ХХААХҮ-ИЙН САЙД П.СЭРГЭЛЭН УВС АЙМГИЙН ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАРТ АЖИЛЛАВ

2017-06-12  

 

Хүнс  хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, тус яамны Төрийн Захиргааны Удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал  В.Үнэнбат болон бусад албаны төлөөлөл Увс аймагт ажиллалаа. Тодруулбал, Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагаатай танилцаж  Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны  үйл ажиллагааны хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бодлого, зорилт, хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулав.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Засгийн газраас “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” гэсэн том зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд, “Үйлдвэржилт 21:100”, ”Мах сүүний анхдугаар аян”, “Атрын III аян”-ыг эрчимжүүлэн үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хоол хүнс эрүүл байж Монгол хүн эрүүл байна гэдэг Засгийн газрын хамгийн том зорилт юм. Засгийн газраас ХХАА-н салбарыг тэргүүлэгч чиглэлээ болгон тодорхойлсон. Тийм ч учраас 2016-2020 онд ХХАА-н салбарт хамгийн том ажлуудыг хийж хэрэгжүүлнэ гэж тодорхойлсон” гэдгийг онцлон хэлэв. Мөн “Дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын талаар товч дурдлаа. Тодруулбал, “Атрын III аян”-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ажлын хүрээнд 6 дугаар сард багтаан ОХУ-аас 5-10 жилийн хугацаатай, бага хүүтэй 10 сая долларын  өртөг бүхий газар  тариалангийн техник тоног төхөөрөмж трактор, комбайн авна. Түүнчлэн аяны хүрээнд хамгийн том барьж байгаа нэг зорилт нь хүнсний ногоо эрхлэгчдэд  техник тоног төхөөрөмжийн туслалцааг илүү үзүүлж, сургалтад хамруулж, аль бололцоотой гэсэн бүхнээр дэмжиж ажиллах болно. Бид хүнээ эхэлж дэмжиж хөгжүүлснээр цаашдын гарах үр дүн эерэг байна” гэв.

Түүнчлэн УИХ-аар хэлэлцэж буй  “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслүүдийн талаар танилцуулж, ХХАА-н газрын мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсч, хийж эрхэлж буй ажилдаа хариуцлагатай, хяналттай, шуурхай ажиллахыг үүрэг болгов.   

Үүний дараа Увс аймгийн ХХАА-н газрын дарга Д.Төмөр-Очир газрынхаа үйл ажиллагааны тухай, цаашид авч хэрэгжүүлэх ажил, мал төллөлт болон тариалалтын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Увс аймгийн ХХАА-н салбар нь аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 40.8 хувийг бүрдүүлдэг. Үүнээс газар тариалан 10 хувь, мал аж ахуй 90 гаруй хувийг эзэлж байна. 2016 оны мал тооллогоор  тус аймаг 2.7 сая гаруй толгой мал тооллуулсан байна. Энэ нь өмнөх оноос 2 хувиар өссөн дүнтэй юм. Увс аймгийн хувьд 8586 малчин өрхтэй.  Аймгийн хэмжээнд 1.2 сая хээлтэгч мал тоолуулсан нь нийт мал сүргийн 44 хувийг эзэлж байгаа юм. Газар тариалангийн үйлдвэрлэлээр гурил гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр 44 хувь, жимс жимсгэнэ 15 хувь, таримал тэжээлийн 5 хувийг тус тус хангаж байна. 2016 онд 556 га талбайгаас 650 тонн ургац хураан авч өнгөрсөн онтой харьцуулахад 17 хувиар буурсан. Энэ нь байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу хүчтэй мөндөр орж ургац алдсан тухай  Увс аймгийн ХХАА-н газрын дарга Д.Төмөр-Очир хэлж байлаа.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Завхан, Хөвсгөл, Булган, Орхон аймгуудын Хүнс хөдөө аж ахуйн газруудын үйл ажиллагаа, хаваржилт, мал төллөлт, хаврын тариалалтын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, малчин тариаланчдын санал бодлыг сонсох юм. 

 
 
 

Эх сурвалж : ХХААХҮЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?