Р.БУРМАА, Ц.ШАРАВДОРЖ НАРЫН ҮРИЙН БУДААНЫ БИЗНЕСЭЭС ҮҮДЭН ТАРИАЛАНЧИД 10-20 ЖИЛ ХОХИРОХ НЬ

2016-05-27  

“Монгол газар шим” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Тавтай сайхан зусаж байна уу. Хаврын тариалалт эхэлчихээд зав чөлөө багатай байна уу?

-Тариалалт эхэлсэн. Гэхдээ дэндүү оройтож эхэллээ. Хэнтий, Төв зэрэг зарим аймгууд үрийн будаа байхгүйгээс, мөн мөнгөгүй, зээл бүтээгүй шалтгаануудаас болж оройтсон. Одоо бол тариалалтууд үргэлжилж байна. Гэсэн ч мөн л адилхан зээл хайсан, мөнгө хүлээсэн, ломбарднаас 10 хувийн хүүтэй зээл авах маягаар тариалалт явагдаж байна. Ингэхдээ энэ жилийн тариалалт их онцлогтой явагдаж байна. Бид аль болох улаан буудайгаа тариалахыг хичээж байгаа ч үр нь олдохгүй, олдсон ч чанарын шаардлага хангахгүй байдлаас болоод зарим нь тэжээлийн ургамал, тосны ургамал тарьж байх жишээний.

-Энэ жилийн үрийн будаа болохАлтайская Жницань хөнөөлт хог ургамал ихтэй, үр хөврөл харлах өвчтэй, монголын газар шороонд нутагшаагүй гэх мэтээр асуудал үүсгээд байгаа шүү дээ. Нэгэнт шахаанд оруулж ирсэн энэхүү будааг 800 гаруй аж ахуйн нэгжүүд буюу тариаланчид ашиглаж байгаа юу?

-Үрийн будааны асуудлаар бид өнгөрсөн жилээс анхаарч, урьдчилан ярьсан. “За, ирэх жил үрийн будаа асуудалтай болно. Бидний хурааж авч байгаа будаанаас үрийн будаа авахад хүндрэлтэй. Өөрсдөдөө чадахаараа нөөцөлье. Гэсэн ч 30, 40 мянган тонн үрийн буцаа дутагдах байдал ажиглагдаж байна. Тиймээс Хөдөө аж ахуйн яамныхан та бүхэн үрийн будааг эртхэн олж, нийлүүлэх тал дээр анхаарч ажиллаач” гэж хэлсэн. Төрөөс ч гэсэн хөрөнгө мөнгийг нь шийдэж өгсөн. Тэгтэл Хөдөө аж ахуйн яам юу ч хийхгүй байж байгаад тавдугаар сарын дунд хүртэл, тариалалт ид дундаа явж байх ёстой байтап импортын үрийн будаагаа оруулж ирээгүй. Тариалалт гуравдугаар сарын дунд үе, дөрөвдүгээр сарын эх гэхэд эхэлчихсэн байх ёстой. Гэтэл бүр тавдугаар сарын дундуур тариалалтын цаг дуусах үеэр будаагаа оруулж ирсэн нь үрийн биш, хүнсний ч биш тэжээлийн будаа болж таарсан. Одоо бүр тэжээлийн будаанд ч тэнцэхгүй болж байх шиг байна. Монгол Улсын хилээр орохыг хориглосон, өвчтэй будаа оруулж ирсэн шүү дээ.

-Нэг ёсондоо цаг хугацааг нь давчдуулаад тариаланчдыг аргагүй байдалд оруулж байгаад тэнцэхгүй үрийн будаагаа шахчихсан гэж ойлгож болох уу?

-Тийм. Энэ бүхнийг тэд анхнаас нь маш сайн тооцоолсон байна лээ. Нэдүгээрт мөнгийг нь өгчих юм бол өөрсдөө яваад будаагаа аваад ирнэ гэдэг утгаар нь санхүүгийн асуудлыг нь хойш татсан. Хоёрдугаарт цаг хугацааны хувьд эрт оруулаад ирвэл уг үрийн будаа тэнцэнэ, тэнцэхгүй, тарина, тарихгүй гэдэг асуудал үүснэ гэдгийг мэдэж байсан. Иймээс цагийг нь давчдуулж, тулгаж байгаад тэнцэхгүй үрийн будааг оруулж ирэнгүүтээ шууд тараасан, шахсан.

