ИНДОНЕЗИД ВАКЦИН ХИЙЛГЭХЭЭС ТАТГАЛЗВАЛ ТОРГОНО

2021-02-19  

 Индонезын нийслэл Жакарта хотын эрх баригчид коронавирусийн вакцин хийлгэхээс татгалзсан иргэдэд торгууль ногдуулахаар болжээ.

Торгуулийн хэмжээ 5 сая рупи буюу 357 орчим ам.доллар байх аж.

Хотын удирдлагууд дүрэм журмаа л дагаж мөрдөж байгаа бөгөөд энэ арга хэмжээ нь Индонезод илэрсэн 1.2 сая гаруй халдварын тохиолдлын дөрөвний нэг орчим нь ногдож байгаа нийслэлийн хувьд хамгийн сүүлчийн арга юм гэж Жакарта хотын захирагчийн орлогч Ахмад Риза Партия мэдэгджээ.

“Хэрэв та бүхэн вакцинжуулалтаас татгалзвал хоёр зүйл бий, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа авахгүй, торгууль төлнө” гэж Риза хэлсэн байна.

Индонезын эрх баригчид өнгөрсөн сараас эхлүүлсэн вакцинжуулалтын хөтөлбөрийн хүрээнд 270 сая хүн амынхаа 181.5 саяыг 15 сарын хугацаанд вакцинжуулахаар төлөвлөжээ.

Тус улсад коронавирусний халдвараар 34000 орчим хүн нас барсан байна.

Вакцин хийлгэхээс татгалзсан хэн бүхэнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа, төрийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эсвэл торгууль ногдуулж болно гэсэн Ерөнхийлөгчийн зарлиг Индонезод энэ сарын эхээр гарчээ.

Торгуулийг бүс нутгийн эрүүл мэндийн байгууллагууд эсвэл орон нутгийн засаг захиргаа ногдуулно.

Индонезын хамгийн олон хүн амтай Баруун Ява, мөн Баруун Нуса-Тенгара мужийн эрүүл мэндийн алба дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөгүй байгаагаа "Reuters" агентлагт мэдээлжээ.

"Saiful Mujani Research and Consulting" компаниас 12 дугаар сард явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд оролцогчдын ердөө 37 хувь нь вакцинд хамрагдахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Харин 40 хувь нь хараахан шийдээгүй бол 17 хувь нь вакцин хийлгэхээс татгалзжээ.

 

Эх сурвалж: ЖАКАРТА. /Reuters/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?