МОНГОЛЫН ХЯМРАЛ МАЛЧДЫН АМЬДРАЛД НӨЛӨӨЛЖ ЭХЭЛЖЭЭ

2017-09-27  

Хэнээс ч хамааралгүй амьдардаг, амь амьдралаа залгуулдаг Монголын хүн амын бүлэг бол малчид. Төр эргэх, Засаг солигдох, валютын ханш өсөх нь малчдын амьдралд огт хамааралгүй явж ирсэн. Тэгвэл, Монголын эдийн засгийн хямрал Монголын малчдын ахуй амьдралд нөлөөлж эхэлжээ.

Хотод, хүнсний зах дээр махны үнэ унаагүй атал малын үнэ ханш 2 жилийн өмнөхтэй харьцуулбал хоёр дахин унасан байх юм. Хоёрхон жилийн өмнө амьд хонио 120-160 мянган төгрөгөөр борлуулж байсан малчид энэ зун дөнгөн данган 60,000 төг, түүнээс доогуур зарж борлуулсан тухай Өвөрхангайн малчид харьцуулан ярьж байна. Мал махаас гадна, тодорхой орлого бүрдүүлж ирсэн арьс шир нь үнэгүйдсэнийг Өвөрхангай аймгийн малчин Хуяг онцолж байна. Түүний хэлж буйгаар, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих нэрийн дор урд хөрш рүү арьс, шир гаргахыг бүрэн хориглосон шийдвэр гаргасан нь түүхий эдийн үнийг тийнхүү унагахад хүргэсэн байна. Малчдаас арьс, ширийг нь худалдан авахаар хөдөөгүүр явдаг худалдааны агентууд үзэгдэхээ больсноос арьс шир нь эдийн засгийн эргэлтэд орохоо зогссон байна. Монгол улсын хэмжээнд арьс шир ашигладаг, боловсруулдаг 2-хон үндэсний үйлдвэрлэлийн хүчин чадал нь дэндүү бага учир арьс ширний илүүдэл Монголд үүссэн тухай малчин Ганболд онцоллоо. Дээр нь газрын гарц муудаж, өвс тэжээл бэлдэх асуудал ч ихээхэн хүндэрсэн тухай малчид ярьж байна. Энэ өвөл хатуу өвөл болно малчид болгоомжилж, өвс тэжээлээ бэлдэж байна. Гэхдээ ган гачигт нэрвэгдсэн Өвөрхангайн малчид өвс, тэжээл худалдан авахын тулд нөгөө л малаа зарж борлуулж байна. Хэдхэн жилийн өмнө 4000 төг байсан шахсан өвсний үнэ 8500-д хүрч үнэ нь хаджээ. Ийнхүү малын үнэ 2 дахин буусан байхад, тэжээлийнх нь үнэ 2 дахин өссөн байгаа нь малчдад багагүй хүндрэл учруулж буй аж. Энэ жилийн хувьд Өвөрхангайн ихэнх нутгаар ган гачиг дайрсан тул өвлийг өнтэй давах эсэх нь бас асуудал болсныг малчид нуухгүй байна. Малаа зарья гэхээр үнэ унасан, хямдхан авчих гээд, зарж борлуулахгүй гэхээр бэлэн мөнгөний хомсдолтой нь асуудал үүсгэсэн тухай нийтдээ ярьж байна. Энэ бүхнээс харахад, Монголын хамгийн бие даасан, хараат бус эдийн засгийн салбар ч хүндрэх магадлалтай болжээ. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:MONGOLIIN TUR MALCHIDAA UGAASAA HAYSAN HUMUUS 2017-09-28
zochin:HOTOOS ZAIDUU GAZAR MALCHIDIIG MALIIG UNEGUI BAILGADAG 2017-09-28
Z:ene maliin hulgai arai l denedj bnaa 2017-09-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?