МАЛЧИД МАЛЫН ТООНООС ИЛҮҮ ЧАНАРТ АНХААРЧ БАЙНА

2017-11-30  

Мал аж ахуйн салбар нь хүн амыг хүнсээр, боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах үндсэн эх булаг байсаар ирсэн одоо ч энэ ач холбогдлоо алдаагүй байна. Өөрөөр хэлбэл мал аж ахуйн хөгжлөөс манай орны эдийн засаг ихээхэн хамааралтай хэвээр байна. Иймд мал аж ахуйгаа анхаарч, байгаль цаг уураас хараат байдлыг багасгаж, өгөөж үр ашгийг нь дээшлүүлэх нь чухал юм.

Энэ салбараас хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг үйлдвэрлэж, экспортын нийт орлогын 10 шахам хувийг бүрдүүлж байгаа гэсэн судалгаа ч байдаг. Монгол малын мах үнэгүйдлээ, дан ганц мал аж ахуйгаар амьдарч байгаа малчдын амьдрал хүнд байна гэх малчид олширчээ. Мөн удам залгах малчингүй боллоо. Бүгд хот суурин газар бараадан хэдэн хөгшчүүл л хөдөө мал маллаж байна гэх нь үнэнд нийцнэ. Гэхдээ үүний хажуугаар мал маллахад сэтгэл зүрхээ зориулан хичээж яваа залуу малчид ч цөөнгүй бий.

Тухайлбал саяхан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын малчин Г.Сэнгэдоржийн өвөлжилтийн бэлтгэлтэй танилцсан. Тэрбээр биеийн тамирын багш мэргэжилтэй. 1992 онд БНСУ-д ажил хөдөлмөр эрхэлж байгаад 2003 онд нутагтаа ирж малчин болжээ. Г.Сэнгэдорж 14 жил мал маллаж өдгөө бог бод нийлсэн 800-аад малтай, сумын аварга малчин өнөр өтгөн өрх юм.

Тэрбээр хүний нутагт хөдөлмөрөө мөлжүүлж байснаас эх нутагтаа ирж, халуун хошуут малаа дагасан нь миний амьдралын баталгаа болсон хэмээн залуучуудад хандан хэлжээ. Г.Сэнгэдорж 100-аад үхэртэй цаашдаа үхрийнхээ чанарыг сайжруулах тал дээр анхаарч, махны чиглэлийн үхрийн аж ахуйг хөгжүүлэх зорилготой. Ер нь малчид эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх сонирхолтой болсон” хэмээн хуучилсан байна.

Харин сайд малын тооноос илүү чанарт анхаарч байгаа энэ бодлогыг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэл болгон ажиллаж байгаа гэдгээ тодотгон хэлсэн.

Малын тоо толгойгоос гадна малчдын хамгийн их санааг нь зовоож буй нэг асуудал нь цаг уурын нөхцөл байдал буюу зуд, гангийн асуудал юм. Энэ зуны хувьд ихэнх нутгаар гандуу, түймэр ихтэй байснаас малчид өвс тэжээлээ сайн хангаж чадаагүй байна гэсэн дүн мэдээ ч гарсан байна.

Тухайлбал “Монгол дахь бэлчээрийн мал аж ахуй, засаглал болон зудын эрсдэл”-ийн асуудлаар энэ сарын 23,24-ний хоёр өдрийн турш УЦУОШГ-ын хурлын танхимд Ус Цаг Уур Орчны Мэдээллийн Хүрээлэн, Япон улсын Нагояа Их сургууль, Пилл Ин Нийд ОУТББ, Их Британи улсын Оксфордын Их сургууль, Олон улсын Улаан Загалмайн нийгэмлэг хамтран чуулсан билээ.

Тус чуулганаар энэ жил нийт нутгийн 40 орчим хувьд өвөлжилт хүндэрч болзошгүй гэсэн судалгааг гаргасан байна. Учир нь малын тоо нэмэгдсэн боловч бэлчээрийн даацад өнгөрсөн зуны ган гачиг, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

Судлаач Б.Нандинцэцэг : “Бид сар бүр зудын эрсдэлийн байдлыг шинэчлээд явах юм. Одоогоор арваннэгдүгээр сарын байдлаар төвийн бүс болон арай бэлчээр сайн гэсэн газрууд эрсдэлтэй гарсан байгаа. Энэ нь малын тоотой холбоотой. Малын тоо хэт их байгаа газар тухайн малынхаа өвс тэжээлийг хангах чадвар муу байгаагаас болж байна. Тиймээс малчид маань малын тоо бус чанар дээрээ анхаарвал зүгээр” гэлээ.

Тэгвэл малчид болоод мал аж ахуйн салбарыг сайжруулахын тулд төр засгаас ямар бодлого баримталж байна вэ?

Монгол улсын Төр засгаас мал аж ахуйг хөгжүүлэх талаар онцгой анхаарч Улсын Их Хурлаас

-2009 онд “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”,

-2010 онд “Монгол мал” үндэсний хөтөлбөр,

- 2015 онд “Төрөөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ийг тус тус батлан хэрэгжүүлж байна.

Төрөөс малчдын талаар баримтлах бодлогын зорилго нь малчин хүнийг өөрийг нь хөгжүүлэх замаар малчин өрхийн ашиг орлогыг нэмэгдүүлэн амьдралын түвшинг дээшлүүлэхэд оршиж байгаа аж.

Дэлхий нийтийн жишгээс үзэхэд дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих явдал аль ч улс оронд хүчтэй байдаг бөгөөд импортын бүтээгдэхүүнд тариф, квот оногдуулах замаар импортын тоо хэмжээг хязгаарлах, тарифийн системээр дамжуулж экспортын үйлдвэрлэлийг дэмжих нь төр засгийн авч хэрэгжүүлдэг бодлогын зэвсэгүүд байдаг билээ.

Сүүлийн жилүүдэд төр засгаас сүү үйлдвэрлэгчдийг дэмжих төдийгүй мах, ноос, ноолуурын аж ахуйнуудыг бий болгох зэрэг илүү ашиг шимт мал аж ахуйг хөхүүлэн дэмжих бодлогыг баримталж эхлээд байна.

Тухайлбал,

-Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар болох мал аж ахуйг төрөөс онцгой анхаарч, эрх зүй, эдийн засаг, бүтэц, зохион байгуулалтын нэн таатай орчин бүрдүүлж, тогтвортой хөгжлийг хангаж, сайн засаглалыг хөгжүүлэх;

- Малын үржлийн ажил, үйлчилгээг нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсронгуй болгож, ашиг шимийн гарц, чанарыг сайжруулан, биологийн төгс чанартай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэх;

-Мал эмнэлгийн ажил, үйлчилгээг олон улсын жишигт хүргэж, малын эрүүл мэндийг баталгаажуулах замаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах;

-Уур амьсгал, байгаль, экологийн өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадавхитай мал аж ахуйг хөгжүүлэх;

- Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зорилтот зах зээлийг хөгжүүлж, бэлтгэл, борлуулалтын оновчтой сүлжээг бий болгох, урамшуулал олгох замаар эдийн засгийн эргэлтийг хурдасгах зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.

 
 
Ц.БАТТУЯА
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?