СОЛОНГО БОЛ ТЭНГЭРИЙН ХИЙМОРЬ

2016-05-13  

Хурц тод өнгө, хувилгаан шидэт зургууд бас Абрам Руссо....Солонго, Тэргэл, гайхалтай зохицол. Ажлын өрөө бүхэн ийм өнгөлөг, уянгалаг байдаг гэж үү? Зураачийн урлан тэр чигээрээ онцгой ертөнц байдаг. Тиймээс л ажлын өрөө гэдэггүй урлан гэж нэрлэдэг. Энэ удаа зураач Ч.Солонгын ажлын өрөө буюу урлангаар зочиллоо. Мушгирсан тас хар үс, дотогшоо ч гэмээр, гунигтай ч гэмээр нүдтэй зураачийн урлан. Цоргисон нүднүүд түүний өрөөгөөр дүүрэн...тансаг аялгуу өрөөгөөр урсаж зураач цонхныхоо өмнө үл мэдэг найган ямар нэгийг бодно. Түүнд хувилгаан зургаа зурах, хурц тод санаа төрсөн нь илтээ.

Скайтел компани бичин жилийнхээ бэлгийн картын зургийг зуруулсан юм. Өөрөө авч хадгална даа гэж бодож байтал тэднийх ийм гоё цуглуулга болгоод бэлэглэсэн. 

              

 

Лусын гүнж. Дараагийн үзэсгэлэндээ зориулж зурсан. Буддын шашинд лусын эзэн гэж байдаг тухай өгүүлдэг шүү дээ. Лусын гүнж аливаа амьтдын төрлийг дээшлүүлж доошлуулахад оролцдог гэсэн агуулга байдаг юм билээ. 

 

 

 

 

 

 

 

 

Тэргэл сартай шөнө амьд амьтан бүхний далд араншин сэрдэг гэх юм уу даа. Ер нь зургийг үгээр тайлбарлах хэцүү л дээ. Энэ зурганд Х.Тэргэл шүлэг бичсэн.

Яруу найрагч Х.Тэргэлийн “Чөтгөрийн гүнж” шүлгийг

               уншаад энэ зургийг зурсан. 

        "Чөтгөрийн гүнж"

Урьд насандаа би чөтгөрийн гүнж байсан

Урт хумс минь час улаан байсан

Шав шаргал тэнгэрээс улаан бороо асгарахад

Шанагаар  хутгаж сархад шиг залгилдаг байсан

Духан дээрээ би ганцхан ногоон нүдтэй ч

Дутуу юмгүй тэдэндээ л сайхан харагддаг байсан

Дуу минь яг л төмөр хуурайдах мэт хахирган ч

Олон чөтгөрүүдийнхээ дунд би ганц дуучин нь байлаа

Цав цагаахан пансан өмсгөл дундаас

Ганц ногоон нүд, час улаан хумс гэрэлтэж

Уйтгартай гунигтай ч бас бардамхан ааштай         

Урьд насандаа би чөтгөрийн гүнж байлаа... 

 

 

Үзэсгэлэндээ зориулж  монгол эмэгтэйг зурлаа. Гол нь үндэсний уламжлалт хээнүүдээ харуулахыг зорьсон юм. Монголчууд маш баялаг хээ угалзтай ард түмэн шүү дээ. Хүмүүс “Яагаад ийм том нүдтэй зургууд зурдаг юм бэ?” гэж асуудаг. Нүд, бүхний илэрхийлэл. Заримдаа би нүд зурахдаа хэтрүүлчих гээд байдаг юм. (Инээв)

 

 

Ногоон дарь эхийн нэг домгоос сэдэвтэй зураг. Ногоон дарь эхэд бусад бурхад нь атаархаад хүүхдийг нь хулгайлчихсан. Хүүхдээ хайгаад шаналж зовж байхад нь хэрээ нисэн ирж цаст өндөр уулын оройд цагаан сахалт мэргэн өвгөнөөс асуугаарай гэж хэлдэг тухай өгүүлдэг юм. 

