Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ГАЙХАМШИГТАЙ ГАВЬЯА БАЙГУУЛСАН НИСГЭГЧ ВИКТОР СЕМЁНОВИЧ ОСЬКИН

2016-02-22  

 

ЗХУ задарч, суурин дээр нь ОХУ үүсээд дөнгөж хагас жил өнгөрөөд байсан 1992 оны 6 дугаар сард олон хүн төдийлөн дуулаагүй нэгэн явдал Беларусийн нутагт болсон юм. Тэр үед оросын нийгэм даяар бужигнаан үүссэн энэ хүнд үед цэргийнхэн өргөсөн тангарагтай үнэнч байж, тус тусын оногдсон үүрэг даалгаврыг биелүүлж байлаа. Улс орны эдийн засгийн байдал хүнд байсан хэдий ч цэргийн нисэхийн анги, салбарууд төлөвлөгөөт дадлагын нислэг, сургуулиалтаа хуваарийн дагуу хэвийн явуулж байжээ. 
Та бүхэндээ баатарлаг гавьяа байгуулан амь үрэгдсэн, нисгэгч дэд хурандаа Виктор Семёнович Оськины тухай танилцуулж байна. Тэрбээр оросын Агаарын цэргийн харьяа Алсын зайн бөмбөгдөгч онгоцны ангиудын түүхэнд хамгийн анх удаа ОХУ-ын “Баатар” цолоор нэхэн шагнагдсан хүн болсон байдаг. 
В.С.Оськин нь 1952 онд Курск мужид төрсөн, 1974 онд Тамбов дахь нисэхийн цэргийн дээд сургуулийг “алтан медаль”-тай төгсжээ. Алсын зайн бөмбөгдөгч нисэх онгоцны ангиудад янз бүрийн албан тушаал хашиж байв. 1985 онд нисэхийн академи төгсөөд Рязань дахь 43 дугаар сургалтын нислэгийн төвд албаны даргаар томилогдон ажиллаж байв. 
1992 оны 6 дугаар сарын сүүлээр амралтаас дөнгөж ирээд байсан эскадрилийн дарга дэд хурандаа А.Степченков, сургалтын зориулалттай “Ту-22У” онгоцоор хяналтын нислэг хийхээр болжээ. Ер нь нисгэгч нар дарга цэрэг гэлтгүй бүгд тодорхой цагт байлдааны бэлэн байдлаа хадгалах зорилгоор заавал нисэж байх ёстой. Ингэснээр нисгэгч хэзээ ч нисэхэд бэлэн байна гэсэн үг. “Ту-22” бол зөвлөлтийн анхны дуунаас хурдан стратегийн хүнд бөмбөгдөгч онгоц бөгөөд 1962 онд зэвсэглэлд орсон. Энэ онгоцны өндөр – 10 м, урт – 41 м, хөөрөх жин – 95 тонн, нислэгийн алслалт – 5000 км, хурд – 1600 км/цаг, 12 тонн зэвсэг, бөмбөг тээвэрлэж нисэх хүчин чадалтай онгоц юм. 

