ОРОН НУТГИЙН ХОРШООДЫН ГИШҮҮДЭД ОРГАНИК ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАЛААР ЦОГЦ МЭДЛЭГ ОЛГОЖ БАЙНА

2019-05-22  

Дэлхийн хүн ам өсөж, хотжихын хэрээр хүрээлэн буй орчиндоо ээлтэй, аюулгүй хүнс үйлдвэрлэх, хэрэглэх нь эрүүл, урт удаан, аз жаргалтай амьдрах баталгаа гэдгийг олон улс хүлээн зөвшөөрч, органик үйлдвэрлэлд шилжиж, органик хөдөө аж ахуйг хөгжүүлэх боллоо. 

Өнөөдөр дэлхийн 181 оронд 68,9 сая га талбайд 2,9 сая фермер органик үйлдвэрлэл эрхэлж, 92 тэрбум евро буюу 272,9 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Дэлхийн хүн амын хүнсний хангамжийн 75 хувийг 500 сая жижиг фермер хангаж байна гэсэн статистик бий. 

Одоогийн байдлаар дэлхийн 90 орчим улсад органик хүнсний тухай хууль тогтоомж мөрдөгдөж байгаагаас Монгол Улс 2016 онд Органик хүнсний тухай хуультай болж, түүнийг дагалдан 6 журам, аргачлал батлагдан, хэрэгжиж байна. Ийнхүү манай улсад органик үйлдвэрлэл явуулах, органик гэдгийг баталгаажуулах хууль эрх зүйн орчин бүрэн бүрдсэн гэж хэлж болно. Тус хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс АДРА Монгол ОУБ-ын "Органик хөдөө аж ахуйн түншлэл" төслийг хэрэгжүүлж, Сэлэнгэ аймгийн 30 хоршоонд түшиглэсэн хамтын баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм.  

Хамтын баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлэхэд орон нутгийн иргэд, хоршоод төдийгүй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлд органик хөдөө аж ахуй, нэмүү өртгийн сүлжээний ач холбогдол, нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх нөлөө зэргийг таниулах, хэрэглэгчдийн мэдлэг, хандлагыг өөрчлөх шаардлагатай гэж мэргэжилтнүүд үздэг. 
Тиймээс Органик хөдөө аж ахуйн түншлэл төслөөс "Органик хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээ-Хамтын баталгаажуулалт" сэдэвт сургалтыг энэ сарын 20-23-ны өдрүүдэд Улаанбаатар, Дархан-Уул аймагт тус тус зохион байгуулж байна.

Хөдөө аж ахуйн чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллага, хоршооны гишүүд, иргэдийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүнийг хамруулах тус сургалтыг урилгаар Энэтхэг Улсын Хамтын баталгаажуулалтын зөвлөлийн ерөнхийлөгч Калян Паул болон Нэгдсэн Гималайн Хөгжлийн Санг үүсгэн байгуулагч Анита Паул нар удирдан явуулж байна. 

Сургалтаар уулархаг бүсэд органик хөдөө аж ахуйг хөгжүүлсэн туршлага, мал аж ахуй, газар тариалан эрхлэгчид, тэр дундаа эмэгтэйчүүдийн орлогыг нэмэгдүүлэх боломж, орон нутгийн иргэд, хоршоонд суурилсан органик хүнсний хамтын баталгаажуулалтын байгууллагын удирдлага, зохион байгуулалтын тухай цогц мэдлэг олгож байна.  

Энэтхэг улсад орон нутгийн иргэд, хоршоодод түшиглэсэн мах, сүү, арьс шир, ноос ноолуур боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх худалдан борлуулах ченжийн дамжлаггүй тогтолцоог бүрдүүлж чаджээ. 

Малчид, анхан шатны хоршоод, дундын хоршоо, сүү үйлдвэрлэгчдийн компани, Сүү, сүүн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх зөвлөл гэсэн шат дараалал бүхий бүтэц нь нэг нэгнийгээ дэмжих зарчмаар ажилладаг бөгөөд үндсэн үйл ажиллагаа нь хүн амыг органик бүтээгдэхүүнээр хангах, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхэд чиглэдэг. 

Онцлон дурдахад, малчид, анхан шатны хоршоодын гишүүд нийлүүлсэн сүүнийхээ хэмжээгээр урамшуулал хүртэж, дундын хоршоо нь малын тэжээлээр хангах, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, зохиомол хээлтүүлэг хийх зэрэг үйлчилгээ үзүүлж, зах зээлд гаргах бүтээгдэхүүнээ нийтээрээ хэлэлцэн шийддэг байна. Тус улсад химийн ямар нэгэн бордоо, бодис хэрэглэхгүй, аливаа зохиомол өсгөгч ашиглахгүйгээр бага талбайд органик газар тариалан эрхлэх боломжтой гэдгийг харуулсан амжилттай жишээ олон байдаг гэв. Тиймээс хорших, хөдөлмөрөөрөө нэгдэх, хамтарч ажиллах, түншлэх нь эргээд тухайн малчин, тариаланч төдийгүй нийгэм, эдийн засаг, байгаль орчинд сайн нөлөөтэй болохыг онцоллоо.  

Онол, практик хосолсон уг сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачилсан "Алсыг харья-Органикийг сонгоё" сарын ажлын үеэр явуулж байгаагаараа цаг үеэ олсон чухал арга хэмжээ гэдгийг зохион байгуулагчид хэлж байна. 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?