ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2017-12-18  

12-р сарын 15-ны байдлаар  Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутаг, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсэг, Архангайн зарим газраар 0.0-22.0 см зузаан цастай байна.
 
Үүнээс хамгийн их нь Өвөрхангайн Бүрдэд 22 см, Орхоны Улаантолгой, Эрдэнэтэд 21-22 см, Булганы Ингэт-толгой, Төв аймгийн Эрдэнэсантад 19 см, Булганы Хангалд 17 см, Завханы Сонгино, Дорнодын Халхголд 16 см  цастай байна.

Энэ 7 хоногт Шуурхай штабын жижүүрүүд бүх аймгуудтай холбогдсон. Мал тооллогын ажил ид явагдаж байгаа тул малчин өрхүүдээр орж санал бодлыг сонсох, эрүүл мэндийн үзлэг хийх зэрэг ажлууд давхар явагдаж байна. Орхон аймаг цас ихтэй, харин Ховд, Баянхонгор аймгууд цасгүй, усгүйдэх эрсдэл өндөртэй байгаа, Архангай аймгийн ХХААГ эвдрэлийн улмаас машингүй болсон талаар мэдээлсэн. 

Малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 29 аж ахуйн нэгжтэй Бодлогын гэрээ байгуулагдсанаас 28 аж ахуйн нэгжтэй 36.3 тэрбум төгрөгийн Зээлийн гэрээ байгуулсан, 6 аж ахуйн нэгжийн дахин сонгон шалгаруулалтад хамруулж 3.7 тэрбум төгрөгийн Бодлогын гэрээ байгуулсан. Эдгээр ААН-үүд зээлийн гэрээний барьцааны үнэлгээний шатанд байна. Сангийн яамтай Төсвийн зээлийн гэрээ байгуулан нийт санхүүжилтийн 10.0 тэрбум төгрөгийн эрх нээгдсэн. 25 ААН-д 9.2 тэрбум төгрөгийг олгоод байна. НӨАТ болон гаалийн албан татвараас чөлөөлөгдөх тэжээл, тэжээлийн түүхий эдийн жагсаалтыг Засгийн газрын 335 дугаар тогтоолоор батлуулан Гаалийн ерөнхий газар, ААН-үүдэд хүргүүллээ. 

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал (Зүүнхараа), Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд шүлхий өвчинтэй тэмцэх зааврийн дагуу хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

1. Сэлэнгэ аймгийн Мандал (Зүүнхараа) суманд 2017 оны 11 сарын 18-ний өдөр шүлхий өвчин оношлогдон, 123 өрхийн 1344 толгой үхэр өвчилж, устгалд хамруулан, хорио цээрийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Мандал сумын хэмжээнд 29526 мал, амьтанг эхний болон давтан вакцинжуулалтад хамруулж дууссан байна. 2017 оны 12 сарын 05-ний өдрөөс хойш шинээр өвчилөл гарсан өрх бүртгэгдээгүй байна.

 2. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багт 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүлхий өвчин Нийслэлийн Багануур дүүргийн малчны үхэрт оношлогдсон. Нийт 1 өрхийн 69 үхэр устгалд хамруулан, ариутгал халдваргүйтгэл хийж хорио цээрийн дэглэм хэрэгжүүлж байна. 2017 оны 12 сарын 02-ний өдрөөс хойш мал өвчлөөгүй байна.

ХХААХҮЯ –ны зүгээс Малын хяналтын тооллогыг Өмнөговь, Дорноговь, Орхон, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Өвөрхангай, Архангай аймгуудад хийхээр 4 ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.

Манай улс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар ОХУ-д 560.0 тн үхрийн мах, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон улсад нийт 23616 тн адууны мах, Иран, Катар улсад 2312 тн хонь, ямааны мах нийт 26.488 тн мах экспортлож, өмнөх 7 хоногтой харьцуулахад 2872 тн-оор нэмэгдсэн байна.

12 сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд Хэнтийн уулархаг нутгаар, 17-18-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 17,18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

 

 

ХХААХҮЯам

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?