-Лабораторийн шинжилгээний дээж авч байхтай зэрэгцээд тараачихсан гэсэн байх аа?

-Оруулж ирээд зориулалтын савандаа буулгалгүй Хөтөлд буулгаад шууд тараасан. Мэдээж тариалан эрхлэгчдэд хүлээлттэй байсан ч Мэргэжлийн хяналтынхан дээж аваад хариу нь гараагүй, буулгах ёсгүй байтал шууд тараачихсан. Гэтэл дүгнэлтээр тэнцэхгүй нь батлагдчихсан байдаг. Эцэст нь тэр хуцлаа дүгнэлт гаргасан Дарханы мэргэжлийн хяналтын П.Болормаа байцаагч “Та нар цэвэрлэж, ариутгаад ашигла. Бид олон улсын стандартаар уг үрийн буцааг нийлүүлж байгаа” гэж хэлсэн. Р.Бурмаа сайд 2015 оны А-90 тушаалаараа хор хөнөөлтэй үр тариа оруулж ирэхийг хориглоно гэсэн мөртлөө одоо болохоор энэхүү тушаалынхаа эсрэг ажиллаад, нууцалж байгаа нь хачин. Ер нь энэ будаа ийм хурдан тараагдан алга боллоо. Бүдээрээ үрэнд явсан уу, өөр тийшээ явсан уу ? гэдгийг шалгах хэрэгтэй.

-Ер нь бол лабораторийн дүн шинжилгээ адилхан гарсан мөртлөө Дарханы Болормаа, Сэлэнгийн Цэрэндулам байцаагч нарын дүгнэлт нь өөр юм билээ. Дарханы Болормаа бол угааж, цэвэрлэж ариутгаад ашиглаж болно гээд байгаа. Ариутгана, цэвэрлэнэ гэдэг ахиад л зардал шүү дээ. Гэхдээ өвчинг нь яаж ч чадахгүй шүү дээ?

-Лабораторийн шинжилгээ нь адилхан гарсан. Хогтой гэдэг нь батлагдсан. Гадаад, дотоодод гаргахад хориотой хөнөөлт хог ургамалтай үрийн будаа гэж. Бидний тариан талбай нэг ч хоггүй байтал энэхүү үрийн будааг таривал тэдгээр хог ургамал ургаад эхэлнэ. Ургаж байгаа хог ургамлыг устгахын тулд бодис хэрэглэж, ахиад зардал гаргана. Хоёрдугаарт чанар муутай будаагаар таривал чанар муутай ургац авна. Ургац алдалт 10-20 хувь болно. Энэ үрийн будаагаар таривал бүр 30-40 хувь ургац алдана. Яагаад гэвэл хөнөөлт өвчтэйн дээр хөлдүү, хорчгор, мөн мянган үрийн жин нь жижигхэн байна. Эцсийн бүлэгт ургац алдана, хүнсний аюулгүй байдалд нөлөөлнө гэсэн үг.

-Хөрсөнд үлдэх хор хөнөөлийг тариаланчид яаж харж байна вэ?

-Тариалангийн талбайг маш их бохирдуулна. Нэг үр нь мянган үр хаяна. Мянган үр нь 10-20 жил тэр газартаа нутагшина. Тэгэхээр бид нэг удаа биш Р.Бурмаагийн хүүхдийн найзуудын энэ гайтай үрийн будаанаас болж 10-20 жил тэмцэх болж таарлаа. Ерөнхийдөө Ц.Шаравдорж, Р.Бурмаа нараас болж тариаланчид хохирч байна.

-Ямар их үргүй зардал вэ. Ганц энэ жил ч биш, 10-20 жил, магадгүй түүнээс ч урт удаан хугацаанд газар тариалан, хөрсөнд хор уршиг авч ирэх юм байна шүү дээ?

-Үнэхээр хор хөнөөлтэй. Тариан талбай дээр л энэ хог ургамал бага байвал бидний ургац авах нь өндөр байдаг. Тийм ч учраас улсын хилээр хортой, өвчтэй ургамал оруулахыг хориглочихсон. Ийм муу үрийн будаа нэг нь 1000, зарим нь бүр 10 мянган үр хаяна гээд бод доо. Чөдөр тарна гэдэг ургамлууд тийм хортой байхгүй юу.

-Ямартай ч Сэлэнгийн байцаагч Цэрэндуламд хариуцлага тооц гэж Засгийн газраас хүртэл тогтоол гарсан байна лээ. Ганц байцаагч руу Засгийн газар хүртэл дайрч байгаа нь хачин санагдсан шүү?

