СКЕЛЕТОНИКС РОБОТТОЙ ТАНИЛЦАХЫГ ХҮСВЭЛ КООСЭН-ТЕХНОЛОГИЙН БАЯРТ ХҮРЭЛЦЭН ИРЭЭРЭЙ

2017-06-01  

Коосэн Японы Үндэсний Технологийн Хүрээлэн /ЯҮТХ/-гийн Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран,  Японы элчин сайдын яам, Коосэн загварын Монгол дахь гурван сургуулийн дэмжлэгтэйгээр “Коосэн-Технологийн баяр”-ыг 6-р сарын 1-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.

Мөн 6-р сарын 2-нд, УБ хот ба КООСЭН-ЯҮТХ хоёр Улаанбаатар хотын аж үйлдвэрийн салбарын мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллах санамж бичгийг НЗДТГ дээр үзэглэх бөгөөд үүнтэй холбогдуулж, тус өдөрлөгийн үеэр Японы Коосэн сургуулийг төгссөн залуу инженерүүдийн бүтээсэн, дотор нь хүн ордог, 3 метр орчим өндөр “Скелетоникс-Skeletonics ®” роботыг Монголд авчрах гэж байна.

Өдөрлөгийн арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн А.Ундраа болон Нийслэлийн Засаг Даргын Орлогч, Нийгмийн Асуудал Хариуцсан Төслүүдийн Удирдагч, НИТХ-ын Төлөөлөгч Ш.Анхмаа, ЯҮТХ-гийн Монгол дахь тэргүүн, НИТХ-ын Төлөөлөгч, Доктор Цагааны Байгалмаа нар хүрэлцэн ирнэ.

“Скелетоникс-Skeletonics®” робот нь хүний хөдөлгөөн мэдэрч, түүний зааварчлалаар олон янзын даалгавар хийх чадвартай. Өөрөөр хэлбэл, дотор нь байгаа хүний гар хөлийн хөдөлгөөнийг мэдэрч ажилладаг учраас бусад хүн хэлбэртэй роботуудын хийж чадахгүй үйлдлийг чаддаг онцлогтой. Уг роботыг өнөөдөр /2017.06.01/ болох Эх үрсийн баяраар Монголын хүүхэд залууст танилцуулахаар роботыг зохион бүтээгч бөгөөд Скелетоникс компаний захирал Ака Томохиро өөрийн биеэр ирэх юм.

Ака Томохиро өөрийн бүтээсэн роботынхоо тухай “Энэхүү роботыг хийе гэсэн санаа их энгийн байсан. Анх Коосэн-Робокон тэмцээнд оролцоод амжилт үзүүлж чадаагүй маань цаашид улам хичээж, өөрийн роботоо илүү сайн, илүү хүчирхэг болгоход түлхэц болсон юм. Үнэхээр ч тэр хичээл зүтгэл маань надад 2008 оны Коосэн-Робокон тэмцээнд тэргүүн байрыг авчирсан. Тухайн жилийн роботын үзүүлбэр маань хоёр хөл дээрээ явдаг робот байсан. Энэ роботынхоо алхмыг нь томруулахын тулд хүний хөлийн хөдөлгөөнийг судалж, холбоосны механизмыг томруулах технологийг туршиж, их биетэй аварга робот бүтээх боломжтой гэсэн санаа төрч билээ. Энэ нь “Скелетоникс-Skeletonics®” роботын эхний загвар байсан. Роботондоо хүний гар хөлийн холбоосыг бүтээж өгснөөр чөлөөтэй хөдлөх боломжтой болсон онцлогтой. Роботынхоо хамгийн анхны загварыг гаргаснаас хойш шинэчлэн сайжруулсаар өнөөдрийн байдлаар тав дахь загвараа гараад байна. Цаашид 6 дахь загвараа хийх бөгөөд шинэ гарах загварыг хийхдээ өмнөхөөсөө илүү боловсронгуй байх зорилготой ажилладаг”  хэмээн ярьж байжээ. 

Дашрамд дурдахад, ЯҮТХ Монголын Коосэн боловсролын хөтөлбөрийг дэмжих үүднээс 2016 онд өөрийн төлөөлөгчийн газрыг МТ-ийн Үндэсний Паркад нээн үйл ажиллагаа явуулж байна.

“Коосэн боловсролын загвар” нь  хүүхдийг 15 наснаас (дунд сургууль төгсөгч) нь эхлэн элсүүлж, нийт 5 жилийн хугацаанд инженерийн үндсэн боловсролыг эзэмшүүлэн, онол дадлага хосолсон, өндөр чадвар бүхий бүтээлч инженерүүдийг бэлтгэдэгээрээ онцлогтой. Коосэн сургууль нь анх Япон улсад 1962 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 51 сургууль үйл ажиллагаагаа явуулж, Япон улсын хөгжлийн түлхүүр болсон чадварлаг инженерүүдийг бэлтгэсээр байна.

Монгол улсад энэхүү Японы туршлагаас суралцах зорилготой Коосэн загварын гурван сургуулиуд 2014 оноос эхлэн байгуулагдан Улаанбаатар хотод амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр нь ШУТИС-Коосэн, Монгол Коосэн, Шинэ монгол Коосэн сургуулиуд юм. Мөн 2016 онд Монгол дахь Коосэн хөтөлбөрийг дэмжих үүднээс ЯҮТХүрээлэн өөрийн төлөөлөгчийн газрыг МТ-ийн Үндэсний Паркад нээн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус газрын тэргүүнээр НИТХ-ын Төлөөлөгч, Др. Цагааны Байгалмаа ажиллаж байна.

 

 

Коосэн-Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн

Монгол дахь төлөөлөгчийн газар

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?