МАХНЫ ҮНЭ 2-3 МЯНГАН ТӨГРӨГӨӨР БУУРЧЭЭ

2019-05-29  

Махны үнэ 10 мянга хол давж хүмүүсийг бухимдуулаад амжсан. Дүүргүүдэд нөөцийн махны худалдаа гарсан ч маханд дугаарлах хүмүүс урт дараалал үүсгэн, худалдаж авах махны хэмжээг тогтоосон нь хэтэрхий туйлшрал байсан гэх мэтчилэн нэлээд шүүмжлэлд өртсөн. Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны иргэн н.Бат-Эрдэнэ “Махны үнэ өссөн учраас жижиглэнгээр авч байна. 60 гаруй сая толгой малтай атлаа “тэнгэрт тулсан” үнээр мах худалдаж аваад сууж байх гэж. Нөөцийн мах авахаар хэтэрхий урт дараалалд олон цагаар зогсоод 4-5 хоногийн хоолны мах авлаа” хэмээн халаглаж байсан юм. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд худалдааны төвүүдэд махны үнэ буурсан байлаа. Тухайлбал, “Нарантуул-2” худалдааны төвд үхрийн цул мах кг 11500-12500 төгрөг байсан бөгөөд энэ нь долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад дариу 2500-3500 төгрөгөөр буурсан дүн аж. Худалдаачин Б.Цэнгэлийн ярьснаар богино хугацаанд махны үнэ огцом өссөн ч эргээд буух төлөвтэй байна гэв. Хэдийгээр үхрийн махны үнэ буурсан ч хонины мах төдийлөн буураагүй байна. Долоо хоногийн өмнө 11-12 мянган төгрөгийн үнэтэй байсан хонины цул мах өчигдөр 10 мянган төгрөгийн үнэтэй байна. Ийнхүү махны үнэ буурах болсон шалтгааныг албаныхан тайлбарлахдаа, Засгийн газрын хуралдаанаар хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэд зохицуулалт хийх талаар хэлэлцсэн. Махны үнийг тогтвортой байлгах үүднээс 127 худалдааны цэгт нөөцийн махыг борлуулж, амралтын өдөр өргөтгөсөн худалдаа хийж байна. Дулааны аргаар мах боловсруулан экспортлох үйлдвэрүүд итгэмжлэгдсэн мах боловсруулах үйлдвэрээс бэлтгэх ёстой ч зах зээлд гарахын өмнө гар нядалгаа хийж байсан нь тогтоогдсон тул энэ байдлыг зогсооно гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлж байв. Түүнчлэн ченжийн харилцааг халж, иргэд үйлдвэрлэгч шууд харилцах боломжийг бий болгохоор ажиллаж байгаа аж. Хэрэв дотоодын зах зээлд хүндрэл үүсвэл 3, 4, 5 дугаар сард махны экспортыг зогсоох талаар ярьж буй аж. Дээрх шийдвэрүүдийг хэрэгжүүлснээр махны үнийг хэдэн хувиар бууруулна гэж хэлэх боломжгүй ч аль болох уян хатан байдлаар зохицуулахаар ажиллаж байгаагаа салбарын мэргэжилтнүүд хэлж байв. Юутай ч 14 хоногийн турш эрчимтэй өссөн махны үнэ 2000-3000 төгрөгөөр буурч иргэд түр амсхийж байна. Цаашид махны үнэ буурна хэмээн салбарын сайд Ч.Улаан илэрхийлснийг энэ дашрамд онцолъё.

Өнгөрсөн лхагва гариг буюу энэ сарын 22-ны байдлаарх махны үнэ гурав хоногийн дотор 2-3 мянган төгрөгөөр буурчээ.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ВЭБ САЙТААР ДАМЖУУЛАН ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭГҮЙ АВАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ?