ЭМЯ-НЫ НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

2020-03-16  

ЭМЯ-аас ээлжит хэвлэлийн хурлын нэгдсэн мэдээллийг хүргэж байна.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: COVID-19 халдвар өнгөрсөн 24 цагт 7 улсад халдвар бүртгэгдэж, дэлхийн 150 улсад тархлаа. COVID-19 халдвар БНХАУ-д гурван сар гаруйн хугацаанд тархахад Хятадтай 4700 км газраар хиллэдэг Монгол Улсад яагаад халдварын ганц тохиолдол бүртгэгдсэнийг дэлхийн эрдэмтэд судалж эхэлжээ. Эрдэмтэн судлаачид Монголд халдвар тархаагүй нь хөл хорио тогтоох, хязгаарлах арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар цаг алдалгүй авсан нь халдвар тархахгүй байх хамгийн зөв шийдвэр байлаа хэмээн дүгнэж, хөл хорио тогтоох нь хамгийн оновчтой шийдвэр болохыг улс орнуудад зөвлөж эхэлсэн гэх таатай мэдээтэй байна.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах: "COVID-19 халдвар бүртгэгдсэн цагаас эхлэн ЗӨСҮТ ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж, халдвар импортлогдон орж ирэхээс сэргийлэн ажилласан. Сүүлийн өдрүүдэд гадаад оронд байгаа иргэдээ тусгай нислэгээр авчирч байгаатай холбогдуулан есөн баг, 50 гаруй мэргэжилтэн эцсийн халдваргүйжүүлэлт хийхээр байнгын бэлэн байдалд ажиллаж байна. Зорчигчдыг ирэх үед нисэх буудал, тээвэрлэсэн автобус, байрлах зочид буудал, сувиллуудад гурван баг халдваргүйжүүлэлт хийж ажилласан. Өнөөдөр мөн хоёр баг нисэх буудал дээр ажиллаж байна. Тусгай үүргийн онгоцууд цаашдаа удаа дараа ирэх учраас УОК-ын шуурхай штабын бүрэлдэхүүнд ариутгал, халдваргүйжүүлэлтийн мэргэжлийн хүмүүс орж ажиллаж байгаа.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: "Франц иргэнтэй онгоцонд хамт ирсэн 23 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Баян-Өлгий аймагт гарсан сэжигтэй тохиолдлын хариу хараахан гараагүй байна. Шинжилгээний сорьц наашаа гарсан. Мөн Франц иргэний сэтгэл санаа тогтворжсон. Арван жилийн хүүхдүүд англи хэл дээр захиа бичин илгээж байгаа нь түүнд сэтгэл санааны томоохон дэм өгч байна” гэсэн мэдээллийг өглөө.

Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: "Өнгөрсөн амралтын өдрүүдэд Европын улс орнуудад хэсэгчилсэн болон бүхэлд нь хорио тогтоох шийдвэрүүд гарлаа. Тухайлбал, Чех улсад халдварын тархалтаас сэргийлэх хүрээнд бүх дэлгүүр, үйлчилгээний газруудыг гуравдугаар сарын 24-ний өдрийг дуусталх хугацаанд хааж, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн болох хүнс, ахуйн хэрэглээний зүйлс, түлш шатахуун, эмийн худалдаа эрхэлдэг газруудыг л ажиллуулах шийдвэр гаргасныг ЭМ-ийн сайд нь мэдэгдсэн байна. Серби улсад Ерөнхийлөгчийнх нь шийдвэрээр онц байдал зарлалаа. Итали, Испани, Франц, Швейцарт халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Ялангуяа, сүүлийн 24 цагийн хугацаанд Швейцарт шинээр бүртгэгдсэн халдварын тоо 800 гаруйгаар нэмэгдэж, гуравдугаар сарын 17-ноос сургуулийн үйл ажиллагааг гурван долоо хоногийн хугацаатай хаах шийдвэр гаргалаа. АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс холбооны улсын хэмжээнд мөрдөх журмыг гаргалаа. Тус журамд ирэх хоёр сарын туршид 50 болон түүнээс дээш тооны хүн оролцох аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх, чухал шаардлагатай бол цахим технологийг ашиглахыг онцолсон байна. 49 муж улсад халдварын тохиолдол гарч байгаатай холбогдуулан муж улс бүр өөр өөрийн онцлогтой шийдвэрийг гаргасаар байгаа. Нью-Йорк хотын захирагчийн шийдвэрээр сургуулийн үйл ажиллагааг зогсоосон тул 1.1 сая хүүхэд гэртээ байх нөхцөл бүрдсэн байна. Мөн эмнэлгүүдэд яаралтай бус мэс заслуудыг цуцалж магадгүй байгааг мэдээлжээ. Филиппин улсын нийслэл Манила хотод орох гарах бүх хөдөлгөөнийг нэг сарын хугацаатай хааж, тус хотын оршин суугч 12 сая хүн хорио цээрийн дэглэмд амьдарч байна. Африк тивд Кени улсад бүх сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хаахын зэрэгцээ, халдвар бүртгэгдсэн ямар ч улсаас ирэх гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй гэдгээ зарласан. Катар улс тус улсыг чиглэсэн ачаа тээвэр болон транзит нислэгээс бусад бүх зорчигч тээврийн нислэгийг 14 хоногийн хугацаатай хориглолоо. БНХАУ-д өнгөрөгч Ням гарагт халдварын 16 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрөөс 20 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм. Харин нас баралтын тоо өмнөх өдрөөс 14-өөр нэмэгдэж, нийт нас баралт 3,213 болсон байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: “Бид нийт 1,697 хүнийг ажиглах байранд тусгаарлан ажигласан. Яг одоогийн байдлаар 945 хүн ажиглалтын байранд эмчийн хяналтад байна. Харин нийт 291 сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийсэн. Өчигдөр ХӨСҮТ-д нэг иргэн тусгаарлагдсан нь хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 9-ний хооронд Франц улсын долоон жуулчинд үйлчилж, Хөвсгөлийн Хатгал руу яваад буцаж ирсэн гэсэн өгүүлэмжтэй монгол иргэн. Тэрбээр гүйлгэх, халуурах зовуурьтайгаар тусгаарлагдсан. Шинжилгээ одоогоор хийгдэж байгаа бөгөөд биеийн байдал нь тогтвортой байна. Бид гурван сарын турш зөвлөгөө өгсөөр байхад гаднын улс орон руу зорчиж, гадаад иргэдэд үйлчилсэн байгаа учраас бидний өгч буй зөвлөгөө зөвлөмжийг онцгой анхаарах нь зүйтэй гэдгийг иргэдэд хэлмээр байна. Мөн Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэд дунд Бельги, Швейцар, Герман, Францаар дамжин ирсэн гэр бүлийн иргэд байгаа. Мөн Вьетнам, Эрхүү, Улаан-Үдээр орж ирсэн хүн бий. Мөн Сөүл, Филиппин, Хонг Конг, Тайланд, Эрхүү, Улаан-Үд гээд маш олон улсаар дамжиж иргэд ирсээр байна. "Өчигдөр Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 244 иргэн ирсэн. ХӨСҮТ-д Дэгү, Бусаны чиглэлээс ирсэн 10 иргэнийг тусгаарласан бол Цэргийн төв эмнэлэг дээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагатай буюу жирэмсэн, хэвтрийн, тэргэнцэртэй, нярай зэрэг нийт 51 хүнийг байрлуулсан. Харин "Энх саран" сувилалд 184 иргэнийг тусгаарлан ажиглаж байна. Мөн бид Цэргийн төв эмнэлгийн 570 орыг бэлдсэн бөгөөд одоогоор тус эмнэлэг дээр сэжигтэй тохиолдлуудыг хүлээн авах бэлтгэл бүрэн хангагдсан

 

О.Гоо-Оюун

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?