-Адилхан статустай хоёр байцаагч хоёр өөр дүгналт гаргасан байхад яасан их ялгавартай хандаж байна аа. Засгийн газар, ХХААЯ, МХЕГ ямар хариугүй юман дээр яасан их дээрэнгүй хандана вэ. Сэлэнгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг гаалийн хяналтын талбайд зөвшөөрөлгүй орж дээж авсан гэж буруутгасан ч будааны чанар муу байсан дүгнэлтийг яагаад ч өөрчилж чадахгүй шүү дээ. Процедурын алдаагаар буруутгах нь шалтаг хайж байгаагийн шинж.

Үр хөврөл харлах өвчин нь нүдээр харагдаж байхад Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори нь нуун дарагдуулсан, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй бид гэж үзэж байгаа. Яагаад гэвэл энэ шинжилгээг гадаад гурван улсад явуулсан. Урьдчилсан байдлаар бүх зүйл нотлогдсон. Өнөөдөр бодит байдал ийм л байна. Энэ хүмүүст дарамт шахалт ирж байгаа. Гэхдээ л Монголын хүнсний аюулгүй байдлын лавлагаа цорын ганц лабораторитой шүү дээ. Энд би туршлага дутсан гэхгүй шахалт орсон л гэж үзэж байна. Сэлэнгийн мэргэжлийн хяналтын дарга, байцаагч шударга үнэн дүгнэлт гаргасан байхад яагаад бүгд чичлээд байна вэ, Засгийн газар, МХЕГ, ХХААЯ. Зөв гэдгийг нь бүгдээрээ мэдэж байгаа, хэлж ч байгаа. Гэтэл юунаас айгаад байгаа юм.

-Тус үрийн будааг авсан хүмүүс юу гэх юм. Гомдоллож байна уу?

-Мэдээж авсан хүмүүс гомдлоо гаргаж эхэлсэн. Одоогийн байдлаар манай холбоонд таван компани гомдол гаргасан.

-Тэд юу гэж гомдоллож байх юм?

-Цэвэрлэж, ариутгаад ашиглана, гомдол гаргахгүй гэдэг хүсэлт бичүүлж авч байж будааг нь тариаланчдад өгсөн байсан. Ам тангарагаа өгч байж будаагаа аваад шигшиж үзсэн чинь 30-40 хувийн хорогдол гарсан гэсэн. Нэг тонн нь 815 мянган төгрөгийн үнэтэй үрийн будаа шүү дээ. Тухайн тариаланч 100 тонн будаа авсан байлаа гэж бодоход 30-аас 40 хувийн хорогдлыг 815 мянгаар үржүүлэхээр 32 сая төгрөгийн хохирол амсаж байгаа юм.

-Ийм эрсдэл гарахыг тооцоолсон учраас гомдол гаргахгүй гэсэн гарын үсэгтэй бичиг албажуулж авсан байх нь. Шантаажилжээ дээ?

-Тийм. Үнэхээр муухай. Энэ будааны 1000 үрийн жин нь 40-45 грамм байх ёстой. Гэтэл сая оруулж ирсэн “Нямдаваа байгаль” компанийн будаа нь 32-34 грамм байгаа юм. Энэ чинь уг үрийн будаа тэнцэхгүй гэсэн бас нэг нотолгоо. 30, 40 хувийн хорогдол чинь үүнээс үүдэж байгаа юм. Дээрээс нь энэхүү “Алтайская жница” нь хөлдүү үрийн будаатай гэсэн дүгнэлт гарч ирсэн. Хөлдүү будааг тарина гэж байхгүй. Хөлдүү гэдэг нь үрэнд тарих нь битгий хэл хүнсэнд ч тэнцэхгүй болж байгаа юм. Хамгийн гол нь ийм хууль бус үйлдлийг урьдчилаад төлөвлөсөн учраас ингэж шуурхай бас хүч түрэн явагдаж байгаа нь ойлгомжтой. ХХААЯам яагаад өөрийнх нь гаргасан тушаал, заавар, олон хууль дүрмийг зөрчөөд байхад дуугүй хамгаалаад байгаа юм, мэргэжлийн хяналтын байгууллага яагаад өмгөөлөөд байгаа юм. Мөн МХЕГ хоёр адилхан статустай хүний маргаантай дүгнэлтэд гуравдагч шийдвэрийг гаргасны дараа будааг тараах эсэхийг шийдэх ёстой. Шууд тараагаад явуулчихаж болохгүй. Хэрэв энэ нь Монгол Улсад халдварт өвчин тараах байсан бол яах вэ. Нөгөө талаасаа энэ асуудал гэмт хэрэг шүү дээ.

