"СПУТНИК ЛАЙТ" ВАКЦИНЫ ГУРАВДУГААР ШАТНЫ ЭМНЭЛЗҮЙН СУДАЛГААГ ЯВУУЛАХЫГ ЗӨВШӨӨРЧЭЭ

2021-02-18  

 ОХУ-ын Эрүүл мэндийн яам "Спутник Лайт" коронавирусийн вакцины гуравдугаар шатны эмнэлзүйн туршилтыг явуулах зөвшөөрөл олгожээ.

Судалгаанд 4 мянган хүнийг сайн дурын үндсэн дээр оролцуулах бөгөөд Москва, Калининград, Санкт-Петербург, Саратов, Смоленск хотуудын эрүүл мэндийн 15 байгууллагад  явуулна.

"Спутник V" вакцины “хөнгөн хувилбар" болох уг вакцин гурван долоо хоногийн дотор дархлаа тогтоож, 3-4 сар үйлчилдэг бөгөөд 85 орчим хувийн үр дүнтэй гэж вакциныг гарган авсан Н.Ф.Гамалеян нэрэмжит судалгааны хүрээлэнгийн захирал Александр Гинцбург өмнө нь мэдээлж байв. "Спутник Лайт" вакцин нь нэг тун бөгөөд илүү богино хугацаанд эсрэг биет үүсгэдэг байна.

Гинцбургийн тайлбарласнаар, оросуудыг дархлаажуулахад "Спутник V" вакциныг үргэлжлүүлэн ашиглах бөгөөд харин “хөнгөн хувилбар”-ыг гадаадын орнуудад нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж. 

"Спутник Лайт" вакцины нэг, хоёрдугаар шатны эмнэлзүйн туршилтыг явуулах зөвшөөрлийг ОХУ-ын Эрүүл мэндийн яам нэгдүгээр сард олгожээ. Эмнэлзүйн туршилтын хоёрдугаар үе шат дууссан тухай Гинцбург хоёрдугаар сарын 12-нд мэдээлсэн байна. 

 
Эх сурвалж: МОСКВА. /TASS/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?