"MODERNA", "PFIZER"-ИЙН ВАКЦИНЫ ЯЛГАА

2020-12-18  

 “Moderna” компанийн коронавирусний вакцин нь энэ долоо хоногийн эхээр америкчуудад хийж эхэлсэн “Pfizer-BioNTech” компанийн вакцинтай төстэй боловч хэд хэдэн ялгаатай тал бий.

АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар “Moderna”-гийн вакцинд яаралтай тусламжийн зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгохоор төлөвлөж байна гэж холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ. Хүнс, эмийн хяналтын газрын вакцины асуудал хариуцсан зөвлөх хороо пүрэв гарагт хуралдсан бөгөөд эцсийн шийдвэр баасан гарагт гарах төлөвтэй байна.

“Moderna”, “Pfizer”-ийн вакцин маш төстэй боловч хэд хэдэн ялгаатай тал нь “Moderna”-гийн вакциныг илүү “уян хатан” болгож байна гэж АНУ-ын Эрүүл мэндийн сайд Алекс Азар өнгөрсөн сард мэдэгдсэн юм. Үр дүнгийн хувьд, “Moderna”, “Pfizer”-ийн вакцины аль аль нь 95 орчим хувийн үр дүн үзүүлсэн билээ.

“Эдгээр вакцин бараг л ижил үр дүн үзүүлсэн” гэж Хүнс, эмийн хяналтын газрын вакцины асуудал хариуцсан зөвлөх хорооны гишүүн, доктор Пол Офит мягмар гарагт “CNN” сувагт мэдээлжээ.

Бүтцийн хувьд, хоёр вакцины аль алийг мессенжер рибонуклейн хүчилд /РНХ/ суурилан бүтээжээ. Гэхдээ өөр молекулууд учир хадгалалтын горим ялгаатай байгаа ажээ.

Хадгалах орчны хувьд, “Moderna”-гийн вакциныг “Pfizer”-ийнх шиг асар хүйтэн хэмд хадгалах шаардлагагүй.

“Pfizer”-ийн вакциныг Цельсийн -75 хэмд хадгалах шаардлагатай нь АНУ-д одоогоор ашиглаж буй аль ч вакцинаас 50 хэм хүйтэн орчинд байлгах ёстой гэсэн үг юм. Мөн уг вакциныг гэсгээснээс хойш хөргөгчинд тавхан хоног хадгалах боломжтой. Харин “Moderna”-гийн вакциныг Цельсийн -20 хэмд буюу гэрийн хөлдөөгчнийхтэй ижил хэмд хадгалах боломжтой” гэж АНУ-ын Засгийн газрын вакцины асуудал хариуцсан хөтөлбөрийн дарга Монсеф Слауи мэдээлжээ. Мөн хөргөгчинд 30 хүртэлх хоног хадгалах боломжтой байна.

Эдгээрээс үзэхэд “Pfizer”-ийн вакциныг томоохон хүрээлэнгүүд гэх мэт зориулалтын тоног төхөөрөмж бүхий газруудад илүү түгээмэл ашиглах боломжтой бол “Moderna”-гийн вакциныг жижиг байгууламжуудад ч хийх боломжтой байж магадгүй юм.

Тун, хугацааны хувьд, “Moderna”-гийн вакцины 100 микрогамм хэмжээтэй хоёр тунг 28 хоногийн зайтай хийнэ. “Pfizer”-ийн вакцины хувьд 30 микрограмм хэмжээтэй хоёр тунг 21 хоногийн дараа тарина.

Насны хувьд, “Moderna”-гийн вакцинд зөвшөөрөл олгосон тохиолдолд 18 болон түүнээс дээш насны хүмүүсийг хамруулах бол “Pfizer”-ийн вакциныг 16-аас дээш наснынханд хийхийг зөвшөөрөөд байгаа юм. 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /CNN/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?