Нийгэм олон ингэж л харагдаж байна. Зүрх сэтгэлээ сонсоод дуугарах уран бүтээлчид, нийгмийн зүтгэлтнүүд алга болжээ. Тэд айсан уу, аль нэг талд нь орно гэж төвөгшөөсөн үү, муухай харагдана, муу хэлүүлнэ гэв үү, ямар ч гэсэн дуу хоолойгоо өргөсөнгүй. Хэвлэл мэдээллийнхэн муу хэлүүлсэн ч үйл явдлыг мэдээлэхээс цааш хэтэрсэнгүй. Хүний эрхийн байгууллагууд бүгд таг чиг. Амиа хоохойлов уу, ашиггүй, нэмэргүй гэж үзэв үү? Ямар ч гэсэн үүргээ умартлаа тэд.
Сосорбарамыг мэдэгдэл гаргалаа гэхээр нь, Женкогоо л өмөөрч байгаа биз гэж бодтол, огт өөр зүйлийн мэдэгдэл хийлээ. Тэр намуухан аядуу ярьсан боловч түүний сэтгэлийн хашгираан маш тод сонсогдлоо. Түүний зүрх сэтгэл хашгирч байна. Оюун ухаанаараа шүүн тунгаасан бол төр болон төрийн тэргүүн лүүгээ дээрх үгээ хаяглахгүй л байсан болов уу? Тэр ухаанаа биш, зүрх сэтгэлээ сонслоо. Маш чухал шийдвэр гаргах үед, та юугаа сонсох вэ? гэхэд
-Би зүрх сэтгэлээн сонсож, түүнийгээн дагана гэж нэгэн суут хүн хэлсэн байдаг. Сосорбарам түүнтэй ижил шийдвэр гаргажээ. Сосорбарам, хэнээс ч хамаардаггүй эрх чөлөөт уран бүтээлч хүн яаж дуугардаг, яг тэгж дуугарлаа. Тэр жинтэй дуугарлаа. Иргэд бас нэг өмгөөлөх хүнтэй юм байна гэдэг итгэл төрөхөөр тэр хэллээ. Ийм эр зоригтой, сэтгэл зүрхтэй, ядарсан нэгнээ өмөлзөн хамгаалж чадах хөвүүн дуусаагүй байгаад туйлаас талархлаа. Сосорбарам аргагүй л уран бүтээлч мөн юм. Уран бүтээлч хүмүүс цагийг эзэлж төрдөг. Уран бүтээлчдийн дэргэд бол улс төрчид өчүүхэн хүмүүс. Сосорбарам бид нэг цагийн оюутнууд. Бидний оюутан ахуйд их удирдагч Брежнев ид гялалзаж явсан. Түүний тухай хожим юу гэж ярих вэ? Гэж наргиан үүсгэтэл, "Брежнев бол Алла Пугачёвагийн үед амьдарч байсан жижигхэн улс төрч юм" гэж бичсэн байна гэж оросууд ярьдаг гэж хөхрөлддөг байсансан.
Түүнтэй зүйрлэвэл, нэрийг нь дурдаад яах вэ?, зүгээр л өнөөгийн удирдагчдыг хожим хойно ,тэр хүн хэн байв аа? гэвэл, "Жүжигчин Сосорбарамын үед амьдарч байсан жижигхэн улс төрч " гэж хэлж болох нь ээ. Ингэж эр зориг гаргаж ард иргэдээ өмгөөлсөн Сосорбарамын мэдэгдлийг CONTROL.MN ч бас цааш цааш нь түгээх нь зүйтэй гэж үзлээ. Бичлэгийг хамтдаа сонсоцгооё.
Нийтлэлч Ц. ЭНХБАТ