Өнгөцхөн харахад энэ жилийн сонгуулийн төсөв өмнөхөөсөө хамаагүй бага мэт харагдаж байна. Задлаад биччихсэн болохоор тэр л дээ. Нэр дэвшигчдийн тойргууд дээр зарцуулах мөнгөтэйгөө нийлээд энэ сонгуулиар нам, эвсэл тус бүрийн гаргах зардал 9309.0 сая төгрөг болж байна.
Удахгүй болох УИХ-ын сонгууль хүртэл бид ямар хэмжээний хөрөнгөөр “найрлах”-ыг эрх бүхий байгууллага тогтоолоо. Эрх бүхий гэсний учир нь өмнөх 2012 оны болон энэ жилийнхийг өөр өөр субьектууд тогтоосон юм. Дөрвөн жилийн өмнөх зардлыг тухайн үед хэтэрхий их хөрөнгө үрэлгэн зарцуулах гэлээ хэмээн олон нийт шүүмжилж байсан. Эдийн засгийн өнөр өсөлт тэгтэл саарч амжаагүй байсан үе. Амьдрал, амьжиргааны маань өртөг бараг л Катарын дайны болчихсон байсныг санаж байгаа байх. Тэр үед л өндөр санагдаж байсан сонгуулийн зардлыг өнөөдөр яг хэвээр нь, ялимгүй өсгөсхийн баталсан нь харин дэндүү үрэлгэн санагдахгүй байна гэж үү?
Энгийн логикоор, энэ жил сонгогчдын тоо 4 жилийн өмнөхөөс олширсон байгаа. Тэгэхээр зардал өсөх нь мэдээжийн хэрэг. Тэгвэл эдийн засгийн хөөсрөл, үнийн хөөрөгдөл багасчихсан, инфляцийн түвшин 3.0 хувиас ч доогуур байгааг бодолцвол 2012 оныхоос хэд нугалсан өндөр зардал ч байж мэдэх юм. Энэ өндөр зардлыг сонгуульд оролцох нийт нам, эвслүүдийн болон нэгж тойрогт нэр дэвших хүмүүсийн тоогоор үржүүлвэл яаж данхайхыг ярих ч юм биш. 2012 оны УИХ-ын сонгуульд улстөрийн 11 нам, 2 эвсэл оролцсон бөгөөд 26 бие даагчтайгаа нийлээд ний 570 нэр дэвшигч өрсөлджээ. Энэ жил ч мөн өдий дайны оролцогчид сонгуульд өрсөлдөнө гэж тооцвол бид бараг л улсын төсвийн орлогынхоо дөрөвний нэгтэй тэнцэх хөрөнгөөр сонгуульдах нь.
Х.АЯЛГУУ