ЭНЭ ЖИЛ УЛААНБУУДАЙ, ТӨМСНИЙ ДОТООДЫН НИЙТ ХЭРЭГЦЭЭГ 100 ХУВЬ ХАНГАНА

2016-11-07  

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас бид ургац хураалтын талаар тодрууллаа. 

-Ургац хураалтын дүн гарсан байна. Төлөвлөсөн хэмжээнд  ургацаа хураан авч чадсан уу?

-2016 оны ургац хураалтын дүн ерөнхийдөө гарч байна. Улсын хэмжээнд нийтдээ 475,8 мянган га талбайд үр тариа,  үүнээс 460.7 мянган тонн буудай, 153.7  мянган тонн төмс,  93.5 мянган тонн хүнсний ногоо хурааж авлаа. Ингэснээр хүнсний улаанбуудай, төмсний дотоодын нийт хэрэгцээг 100 хувь хангах ургацыг хурааж авсан гэсэн үг юм. Өмнө нь хүнсний ногооны хэрэгцээний 40-50 орчим хувийг хангаж ирсэн. Энэ жилийн хувьд 54 хувийг хангахуйц хэмжээний хүнсний ногоог хурааж авлаа. Ирэх хаврын тариалалтад аж ахуй нэгжүүд үр тариагаа тодорхой хэмжээнд нөөцөлж авч үлддэг. Энэ жилийн хувьд аж ахуй нэгж, иргэд 45.5 мянган тонн үр нөөцөлсөн,  ОБЕГ 1300 гаруй тонн үрийн буудай,  Тариалан эрхлэлтийг дэмжих сан 2 мянга гаруй тонн үрийн буудайг нөөцлөхөөр бэлтгэл ажлаа хангаад явж байна. Аж ахуйн нэгж, иргэд 388.9 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсэн нь өндөр үзүүлэлт юм. Энэ нь ирэх хавар тариалалт өмнөх жилүүдээс  их байх гэсэн тооцоо судалгаа гарч байгаа юм.

-Ес, аравдугаар сард хур тунадас их орсон нь ургац хураалтын дүнд сөргөөр нөлөөлсөн үү?

-Энэ намрын ургац хураалт цаг агаарын хүнд нөхцөлд явагдлаа. 9-р сарын сүүлийн 10 хоног хур тунадастай, 10-р  сард газар тариалангийн төвийн бүс нутгуудаар хур тунадас, нойтон цастай байсан нь тодорхой хэмжээний хаягдал үүсгэх, ургац хураалтын ажлын хугацааг хойшлуулах зэрэг асуудал үүссэн. Гэхдээ ургацаа  алдахуйц хэмжээнд хүрээгүй. Ургац хураалтын  урьдчилсан балансаар 480 орчим мянган тонн хүнсний улаан буудай хурааж авна гэсэн тооцоо гарсан байснаас 460 мянгыг хураан авлаа.

-Хүнсний улаанбуудайн борлуулалтын ажил хийгдэж дууссан уу?

-Борлуулалтын ажил дуусч байна. Хүнсний улаанбуудайг Тариалан эрхлэлтийг дэмжих сан 65 мянган тонн, гурил үйлдвэрлэгчид  220 мянган тонн, спиртний үйлдвэрт 10 мянган тонн, тэжээл үйлдвэрлэлд 14.2 мянган тонн борлуулалт хийгдээд байна. Манай улсын жилийн хэмжээ 320 мянган тонн гэж тооцвол 30-40 мянган тонн буудай илүү гарч байгаа. Үүнийг аж ахуй нэгжүүд өөрсдийн савны багтаамж боломжоо ашиглан нөөцөлж байгаа. Энэ нь жилийн турш борлуулалт үргэлжилнэ гэсэн үг.

 

 

А.ГАНТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?