Дэлхийн 195 орноос 173 оронд тархаад буй шинэ коронавирусын халдвар АЗИ тивийг нөмрөх эрсдэл маш өндөр байна. Халдвар анх дэгдсэн БНХАУ-ын Ухань хотод байдал намжсан, 24 цагийн дотор халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Түүнчлэн Бээжин хотын засаг захиргаа үзвэр үйлчилгээг хэвийн ажиллуулж эмч нар маскаа тайлж байгаа нь БНХАУ-ын ард иргэдийг төдийгүй Монголчуудыг ч мөн тайвшруулсан. Гэвч эрдэмтэд Азид хоёр дахь давалгаа үүсэж, халдвар дахин тархах эрсдэл үүслээ. Европ тивээс Ази тив рүү халдвар зөөвөрлөгдөх хандлага ажиглагдаж байна. Учир нь европоос ирсэн иргэдээс халдвар илэрсэн тохиолдол Сингапурт 33, БНХАУ-д 140 шинээр бүртгэгдсэн хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.
О.Гоо-Оюун