29 ДҮГЭЭР СУРГУУЛЬ ДЭЭР АЖИЛЛАСАН АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТ

2017-04-07  

Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн зарим сурагчдаас багшийн ур чадвар, харилцаа, ёс зүйн асуудлаар гаргасан гомдол, сургуулийн үйл ажиллагааны нөхцөл байдлыг судалж дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий томилогдсон ажлын хэсэг (Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны А/101 дүгээр тушаал) 2017 оны 03 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд тус сургууль дээр ажиллалаа.

Ажлын хэсэг тус яамны Боловсролын бодлогын газрын даргын баталсан удирдамжийн дагуу сурагчдын гаргасан гомдлыг хянах, мөн сургуулийн үйл ажиллагааны нөхцөл байдлыг судлах ажлыг гүйцэтгэв. Удирдамжийн дагуу (i) сургуулийн үйл ажиллагаанд хүчин төгөлдөр мөрдөж буй холбогдох баримт бичиг, материалтай танилцах, (ii) багш, суралцагчдын төлөөлөлтэй уулзаж ярилцах, тэднээс асуулга авах замаар мэдээлэл цуглуулж, сурагчдын гаргасан гомдолд дүн шинжилгээ хийх зарчим баримталж ажилласан болно.

       Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны А/101 дүгээр томилогдсон ажлын хэсэг 29 дүгээр сургуулийн нэр бүхий сурагчдаас гаргасан гомдлын дагуу тус сургууль дээр ажиллаж, үүссэн асуудлын бодит байдлыг тодруулах зорилгоор багш нарын төлөөлөлтэй уулзсан уулзалт, холбогдох баримт бичиг, асуулга судалгааны үр дүнд хийсэн шинжилгээнд үндэслэн дараах дүгнэлтийг гаргаж байна.

  1. Сургуулийн хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж буй төлөвлөгөө, дүрэм, журмыг хууль тогтоомжийн шинэчлэл, багш, сурагчдын  хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох;
  2. Тусгай хэрэгцээт боловсролын багшийг гадаад, дотоодод бэлтгэх, одоо ажиллаж байгаа багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангахад чиглэсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
  3. Тусгай сургуулиудад нэн шаардлагатай дэд бүтэц, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад тохирох зарим хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүн, ном, гарын авлагаар хангах ажлыг хөрөнгө оруулалтын 2018 оны бодлого, төлөвлөлтөд тусгах арга хэмжээ авах;
  4. Багш нарын дохионы хэлний ур чадвар сайжруулах, хөгжүүлэх ажлыг бодлогоор дэмжиж, холбогдох байгууллагуудтай хамтран үе шаттай сургалтаар бэлтгэх, үр дүнг тооцож ажиллах;
  5. Их, дээд сургуульд элсэн суралцах сурагчдын бэлтгэл анги нээх асуудлыг тусгай сургуулийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний шинэчлэлийн хүрээнд судалж, шийдвэрлэх;
  6. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2; 43.1.7б-д тус тус заасан “туслах багш”-ийн албан тушаалын нэр нь төрийн үйлчилгээний албан албан тушаалын ангилал, зэрэглэлийг баталсан Засгийн газрын 2009 оны 354 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтад “туслах багш”-ийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг тодорхой болгох асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хамтран шийдвэрлүүлэх;
  7. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасан “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн.” гэсэн шаардлагыг баримталж ажиллах хүрээнд “багш”-ийн ажлын байранд нээлттэй, ил тод, өөрийн сургуулийн онцлог, хэрэгцээ, шаардлагыг хангасан иргэдээс сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, томилгоо хийж байхыг сургуулийн захиралд даалгах;
  8. Дохионы хэлний ур чадварыг дээшлүүлэх, багш суралцагчийн хоорондын ойлголцол харилцан адилгүй байгаагаас хүүхэд хичээлээ ойлгодоггүйгээс үл ойлголцол үүсэх хандлага байгааг анхаарч, багш нар дохионы хэлний ур чадвараа сайжруулахыг тус сургуулийн нийт багш нарт үүрэг болгох;
  9. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн онцлогт тохирсон тэдгээрийн авьяас, сурах, төлөвших, хөгжих үйл явцад цогцоор нь анхаарал тавих, аливаа урлаг, спортын арга хэмжээг цаг тухайд нь зохион байгуулалтыг сайтар хангаж, суралцагчийн эрх ашиг, сонирхлыг дээдэлж, хүндэтгэлтэй хандаж байхыг сургуулийн нийт багш, албан хаагч, удирдлагад мэдэгдэх;
  10. Сургуулийн дотоод зохион байгуулалт, сургалтын үйл ажиллагаа, багшийг ажлын төлөвлөлт, үнэлгээ, шинжилгээ зэрэг холбогдох явцын болон гүйцэтгэлийн мэдээ, тайланг байнга хөтөлж хэвшихийг сургуулийн нийт багш нарт даалгах;
  11.  Сул сонсголтой хүүхдүүдэд сонсголын үлдэгдэл, алдагдлыг нөхөх хэрэгслээр хангах ажлыг эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран авч хэрэгжүүлэх нь зүйтэй.

 

ЭХ СУРВАЛЖ: АЖЛЫН ХЭСЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?