БНХАУ-ЫН ВАКЦИНЫГ ДЭМБ ЗӨВШӨӨРМӨГЦ ХҮН АМДАА ТАРИНА

2021-02-22  

БНХАУ-д үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг "Verocell" вакцины 300 мянган тун өнөөдөр 22.00 цагт Монгол Улсад ирэх бөгөөд ДЭМБ-аас зөвшөөрөл гарсны дараа хүн амд тарих болно хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг өнөөдөр мэдээлэв. 

БНХАУ-ын Синофарм компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хөгжүүлсэн "Verocell" вакциныг яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгох асуудлыг ДЭМБ судалж байна. Зөвшөөрөл гармагц хүн амд тарихад бэлэн байх үүднээс Монгол Улс татан авч нөөцлөх ажлаа хийж байгааг мэдээллийн үеэр тодотгов. Манай улс ОХУ-ын "Спутник-V", БНХАУ-ын "Синофарм", Их Британийн "Асртазенека", АНУ-ын "Файзер" вакциныг хүлээн авч хадгалах горим, хүйтэн хэлхээний төхөөрөмжийг бэлэн болгожээ.

Монгол Улс өнөөдөр БНЭУ-ын буцалтгүй тусламжаар "Астразенека" вакцины 150 мянган тунг хүлээн авсан бөгөөд энэ сарын 23-наас дархлаажуулах ажил эхлэх юм. Уг вакцинд цар тахлын эсрэг эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдыг хамруулна. Нэг хүнд хоёр тун гэж тооцоход, 75 мянган хүнд хүрэлцээтэй гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг дурдлаа.

Ташрамд дурдахад, БНХАУ нь өөрийн улсад хөгжүүлэн үйлдвэрлэсэн вакциныг хөгжиж буй 53 оронд буцалтгүй тусламжаар нийлүүлэхээ илэрхийлсэн бөгөөд одоогоор 20 гаруй улсад экспортлож байна. 

Монгол Улс ДЭМБ-ын дэргэдэх “COVAX” хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний удиралд вакцин нийлүүлэх орны жагсаалтын дөрөвдүгээрт орсон байна. Тус хөтөлбөрийн хүрээнд одоогоор, “Астразенека”-гийн 163 мянган тун, “Файзер”-ын 25 мянган тун, нийт 188 мянган тун вакцин хүлээн авах төлөвтэй байгаа юм. Үүгээр эрсдэлт бүлгийн хүмүүсийг дархлаажуулах бөгөөд цаашид хүн амынхаа 60 хувийг бүрэн вакцинд хамруулахаар төлөвлөөд байгаа юм.

Одоогоор, ДЭМБ-аас "Файзер" болон "Астразенека" вакциныг онцгой нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрөөд байна. Харин энэ сарын сүүлээр, "Модерна", гуравдугаар сард "Синофарм", "Синовак" вакциныг зөвшөөрөх эсэхийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?