"PFIZER/BIONTECH"-ИЙН ВАКЦИН ХҮҮХДҮҮДЭД 100 ХУВИЙН ҮР ДҮН ҮЗҮҮЛЖЭЭ

2021-04-01  

АНУ-ын "Pfizer", Германы "BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакцин 12-15 насны хүүхдүүдэд 100 хувийн үр дүн үзүүлж буйг эмнэлзүйн туршилтаар тогтоожээ.

“Pfizer/BioNTech” энэхүү туршилтын үр дүнгийн талаарх мэдээллээ АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газарт ойрын хугацаанд хүргүүлэхээр төлөвлөж байна. АНУ-д одоогоор уг вакциныг 16 болон түүнээс дээш насны хүмүүст тарихыг зөвшөөрөөд байгаа юм.

“Эмнэлзүйн гуравдугаар үе шатны туршилтад АНУ-д 12-15 насны 2260 хүүхдийг хамруулахад вакцины хоёр тунг хийлгэснээс хойш нэг сарын дараа эсрэг биетүүд хүчтэй хариу урвал үзүүлсэн нь 16-25 настай хүмүүсийнхийг давсан” гэж “Pfizer” мэдээлжээ.  

Судлаачид эмнэлзүйн туршилтад оролцсон 1129 хүүхдэд плацебо буюу идэвхгүй нэгдэл тарихад тэдний 18 нь коронавирусээр халдварлажээ. Харин вакцин хийлгэсэн 1131 хүүхдээс нэг нь ч халдвар аваагүй байна. “Pfizer/BioNTech”-ийн мэдээлснээр, өсвөр насны хүүхдүүдэд илэрсэн зовуурь нь 16-25 насны хүмүүсийнхтэй ижил байжээ. Тухайлбал, тариулсан хэсэгт хөндүүрлэх, сульдах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт “Pfizer/BioNTech” 6 сартайгаас 11 настай хүүхдүүдийг хамруулах эмнэлзүйн туршилтаа эхлүүлж, 5-11 настай хүүхдүүдэд вакцины эхний тунг тарьжээ. Цаашид 2-5 настай, 6 сартайгаас 2 настай хүүхдүүдэд үе шаттайгаар вакцин хийнэ. Энэхүү туршилтад 4464 хүүхдийг хамруулахыг төлөвлөж байгаа бөгөөд үр дүн нь 2021 оны эцсээр гарах төлөвтэй байна. 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /CNN/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?