-Наад зах нь ургац алдвал хариуцлагыг хэн хүлээх вэ. Р.Бурмаа, Ц.Шаравдорж нар хариуцлагыг хүлээх үү?

-Энэ асуултыг уг нь чи Бурмаагаас, Шаравдоржоос, “Нямбайгаль даваа” гэдэг компанийн нөхөд, Бурмаагийн хүү, түүний найзуудаас асуумаар байгаа юм. Энэ хүмүүс хэдэн тэрбум төгрөгийн ашиг хийж байгаа байх. Гэтэл энэ үрийн будааг авсан хүмүүс 50-60 тэрбум төгрөгөөр хохирч байна. Жилийн дөрвөн улиралд хөөрхий тэдгээр тариаланчид хөдөлмөрлөөд ард нь ямар хохирол амсч байна вэ. Үүнд л бид хамгийн их эмзэглэж байна.

-Р.Бурмаа сайдын хүү Тэмүүлэн, үрийн будаатай холбогдсон Ц.Шаравдоржийн хүргэн, ХХААЯ-ны Тариалан эрхлэгчдийг дэмжих сан /ТЭДС/-ГИЙН захирал Манансан, Хөтөлийн ТЭДС-гийн захирал Анар-Эрдэнэ нар ойр дотнын найзууд гэсэн. Тэд ийм холбоотой албан тушаалд ажиллаж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэйгээс гадна, хуйвалдаан хууль бус үйлдэл хийх эх үүсвэр нь болж байгаа юм биш үү?

-Хүний амьдралын энгийн зарчим бол хөдөлмөрөөрөө амьдрах. Харин Бурмаагийн хүү болон түүний найзуудын хувьд бол огт өөр юм. Гаднаас нь харахад гадаад, дотоодод сургууль төгссөн боловсролтой. Гэтэл шударга хөдөлмөрөөрөө ажиллаж амьдрахын оронд төрд шахаа хийж сайдын албан тушаалыг ашиглан, төрийн албан тушаалтнуудтай хуйвалдаж сайн будаа гэж дүгнэлт гаргуулж сар хүрэхгүй хугацаанд хэдэн тэрбумын ашиг олдог. Амар хялбар аргаар амьдрах ийм үзэл бодолтой залуус нийгэмд мэндэлж байгаа нь харамсалтай. Ийм үзэл бодолтой, ажиллах сонирхолгүй, татвар төлөгчийн хөлс, хүч хөдөлмөрөөр олсон мөнгийг үрэн таран хийж амьдрах хүсэлтэй залуустай байхад Монгол Улс яаж хөгжих юм бэ. Маш буруу үлгэр дууриаллыг нийгэмд өгч байна.

-Дөнгөж л 30 шүргэж яваа болов уу гэмээр эдгээр залуус ганц удаагийн муу үйлдлээрээ та бүхний насаараа хөдөлмөрлөсөн салбарыг унагаж байна л даа. Насны хувьд ч, мэдлэг, мэргэжлийн хувьд ч энэ салбарт насаараа шахуу ажиллаж байгаа та нарын дэргэд өчүүхэн нь мэдээж?

-Ийм өндөр албан тушаалд хүрэхийн тулд, хэдэн тэрбумаар нь ашиг хийхийн тулд энгийн хүмүүс, компаниудад насаараа ажиллаад хүрч чаддаггүй. Гэтэд Бурмаагийн хүүгийн найзуудад энэ бүхэн хялбархан байна. Хялбар аргаар мөнгө олж сурчихсан хууль бус шахаа хийж амьдрах сонирхолтой ийм залуучуудаас зөв үйлдэл, зөв ухаан гарахгүй нь тодорхой. Ийм залуучууд олширвол нийгэмд, хойч үед аюултай.

-Монгол ээж өөрийнхөө хүүг авлигын сүлжээгээр амархан хөрөнгөжихийг зааж байгаа нь дэндүү гутмаар үйлдэл юм аа?

