ХАВРЫН ТАРИАЛАЛТ 5 ДУГААР САРЫН 5-НД ЭХЛЭХЭЭР БОЛЖЭЭ

2016-04-29  

Намраас эхэлсэн тариаланчдын төлөөлөл болон салбарын яамны дундах үл ойлголцол хаврын тариалалтын өмнө тулж ирэв. Л.Цандэлэг, Л.Чинбат, Б.Эрдэнэбат нарын зүгээс сайд Р.Бурмаа ОХУ-аас 2016, 2017 онд хэрэглэх, Монголын хэрэгцээнээс хэтэрсэн импортын зөвшөөрлийг 70 гаруй аж ахуй нэгжид олгосон. Энэ үйлдэл нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдал 300 000 гаруй хүн ажилладаг газар тариалангийн салбарыг бүхэлд нь өвдөг сөхрүүлэх үйл ажиллагаа боллоо хэмээн мэдэгдэж байсан юм. Тиймээс судалгаагүй, хугацаагүй, замбараагүй олгосон импортын квотын зөвшөөрлийг 2016 оны 4 дүгээр сарын 1-нээс хойш импортлохыг цуцалж хүчингүй болгох, үр тариа эрхлэгч иргэд, аж ахуй нэгжүүдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг дөрөвдүгээр сарын 1-ний дотор яаралтай олгуулах зэрэг шаардлагууд багтаад байсан.

Харин салбарын яам тариаланчдад үрийн буудай болон шатахууныг хөнгөлөлттэй зээлээр өгч эхэлсэн тухай сүүлийн үеийн мэдээлэл хүргэжээ. Хэдэн аж ахуй нэгжид ямар зөвшөөрөл олгосон бэ? гэдгээс илүү энэ хаврын тариалалт ямар шатандаа явааг олон нийт илүү сонирхож байна. Тус мэдээллээр Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас энэ хаврын тариалалт ирэх сарын 5-ны өдөр эхэлнэ гэжээ. Тухайлбал тариалалт эхлэхээс өмнө ОХУ-аас оруулж ирэх 8000 тонн үрийн буудайг импортолж, тариаланчдад нийлүүлэхээр Тариалан эрхлэлтийг дэмжих сан ажиллаж байгаа аж. Импортоор орж ирсэн буудайг  “Милл хаус”, “Хангайн гурил”, “Нямбайгаль Даваа” гэсэн 3 аж ахуйн нэгж ТЭДС-д нийлүүлэх гэрээ байгуулсны дагуу эхний ээлжийн 2000 тонн-ыг тус санд хүлээлгэн өгчээ. Үлдсэн 6000 тонныг 5 дугаар сард багтаан оруулж ирэх бөгөөд буудайг авахаар захиалсан 200 тариаланчдад зээлээр олгохоор болсон байна. Импортын үрийн буудайн нэг тоннын үнэ 815 000 төгрөг, ТЭДС-ийн агуулахад хураагдсан дотоодын үрийн буудай тонн нь 800 000 төгрөг байхаар тогтоогджээ.

ТЭДС үрийн буудайгаа хугацаандаа төлбөрөө барагдуулдаг 130 тариаланчид 10 хувийн урьдчилгаа хэлбэрээр,  үлдсэнийг нь намрын ургац хураалтын үеэрээ эргэн төлөх нөхцөлтэйгээр өгөх юм. Харин тариалан эрхлэгч 70 ААН, 30 хувийн урьдчилгаа төлж, 70 хувийг нь намар хураан авсан буудайгаараа орлуулж барагдуулах юм байна.

Энэ жил нэг га талбайд 10 литр шатахуун зарцуулагдахаар тооцон зээлээр олгож эхэлжээ. Өөрөөр хэлбэл, тариаланчдад нийлүүлэх шатахууны бөөний үнэ литр нь 1360 төгрөг, жижиглэнгийн үнэ нь зах зээлийн ханшаас 30-50 төгрөгөөр хямд байх юм. Одоогоор ТЭДС-д 1000 орчим тариалан эрхлэгч буюу ААН хөнгөлөлттэй үнээр шатахуун авахаар хандаад байгаа юм байна.  Шатахууныг 50 хувийн урьдчилгаа авч, үлдсэн 50 хувийг нь намрын ургацаас нь авахаар талууд тохиролцож мөн зээлээр өгнө. ТЭДС-аас  сая 200 000 төгрөгийн ханштай нэг тонн бордоог үндсэн төлбөрөөс  нь 65 хувь хөнгөлж, 400 000 төгрөгөөр тариаланчдад олгож байна. Ингэхдээ 300 000 төгрөгийн урьдчилгаа авч, үлдсэн 100 000-ыг нь намар авахаар талууд тохиролцжээ. Харин Японоос 8000 тонн бордоо авахаар гэрээлснээс одоогийн байдлаар 6000 тонн нь орж ирээд байна. Уг бордооноос 5000 тонн нь тариаланчдын гарт хэдийнээ очоод байгаа юм.

 

 

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ 6 САРААР ЧӨЛӨӨЛСӨН ШИЙДВЭР ЗӨВ ҮҮ?