүхийг өгүүлсэн сурах бичиг хангалтгүй байгаа энэ үед цагаа олсон, сайн бүтээл төрж байгаад уншигчдын өмнөөс, энэ урлагаар хичээллэгч оюутнуудын өмнөөс талархаж байна. Мөн оюутнууд өөрсдөө ном орчуулж сурах бичгээ бэлдэж байгаа нь бахархалтай байна” гэсэн юм.
Харин тус номыг санаачлан орчуулсан, зохиолч орчуулагч Н.Пүрэвдагва “Энэхүү номд шашны суртал, эрх баригчдын зөрчилдөөнөөс үүссэн театрын урлагийн талаар өгүүлэхдээ нийгмийн сэтгэл зүйг ойлгуулах гэж хичээсэн нь маш өвөрмөц” хэмээн тодотголоо. Тус номд нэн эртний үеэс театр хэрхэн сууриа тавьж өнөө үетэй золгосон тухай өгүүлэх юм. Түүнчлэн театрын мэргэжлийн хэллэгийн орчуулгын талаар тоймтой зүйл байдаггүй байсан бол тус номд мэргэжлийн хэллэгүүдийг монгол хэлээр тайлбарлан гаргажээ.
О.НАНСАЛМАА