АНУ-Д 20 СУРАГЧ СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ БОЛСНЫГ ЭЛЧИН САЙД ТЭМДЭГЛЭЛЭЭ

2017-01-10  

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дэд дарга Л.Оюун-Эрдэнэ нар  Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хатагтай Элчин сайд Женифер Зимдал Галт энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиох гэж байгааг  онцлоод энэ хүрээнд хийх болон цаашдын хамтын ажиллагаа талаар санал солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш болохыг дурдаад хоёр улсын хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, батлан хамгаалах зэрэг бүхий л салбарт эрчимжиж байгаад талархалтай байдгаа илэрхийлсэн. Мөн тэрбээр цаашид парламент, байнгын хороодын харилцааг сайжруулах нь чухал болохыг хэлсэн үгэндээ тэмдэглэсэн юм.

Элчин сайд Женифер Зимдал Галт энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмэрт талархал илэрхийлээд монгол цэргүүд дэлхийн хэмжээнд хамгийн халуун цэгт үүргээ нэр төртэй, хариуцлагатай гүйцэтгэж байгаа нь хоёр орны хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлж байгааг онцлож байсан.

АНУ-ын Засгийн газраас Залуу манлайлагчдын хөтөлбөр, ахлах сургуулийн сурагч солилцооны шинэ хөтөлбөрүүдийг эхлүүлсэн бөгөөд жил бүр 20 сурагч уг хөтөлбөрт хамрагдаж, АНУ-ын суралцах боломжтой болсныг Элчин сайд тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр талууд цаашдын хамтын ажиллагааны чиглэл болон цаг үеийн бусад асуудлаар ярилцаж, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга