Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ӨНӨӨ ХИЙГЭЭД ИРЭЭДҮЙ ҮЕИЙНХЭНДЭЭ ГОЛОГДСОН ТӨР

2016-03-21  

       Энэ жилийн сонгуулийн ирцэд итгэл байна уу?

Сонгуулийн санал хураалтад хамгийн идэвхгүй оролцдог хэсэг нь 18-35 насныхан, оюутан, залуус байдгийг судалгаагаар тогтоосон. 18-25 насныхны 10-хан хувь нь сонгуульд оролцдог гэсэн судалгаа бий. Энэ л учир сонгуулийн ирц сонгуулиас сонгуульд буурсаар. Энэ жилийн сонгуулийн ирцийг судлаачид 60 орчим хувьтай байх болов уу хэмээн таамаглаж байна. Гэхдээ үлдэж буй 3 сарын хугацаанд ирц дээшлэхэд нөлөөлөхүйц итгэл сэргэх магадлал нэн бага. Сонгуулийн ирц 60-аас доош хувь орчихгүй бол дээдийн заяа болно.

Сонгуулийн ирц буурах болсон шалтгаан нь иргэд төрдөө итгэхгүй байгааг харуулж буй нэг жишээ. Өөрөөр хэлбэл төр засаг иргэдэд итгэлтэй ирээдүйг санал болгож чадахгүй байна гэсэн үг. Нөгөө талаар одоогийн ажиллаж буй төр, залууст хамгийн их будлиантай, бузар булай үүрлэсэн өөрсдөд нь огтын хэрэгцээгүй газар гэдэг ойлголтыг төрүүлж байгаатай холбоотой. Тиймээс Монгол төрийн нэр хүнд сэргэн мандтал сонгуулийн ирц сайжрахгүй гэдгийг хэн ч хэлж чадна.

Сонгуулийн өдөр үд хүртэл амарчихаад зурагтаар энд тэндхийн сонгуулийн будилаан зэргийг сониучирхан сортолзож хаалгаа барихын наагуур л очдог хүмүүс олон. Сонгуулийн өглөөг настайчууд эхэлдэг нь нууц биш. Олон хүн 22.00 цаг хүртэл хэн нэгэн, ямар нэгэн зүйл тарааж магадгүй гэх горьдлогоор хүлээдэг байдал одоо ч хэвээр. Сонгуулийг эхнээсээ хоосон амлалт, бэлэг сэлт, мөнгө,  ямар нэгэн бэлэн зүйл тараадаг хэлбэр рүү шилжүүлсэн нэр дэвшигч намууд үүнд мөн буруутай. Ядуу ард түмний сэтгэл санаанд таарсан ядмаг ардчиллын хэлбэрийг өнөөгийн залуус үл тоох хандлага нь сонгуулийн ирц. Онлайн ертөнцөөр бодит амьдралаасаа илүү даяарчлагдаж чадсан шинэ үеийнхэнд төр нь өөрөө гологдож байгаа хэлбэр энэ бус уу?  Шинэ үеийнхэнд сурч боловсрох таатай нөхцөл, ажлын байр, ирээдүйд итгэх итгэл хэрэгтэй. Гэвч сонгуулиас сонгуулийн хооронд хоосон цэцэрхэгч энэ цагийн удирдлагууд улсын зардлаар өөрийнхөө хүүхдийг гадаадад сургахаас илүү юуг хийсэн бэ? Өдгөө тэр эх орноосоо явахын хүслэнд автаж байгаа нь тэдний буруу юу?

Өнөө болон ирээдүй үедээ гологдогч төр засаг гээд тодорхойлчиход хилсдүүлсэн болохгүй болов уу. Өнгөрөгч сонгуулиар зөвхөн залуусыг сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж ятгаж байсан ч үр дүнгээ олигтой өгөөгүй. Залуусдаа хэрэгтэй засаг төр оршиж, тэдний хүндэтгэлийг хүлээж чадахгүйгээр хүчээр өөртөө санал өгүүлэхийг ятгаж сэнхрүүлэх нь ядсан арга. Сонгуульд оролцдоггүй хэнэггүй, идэвхгүй залуусыг буруутгахаасаа урьдаар өнөөгийн улс төрийн өнгө төрхийг өөрсдөөсөө харсан нь оновчтой.

Ээлжит сонгуулийн нэгэн үе дуусч дахин шинэ сонголт хийхийн өмнө тулаад байхад байдал дээрдээгүй харин ч дордсоноос харахад энэ удаагийн сонгуульд иргэд, залуус ямар ирцтэй оролцох нь бараг тодорхой. Монгол Улсын иргэн сонгох бас сонгохгүй байх ч эрхтэй. Сонгох сонголт үгүй байвал юуг сонгох билээ. Сонгуулийн шинэчилсэн хуулиас мөн одоогийн байгаа улс төрчдийн өнгө царайнаас үзэхэд сонгочихоор сонголт нэн хомс харагдана. Залуустаа тоогдож сонгогдохооргүй үнэгүйдчихсэн төр засаг оршоод байгаа юм биш биз!

 

 

Х.АЯЛГУУ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?