-Бурмаа хүүхдээ эрхлүүлж болно. Бусдын хүүхдийг буруу амьдралын хэв маягт уруу татаж болохгүй. Хүн өөрийнхөө ухамсар, хөдөлмөрт тулгуурлан хүч чадлаараа амьдрах ёстой биз дээ. Хөдөлмөрөөрөө биш хууль бусаар амьдарч, хялбар аргаар бохир бизнесээр мөнгө олоод сурсан хүмүүсээс хүнлэг зөв үйлдэл гарах уу. Орчин тойрондоо ямар үлгэр дуурайлал үзүүлэх. Хууль бусаар квот авч, төрийн шахаа хийж, бохир бизнес бодож сэтгэж байгаа залуусаас сайн сайхан юм хүлээх хэрэггүй. Төмсөн дотор муудсан төмс байвал бусад төмсөө муутгадаг. Тийм л юм болно. Үүнийг л авлигалын сүлжээ гээд байгаа. Мөн ч их юм байна.

-Нээрээ л нийгэмд буруу үлгэр дууриал үзүүлж байна. Ийм хүмүүсийг төр барилцаж буй бүсгүй хүн бий болгож, өөгшүүлж байгаа нь харамсалтай юм даа?

-Тийм. Бусад мөрөөрөө сайхан зөв амьдрах ёстой гэсэн залуучуудын хүсэл мөрөөдөл бодол төсөөллийг нь нурааж, эрх мэдэлтэй хүмүүстэй нийлэн төрд шахаа хийж болдог гэсэн буруу сэтгэгдэл төрүүлж байна. Бурмаагийн хүүгийн найзуудад бизнес хийхэд өрсөлдөх шаардлага алга, эрүүл нийгмийг өвчлүүлж, ялзруулаад хувь нэмрээ орууллаа.

Р.Бурмаа аниа бидний ард байхад тариаланчид юу юм бэ. Авчирсан муу будааг цагийг нь тулгаад олгохоор авахгүй яах юм. Тарьж л таараа гэсэн бодолтой, уучлаарай гэж хэлэх чадваргүй. Хэдий хүртэл худлаа ярьж чадна гэж бодож явна аа. Муу нуухаар сайн илчил гэж буруугаа хүлээгээд засаад залруулаад авах нь чухал шүү гэж зөвлөмөөр байна.

-Р.Бурмаа сайд үргэлж л өөрийгөө шударга үнэний дуу төлөө явдаг гэж дөвийлгөдөг. Гэтэл үг, үйлдэл хоёр нь зөрөөд байгаа юм биш үү?

-Би Бурмаагаас хэдэн зүйл асуумаар санагдцаг. Нэгдүгээрт, ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр хүүгийнхээ найзууд болон хандив өгдөг хүмүүстээ будааны квот, зөвшөөрөл, тендер өгөөд байгаагаа шударга гэж байгаа юм уу? Хоёрдугаарт, үрийн будаа, газар тариалангийн үйлдвэрлэл, төмс хүнсний ногоо юу ч мэдэхгүй хүмүүсийг салбарын яамны хэлтсийн дарга, улсын онц чухал ач холбогдолтой ТЭДС-ийн даргаар томилж байгаагаа шударга гэх үү? Гуравдугаарт, Оросын импортьн муу тэжээлийн будааг Монголд оруулж хүнсний улаанбуудай үрийн будаа гэж хэд нугалж зардаг хууль бус бизнес цэцэглүүлсэнээ шударга гээд байна уу? Дөрөвдүгээрт, төрийн мөнгийг хэвлэл мэдээллийнхэнд өгч хэдэн газар тариалангийн компаниудаа муулсан, өр зээлтэй гэж зарласнаа шударга гэж хэлэх үү? Тавдугаарт, амьдрал огт мэдэхгүй, баялаг бүтээж үзээгүй хүүгийнхээ найзуудыг энэ салбарт насаараа ажилласан, мэргэжлийн хүмүүсийн хийх ёстой бодлого тогтоох өндөр албан тушаалд тавьж, тэдний будаа, бордоо, тендерээ шахдаг шахааны бизнесээ шударга гэх үү? Зургаадугаарт, хөнөөлт хог ургамалтай, өвчтэй, хилээр оруулахыг хориглосон будаа тариулж, эх орныхоо хөрсийг өвчлүүлэн, тариаланчдыг эдийн засгийн хувьд нөхөж баршгүй хохироож байгаагаа шударга гэж гээд байна уу? гэж асуумаар байна. Энэ үйлдлүүдийг шударга гээд байгаа юм бол бидний, энгийн хүний ойлгодог шударга ёсны хэмжүүр чинь Бурмаагийнханд бол шударга бусын хэмжүүр болох гээд байна. Бурмаагийн хийж байгаа үйлдлүүд бүгд шударга байж л би шударга байна гэж ярих ёстой. Гэтэл тэр хүний хийсэн үйлдлүүдээс нэг ч гэсэн шударга үнэн байдлыг олж харахад хэцүү байна.