''Ту-22У" Онгоц

1992 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “Ту-22У” онгоцны даргаар дэд хурандаа А.Степченков, сургагч-нисгэгчээр дэд хурандаа В.Оськин, штурманаар хошууч Н.Иванов гурав сургалтын нислэгийн “301 дүгээр дасгал”-ыг боловсруулж нисэх тушаал авлаа. Энэ гурван офицерууд бүгд туршлагатай, нэгдүгээр зэргийн нисгэгчид байжээ. Онгоц агаар хөөрч, тогтсон маршрутын дагуу Новобелицкийн районы дээгүүр нисэж явтал гэнэт баруун талын хөдөлгүүр тасалдаж, чичирхийлэл мэдрэгдэж эхэлжээ. Улмаар баруун талын хөдөлгүүр галд автсан ба гал нь яах ийхийн завдал өгөлгүй шууд түлшний сав руу орсон байна. Онгоцны экипаж, үүссэн цагийн байдлыг нислэгийн удирдлагад радиогоор мэдэгдээд, онцгой нөхцөл байдалд ажиллах журмын дагуу ажиллаж эхэллээ. Экипажийн гишүүд гал унтраах бүхий л арга хэмжээ авсан боловч амжилтгүй болсоноор барахгүй, зүүн талын хөдөлгүүр нь бас ажиллагаагүй болсон байна. Нислэгийн удирдлага үүссэн цагийн байдлын үнэлээд ямар ч жолоодлогоггүй болсон онгоцоо орхихыг нисгэгч нарт тушаалаа. 
Тэр үед онгоц Гомель/одоогийн Беларусь улсын хот/ хотын захад орж ирж явав. Хэрвээ онгоцоо яг одоо орхивол 100 орчим тонн жинтэй, дүүрэн шатахуунтай байлдааны онгоц хот дотор унаж, том хэмжээний гал, дэлбэрэлт үүсэх ба үүнээс үүдэн гарч болох хор хохирол ч өндөр байх магадлалтай байв. Яах тухай бодоод байх цаг ч байсангүй. Сургагч-нисгэгч В.Осткин нөгөө хоёроо шүхрээр буулгаад өөрөө онгоцондоо үлдэж, ямар нэгэн аргаар онгоцыг хотын гадна хүнгүй газар унагаах шийдвэр гаргав. Тэр нөгөө хоёртоо шууд “катапульт”-аар буух тушаал өгч буулгаад өөрөө онгоцондоо үлдсэн байна. Тэр онгоцоо яаж ийж байгаад хотоос гаргаж дөнгөсөн ба өөрөө ч сүүлчийн мөчид онгоцноосоо “катапульт”-аар гарч амжжээ. Харамсалтай нь тэр үед онгоц хэтэрхий нам буюу 300 метрийн өндөрт нисэж явсан тул тэрбээр хүчтэй газарт цохигдож амь үрэгдсэн байна. Энд “Ту-22У” онгоцны “катапульт”-ын системийн тайлбарлах шаардлага гарна. 

"Ту-22У" онгоцны "Катапульт"-ын систем 
“Катапульт” гэдэг нь онгоцны нисгэгчийг ослын үед аврах үйлдэл/систем юм. Нисгэгчийн суудалд тусгай дарин/тийрэлтэт цэнэг суулгаж өгдөг ба энэ нь шаардлагатай үед нисгэгчийг сандалтай нь хамт онгоцноос хүчтэй гаргаж шиддэг байна. Ингээд агаарт чөлөөтэй шидэгдэж гарсаны дараа сандалд байрлах шүхэр автоматаар задарч нисгэгчийг аюулгүй газардуулдаг. Үүнийг нисгэгч “дарьтай торхон” дээр сууж яваагаар төсөөлж болно. Харин “Ту-22У” онгоцны “катапульт”-ын системийн ажиллагаа нь бусад онгоцыг бодвол тун өвөрмөц бүтэцтэй буюу ослын үед нисгэгчийг дээш нь бус доошоогоо шидэх зориулалттай хийгдсэн байжээ. Харин ингэж шидэх үедээ онгоц хамгийн багадаа 350 метрээр дээш өндөрт нисэж явах ёстой байв. Дэд хурандаа В.Осткин онгоцноос шидэгдэх үед онгоц 300 метрийн өндөр нисэж явсан тул тэрбээр маш хүчтэй газар мөргөж харамсалтай амь үрэгдсэн. Гэхдээ л онгоцоо хотод унахаас аварч гайхамшигтай гавьяа байгуулсан билээ. Түүний дурсгалыг мөнхжүүлж Гомель хотын нэгэн дунд сургуулийг түүний нэрэмжит болгон, хөшөөг нь босгожээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:jinhene tuuh bn daa 2016-03-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?