УЛСЫН УРГАЦЫН КОМИСС ХУРАЛДЛАА

2019-08-27  
 

 Улсын ургацын комисс өнөөдөр хуралдлаа. Тус хурлаар 2019 оны ургацын төлөв байдал, урьдчилсан баланстай танилцаж, цаг агаарын төлөвийн мэдээллийг сонсож,  ургац  хураалтын технологийн зөвлөмж гаргах юм.

2019 онд улсын хэмжээгээр  364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.1  мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн.

Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн  тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн тооцоо гарч байна.

Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 13 аймгийн 86 сумын 1147 аж ахуйн нэгж, иргэдийн 337.0 мянган га улаанбуудайн талбайг хамруулж зохион байгуулснаар нийт тариалсан талбайн 75.6 % буюу 250.6 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй байсан байна.   

Гэвч энэ жилийн хувьд 5 дугаар сард хүйтэн сэрүүн, хүчтэй салхи шуургатай байсан нь хаврын тариалалтын явц болон чийгийн хадгалалт, таримлын соёололтод  сөргөөр нөлөөлсний зэрэгцээ  6 дугаар сар бүхэлдээ хуурай халуун,  олон хоног үргэлжилсэн нарны хэт халалт явагдаж улмаар зуны бороо 6 дугаар сарын 25-наас зарим бүс нутгуудад 07 дугаар сарын 04-нөөс орж эхэлсэн нь буудайн өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж бутлалт буурах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Энэ жилийн хувьд Булган, Хөвсгөл, Орхон, Архангай, Өвөрхангай, Увс  болон Сэлэнгэ аймгийн зарим сумдын нутгаар ургацын байдал хэвийн байгаа бол Төв, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар болон Сэлэнгэ аймгийн хойд талын сумдад тохиолдсон нарны хэт их халалт, гангийн улмаас энэ бүс нутгуудад ургац бага зэрэг буурахаар байна. 

Байгалийн давагдашгүй хүчин зүйл ган, хүчтэй мөндрийн улмаас Сэлэнгэ, Төв, Булган, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар аймгийн нийтдээ 11.0 мянган га талбайд хураалт хийх боломжгүй байгаа бол болц дутуу байснаас 3.5 мянган га талбай тэжээлд шилжих төлөв гарч байна.  

Цаг агаарын төлөв байдалтай холбоотойгоор нийт хураах талбайн 60 шахам хувь нь сүүн болцын төгсгөлд байгаа бол 40 хувь нь аарцан болцын эхний үед байна. Түүнчлэн 7 дугаар сарын 20-ноос эхлэн орсон үргэлжилсэн их борооны улмаас тарималын болц оройтох, талбай дахь хог ургамалын ургалт нэмэгдэх хандлагатай  байгаа тул  ургац хураалтад хүндрэл учруулж  болзошгүй байна.

Цаг агаарын урьдчилсан  төлөвөөр 8 дугаар сарын сүүлчээр тариалангийн бүс нутгаар  цочир хүйтэрч улмаар 9 дүгээр сарын эхээр цас орох магадлалтай  байна.

Тиймээс ургацыг хаягдалгүй хураах технологийн зөвлөмжийг боловсруулан тариаланчдад хүргэх, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад холбогдох төрийн байгууллагуудын оролцоо, ажлын уялдаа холбоог хангаж ажиллахад анхаарч байна.  

Ургац хураалтад 1216 комбайн, 511 жатка, 362 үтрэм, 120 гаруй төмс хураах комбайн, 455 төмс, хүнсний ногоо ухагч, 923 цэвэрлэгч, ачигч, сортлогч машин ажиллахаар судалгаа гарсан бөгөөд засвар үйлчилгээ хийгдэж техникийн бэлэн байдал 82 орчим хувьтай явагдаж байна.

Ургац хураалтын үед ажиллах тээврийн  хэрэгслийн болон цэргийн албан хаагч, оюутны захиалга, ургац тээвэрт ашиглагдах зам гүүрийн эвдрэл гэмтлийн судалгааг орон нутгаас авч байна.

Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 420.0 мянган тонн буудай үтрэм дээр буух төлөвтэй байна. Үүнээс 2019 оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн хэрэгцээнд 50.0 мянган тонн буудайн үр нөөцлөх бөгөөд үрийн зориулалтаар 6.6 мянган тонн, тэжээлд 21.5 мянган тонн, спиртийн үйлдвэрт 8.7 мянган тонныг тус тус зарцуулахаар санал ирүүлснээр гурил үйлдвэрлэлд нийтдээ 333.2 мянган тонн буудай нийлүүлэгдэх төлөвтэй байна.

Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320.0 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай шаардлагатай бөгөөд балансаас харахад 2019-2020 оны хэрэгцээг хангах хэмжээний буудайн нөөц бүрдэхээр урьдчилсан баланс гарч байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?