Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ОЛНЫ ХАЙРТАЙ МОНГОЛ ЭР ХҮНИЙ ДҮРҮҮД

2016-03-18  

Монголын кино урлагт монгол эр хүний үлгэр жишээ болсон олон эерэг дүрүүд жүжигчнийхээ нэрийг бүдгэрүүлэх хүртлээ үзэгчдийн сэтгэлд хоногшиж  дүрийнхээ нэрээр мөнхөрсөн нь бий. Түүн дотроос олны хамгийн хайртай жинхэнэ монгол сайхан эр хүний дүрүүдээс онцлов.

 

Засагт ханы Цахиур Төмөр

Засагт ханы цахиур Төмөрт хайргүй хүн Халхын нутагт байх уу даа. “Тунгалаг Тамир” киноны амин сүнс болсон энэ дүр Халхын сайн эрийн төдийгүй түшигтэй, нүнжигтэй, өр зөөлөн, зориг хатуу сайхан эрийн дүр болсноороо хүн бүхний сэтгэлд хоногшин үлджээ. Цахиур Төмөрийн дүрд нягтлан бодогч мэргэжилтэй Т.Сандуйжав гэдэг хүн тоглосон юм. Тэнцүү жигд бие хаа, тэгш цагаан шүд, баргил хүчирхэг дуу хоолойгоороо Засагт ханы цахиур Төмөр бүсгүйчүүдийн зүрхэнд цахиур нь байлаа. Улаан залаат цахиур Төмөр хүнгэнэхэд  Эрдэнэ засгийн унага жороолно. 

Талын Хөх Чоно

Хөрсөн дээр нь хөл нүцгэн гишгэж, өнхөрч мөлхөж өссөн хүүгийн ёсоор эх нутгийнхаа төлөө тэмцэж байгаа эрэлхэг, царайлаг, ухаалаг талын нүүдэлчин монгол эрийн дүр. Төрсөн нутагтаа эзэн нь сууж, түмэндээ түшиг нь болсон тэмцэгч тэр эрийн дүрийг өдгөө Монгол Улсын Гавъяат жүжигчин С.Дамдин монгол түмний сэтгэлд мартагдашгүйгээр хадаж орхисон билээ. Харин талын Хөх Чонын жинхэнэ нэрийг найруулагч нь хэлж байсангүй тул  босоо хийморьтой Хөх Чоно хэвээрээ л үлджээ. Дэгжин цоохор дээл, өрөөсөн чихийг нь буулгаж дарсан дөрвөн талтай малгай бол халхын сайхан эр Хөх Чонын гоёл. 

Мандухай хатны сүлдэт Мянхай

“Мандухай цэцэн хатан” кино бол Монголын кино урлаг дахь давтагдашгүй бүтээлүүдийн нэг. Төрийн их хатан Мандухайн эргэн тойрон дахь олон эрчүүдийн дүрээс эгэл ард, их цэргийн мятаршгүй дайнч Мянхайн дүр эгэл хэрнээ хүчирхэг хэвээр үзэгчдийн сэтгэлд үлджээ. Хаант төрийн шударга бус үйлийн төлөө хар толгойгоо цавчуулахаас халирахгүй эрс шулуун, идэрмэг хурц Мянхайн дүрийг Дэмидийн Төмөртогтох хэмээх эрхэм бүтээж кино урлагт мөнхөлжээ. 

Хавтай төрсөн Хасар

“Мөнх тэнгэрийн хүчин дор” киног гарахад монгол хүн бүр шимтэн үзэж эзэн Чингис хааныхаа дүрээс ч илүү Хавт хэмээх Хасарт хайртай болсон нь үнэн. Далайсан илднээс дальдардаггүй, харвасан сумнаас халширдаггүй эрэмгий хурц, догшин хэрнээ хүүхэд адил хөөрүү цайлган Хасар эзэндээ насаараа дуудуулах хавтай нэрийг авчирсан билээ. Халдан ирэх дайсны хааг ханзлах зоригтой ч Өэлүн ижийдээ өвдөг сөгдөн бөхийдөг өр зөөлөн монгол эрийн дүрийг МУГЖ Б.Жаргалсайхан дэлгэцэнд үлдээсэн юм. 

Молиго Очирын жудагтай зан

“Гарьд магнай”-н Далайцэрэнгээс давж гарсан, тод буусан монгол бөх, монгол эр бол молиго Очир. Уран мэхэнд молигдож явсан ч, амьдралын буулганд  молигдож яваагүй Очир.  Монгол бөхийн жудагтай, зангарагтай зан, монгол эр хүний гүндүүгүй гүдэсхэн чанар бүгд түүнд шингэсэн. Ёс төр, үүх түүхээ эрхэмлэдэг саруул ухаан, холч зан түүнээс ханхалдгаас буруугийн өмнө бууж өгөхгүй хүний төлөө амиа зольж чадна. Молиго Очир зааны дүрд  Д.Алтангэрэл тогложээ.