       

   Зураач Чулуунцэцэгийн Солонго

 

 

 

 

Эрүүл мэндийн шалтгаанаас болоод акрилкнаас өөр будгаар зурж болохгүй байна. Үнэргүй учраас харшил хөдөлгөдөггүй. Бийрээ бол олон газраас сонгоно. Будгийг зураач хүн будаг гэж ярихаас өнгө гэж ярихгүй л дээ. Зураач өөрөө өнгө гаргасныг л өнгө гэж нэрлэнэ. 

Энэ зургийг нэг эрэгтэйн захиалгаар зурсан. Дугар зайсангийн тухай домгоос сэдэвтэй. Гэхдээ Дугар зайсан түүхэн хүн байсан юм билээ.  Хүч чадал, сүлд хийморийн бэлгэдэл гэдэг учраас эрчүүд их сонирхдог.

"Дүртэддагва"гээд бурхан байдаг. Өөрийн махбодио хулгайд алдсан яснууд байгаа биз. Ясаа цайтал явна ч гэдэг юм уу янз бүрийн олон домогтой л доо. Энэ бурханыг гэртээ байрлуулвал хулгай ордоггүй домтой гэдэг юм билээ.

 

 

 

Үзэмчин эмэгтэй. Энэ зургийг нэг дүүтэй маань адилхан гэж хүмүүс хэлдэг юм. Өөрөө тэгж бодоогүй мөртлөө сэтгэлдээ байдаг ойр дотныхоо хүмүүсийг дүрсэлж зураад байдаг юм шиг байна лээ. Дугар зайсанг ханьтай маань адилхан байна гэдэг.Монголчууд эдийг жинхэнэ хэрэглэж, гайхуулж байсан улс.  Шүрээр урласан толгойн гоёл гэхэд маш хүнд жинтэй. Ийм эрдэнээр гоёсон хүмүүс чинь савсаганаж навсаганасан хөдөлгөөн хийдэггүй ихэмсэг, дөлгөөн байдаг  юм болов уу гэж боддог.

 

 

 

 

Би 3 хүүхэдтэй. Хамгийн бага нь охин маань зураг зурах дуртай. Охины маань зурсан зураг байна. 

Хундаганы үг гэдэг зураг яруу найраг Х.Тэргэлийн шүлэгнээс сэдэвлэж зурсан. Хүмүүсийн хундаганы ард гарч байгаа олон янзын ааш авирын тухай шүлэгт өгүүлдэг. Энэ зургаа бас үзэсгэлэндээ тавина. Би үзэсгэлэнгээ дор хаяж 30-аад бүтээлтэй байлгахыг хүсдэг. Өөртөө жаахан өндөр шаардлага тавьдаг байж мэдэх юм. Үзэсгэлэндээ зориулаад зурсан зургийг маань заримдаа хүн авчихдаг. Тэгээд хугацаа нь цаашлах ч тохиолдол байна.

Зарим зургийг маш удаан бодно. Заримыг нь зүүдлээд зурах тохиолдол ч бий.

Солонгын долоон өнгө. Би өөрийгөө зурсан юм л даа. Өөрөө энэ зургандаа их хайртай. Солонго бол маш гоё тэнгэрийн хий морь шүү дээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ дурсгалыг миний хань төрсөн өдрөөр маань бэлэглэсэн. Ханагар эр хүний хамгаалтад байгаа ч юм шиг гоё бэлэг.                    ​  

 

Миний охины гитар

 

 

 

                                                                                

Харин тэмдэглэлийн дэвтэртээ бүхнийг л тэмдэглэдэг. Миний дэвтэр зурсхийх санаанууд, утасны дугаар, шүлгийн мөр, шавийн дүн гэх мэт эмх замбараагүй тал даа.

 

 

 

 

 

Миний гал тогоо

Урландаа хэдэн өдрөөр ч хамаагүй суудаг. Зургаа зурж байхдаа ихэнхдээ амтлаг цайнууд ууна. Эндээ хамгийн хялбар гэсэн хоолыг хийж иддэг. Урлангаасаа бусад цагтаа “Ханамж арт” сургалтын төвд хүүхдүүдэд багшилдаг. 

 

 

 

А.МӨНХЖИН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?