-Та ХХААЯ-тай хэр ойрхон ажилладаг вэ. Энэ салбарыг хэрхэн дүгнэдэг вэ. Өнөөдрийн байдлаар бол сайнгүй бодолтой явдаг бололтой?

-Минийхээр ХХААЯ хамгийн муу засаглалтай компаниас ч дор ажиллаж байна. Бүх ажлаа сонгуульд зориулдаг. Хамгийн муу засаглалтай компани ч юу ч мэдэхгүй хүнийг гол удирдах албан тушаал дээр хэзээ ч тавихгүй. Хувийн хэвшил хэзээ ч таньдаг хүн гээд гол албан тушаал дээрээ авахгүй. Төрийн албан тушаалтнуудыг шалгаруулж авдаг гэсэн чинь хаана байна бэ. Бурмаа гэдэг хүн гарсан цагаасаа хойш л төрийн мөнгөөр тариаланчидтайгаа тэмцлээ. Үр дүнд нь ургац алдлаа. Импортын хүнсний улаан буудай гэж тэжээлийн буудай оруулж ирлээ. Импортын үрийн будаа гэж хогийн өвчтэй будаа оруулж ирлээ. Хариуцлагагүй үйлдэл хийсэн сайдыг хамгаалсан Засгийн газар бол чадамжгүй Засгийн газар гэдгээ л харууллаа. Яаж огцрохгүй байхаа л бодсоноос салбарын бодлогыг хэрэгжүүлэх тухай юу ч хийсэнгүй. Өндөр ухамсаргай улс оронд аль хэдийнэ уучлал гуйгаад огцрох цаг болсон. Ийм улсын төр л сайн зөв байдаг. Ийм хүн Их хурал, Засгийн газарт дэвшвэл газар тариалангийнхан улс төрд хутгалдахаас өөр арга алга. Бизнест хууль бус өрсөлдөөн бий болж байна шүү дээ.

-Та Р.Бурмаа сайдаас болоод АН-ыг дургүйцэгчдийн нэг болчихсон уу, арай үгүй юу?

-Ардчилсан намд дургүйдээ биш ард иргэдээ, амьдралаа хамгаалахын тулд үгээ хэлж байна. Зөв зүгээр мөрөөрөө, хөдөлмөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа тариаланчдыг улс төрд хүчээр оруулж байна шүү дээ. Салбарыг нь самарч байгаа Бурмаа сайдаа УИХ, Засгийн газарт дар дэвшүүлж байгаа бол хүссэн ч, хүсээгүй ч энэ хүний эсрэг явахаас өөр сонголт байхгүй. Бидэнд эсэргүүцэхээс өөр сонголт үлдээсэнгүй. Энэ хүн дахиад сонгогдвол ОХУ-ын импортын тэжээпийн будаа хэд дахин нугарч, үрийн будаа, хүнсний будаа болж зарагддаг бизнес л цэцэглэнэ. Р.Бурмаа сайд болсноос хойш салбарынхаа бүх хүмүүсийг АН-д дургүй болголоо. Хэрвээ АН ялбал, Р.Бурмаа дахиад сайд болбол ХХАА-н салбар үнсэн товорго болно гэж айж байна. Тийм учраас ийм сайд, ёс зүйгүй хүнийг дэвшүүлбэл тариаланчид тэмцэнэ гээд байгаа юм.

 

 

 

Эх сурвалж: Үндэсний Шуудан сонин

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Арай дэндэж ээ 2016-05-27
Зочин:Тэмцэхээс өөр зам тариаланчдад үлдсэн юм уу 2016-05-27
Зочин:Авилгын том сүлжээг илрүүлжээ 2016-05-27
хм.:Хохирлоо барагдуулж авахгүй юу 2016-05-27
Z:Mongold bolj baigaa yum gej baina uu? 2016-05-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ 6 САРААР ЧӨЛӨӨЛСӨН ШИЙДВЭР ЗӨВ ҮҮ?