Токиогоос 260 иргэнээ татан авч байгаа тусгай нислэгийн онгоц долдугаар сарын 21-ний өдөр 22.00 цагийн орчимд Улаанбаатар хотын "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор ирсэн иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Токио Инн” зочид буудалд 21 хоног тусгаарласныг Улсын онцгой комиссын Шуурхай штаб мэдээллээ.
Дэлхийн 55 улсаас 10 мянга гаруй Монгол Улсын иргэн эх орондоо ирэх хүсэлтээ УОК-ын Шуурхай штабт албан ёсоор гаргажээ. УОК-оос долдугаар сард нийт 15 удаагийн нислэгээр 3400 иргэнийг эх оронд нь авчрахаар төлөвлөсөн. Харин наймдугаар сараас тусгай нислэгийг илүү нэмж гадаадаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдээ татан авах ажлыг эрчимжүүлэхийг УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар чиглэл болгоод байна.