Гэрлэж амжаагүй инженер Гансүх

Энгийн нэгэн сэхээтэн залуугийн ил шулуун зан, эзэмшсэн мэргэжилдээ дуртай байдал гээд уул уурхайн инженер Гансүх хэмээх залууд эр хүнд байвал зохих олон сайхан чанар бий. Зорьсондоо хүрэхээр зогсолтгүй ажиллан гэрлэж ч амжаагүй яваа залуу Гансүхэд жүжигчин Ч.Хүрэл тогложээ. Социализмийн шилдэг, хэнхэг залуугийн дүр ч түүнд орчин цагийн монгол эр хүний олон чанарууд нуугдаж байдаг учраас үзэгчид одоо ч хайртай хэвээрээ. Шанаа өгөхөөс ч буцахгүй шазруун бас цайлган эр хүн бол Гансүх. 

Дэлгэрийг Үрлээ хайрлаагүй ч бид хайртай

Залуусын хайр сэтгэлийн гурвалжинг үл мэдэг гунигтайгаар дүрсэлсэн “Би чамд хайртай” нэртэй кинонд харсаар байтал Үрлээ буруу сонголт хийдэг. Дэлгэрийг Баяраагаас өмөөрсөндөө ч биш, Үрлээд тоогдоогүй үлдсэнд нь ч биш зүгээр л Дэлгэрт монгол эрчүүдэд байдаг дэндүү дотогшоо хэрнээ үнэнч чанар байдаг учраас үзэгчид түүнийг хайрладаг. Тэр хайрлаж  чаддаг, хэлсэндээ хүрч чаддаг жирийн монгол залуу. Дэлгэрийн үл мэдэг гунигтай харц одоо ч дэлгэцнээс биднийг ширтдэг. Дэлгэрийг Үрлээ хайрлаагүй ч үзэгчид түүнд одоо ч хайртай.

Сантехник Санги

Оргилуун насны аагаар дурлаж, дурласан бүсгүйдээ гологдож түүндээ насаараа үнэнч явдаг дунд насны сантехник Санги. Эр хүний туулдаг л зам, давдаг л даваа. Хүний өмнөөс өөрийгөө зольж хэрэг төвөг үүрсэн ч Санги хүн чанараа хэзээ ч гээгүй. Хатуу бэрхэд халшраагүй хэрнээ хэнз жаахан хүний үрд хайраа дэвсэн нурах хүн чанар, өмөг түшиг түүнд бий. Ганцаараа торолзож, гаднаа бөртийвч жинхэнэ монгол эр хүний гайхам чанар дотроос нь гэрэлтдэг учраас сантехник Сангид жаахан охин байтугай бүгдээрээ хайртай. 

 

Х.АЯЛГУУ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
цэцэгээ :Мянхай нээрээ гоё хүн шүү 2016-03-18
хөөх :ДАНДАА МИНИЙ ХАЙРТАЙ ХҮМҮҮС БАЙНАА 2016-03-18
Зэв:Одоо ингэж дүр бүтээх хүн байхгүй дээ 2016-03-18
Ахмад сэхээтэн:Санаа алдаж суулаа даа. Эдгээр мэтийн МОНГОЛ ЭРЧҮҮД минь одоо хаахнуур л явна даа. Тэр үеийн жүжигчид, дуу оруулагчид гэж тусгай хүмүүс байсым уу? Сүүлийн үеийн кинонуудыг үзэхэд ярьж хөөрч байгаагаасаа эхлээ л дур гутаагаад хаячдаг юм даа. Тэгээд бас барууныхныг дууриасан алаан хядаан, тамалгаа их оруулсан "муу суртаалтай" кинонууд хийх гэж оролдохыг нь яана аа. Бид хоцрогдоод залуустаа "нүгэл үйлдэж" байна уу? гээд бодохоор кино-нд чинь бас ХҮМҮҮЖҮҮЛЭХ НӨЛӨӨ гэж байх ёстой санагдаад байдаг. Мөнгө л олж байвал хүүхэд залууст ямар үлгэр дууриал үзүүлэх нь хамаагүй болсон юм шиг билээ дээ. 2016-04-18
Жагаа:Сэтгэлд үлдсэн сайхан дүрүүд 2017-03-17
baba:ӨНӨӨ ГОМО МӨНХӨӨ ЧИНЬ НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХЭЭР ЗАРГАЛДАНА Л ГЭНЭ ШҮҮ 2017-03-17
батдорж:алтангэрэл ах маань тоглосон киногоо үзэж амжаагүй өнгөрсөндөө 2018-03-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?