МИНИЙ АЖЛЫН ӨРӨӨ : 33 КГ ХАВДАР АВСАН, ХЭВЛИЙН ХӨНДИЙН МЭС ЗАСЛЫН ЭМЧ Т.БАЯРМАН

2016-12-14  
Энэ удаагийн зочноор Төмөр замын төв эмнэлэгт мэс заслын эмчээр 30 гаруй жил ажиллаж 2011 оноос хамт олныхоо саналаар ҮЭХ-ны даргын сонгуульт ажлыг хийж байгаа Хүний их эмч, Анагаах ухааны Магистр, Тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор Т.Баярманыг урьсан юм.

Тэрээр нэг өвчтөнд 5 удаа мэс засал хийж 33 килограмм хавдар авч байжээ. Анагаах ухааны дээд сургуулийг 1985 онд Хүний эх эмчээр төгссөнөөс хойш хэвлийн хөндийн мэс заслын эмчээрээ тууштай ажиллаж байна. Ажлын гараагаа Зүүнхараагийн Төмөр замын нэгдсэн эмнэлгээс эхэлж, 1994 онд Төмөр замын төв эмнэлэгт шилжиж ирснээс хойш одоог хүртэл эндээ тогтвор суурьшилтай ажиллаж буй гэдгээрээ тэр бахархдаг. Хамт олныхоо саналаар ҮЭХ-ны даргын сонгуульт ажлыг 2011 оноос хойш хийж байна.

- ҮЭХ-ны дарга бол үргэлж хүний сайн сайхны төлөө ажилладаг, эрүүл энх, ажлын таатай нөхцөлийг хамгаалдаг. Хүний сайн сайхны төлөө зүтгэдэг. Энэ талаараа эмчийн мэргэжилтэй төстэй гэж тэр хэлдэг. Түүний ажилладаг Төмөр замын эмнэлэгт нийтдээ 400-гаад хүн ажилладаг. Энэ хүмүүсийн эрх ашгийг хамгаалах үүргийг сүүлийн 5 жил хариуцаж ирсэн байна.

2 жилд нэг удаа Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэг, МТЗ-чдын ҮЭХолбоо хамтын гэрээ байгуулдаг уламжлалтай. Хамтын гэрээ бол Хөдөлмөрийн бага хууль гэсэн үг. Иймээс ажилчдын эрх ашгийг нэгдүгээр тавин ажилладаг. Ингэж Баярман мэс засалч хэллээ. Түүний ажлын өрөөгөөр хамтдаа зочильё.

2016.10.29-ны өдөр УБТЗ-ын Төв эмнэлэг байгуулагдсаны 65 жилийн ойгоор Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж БНХАУ, ОХУ, БНСУ-уудаас доктор, профессоруудыг урьж оролцуулсан. Ялангуяа БНСУ-ын Вонгуаны их сургуулийн доктортой Роботоор хагалгаа хийх туршлагаа хуваалцсан нь маш үр өгөөжтэй болсон.

Тус хурлаар энэхүү логотой аягыг хийж төлөөлөгчдөд болон бүх ажилтнуудад дурсгасан юм.

ҮЭХ-ны гишүүний батлахаа шинэчилсэн. Хуучин батлах нь энэ байна. Одоо харин авч явахад авсаархан, гишүүд картын дугаараа бүх мэдээллээ авах боломжтой болж байгаа юм.

Миний ажил өглөө 8 цагт, тасаг, нэгжүүдээр явах, эмч ажилтантайгаа уулзахаар эхэлдэг. Заримдаа хүмүүс эмчилгээний талаар зөвлөгөө авна. ҮЭХ-ны гишүүд маань, "Хэдүүлээ ийм ажил санаачилъя, ийм асуудал байна, үүнийг шийдье” гэхчлэн ажил ар араасаа ундарна. Сая л гэхэд хүмүүст зөвлөгөө өглөө. Үүний өмнөхөн боолт нь дээр очиж, ажил төрлийг нь нягталсан. Одоо рентгений зураг авахуулах хүмүүс, мөн ҮЭХ-ны өөр салбар нэгжийн дарга нарын уулзалт хүлээж байх жишээтэй.

Хүний сайн сайхны төлөө үргэлж явдаг буянтай ажил хийж байдаг болохоор найз нөхөд, өвчтөнүүд дурсгалын зүйл их өгнө. Зарим зургуудыг өрөөндөө өлгөсөн байна. Энэ чоноор үүдээ мануулсан юм. /инээв/

Би Дорнод аймагт төрж өсөж, тэнд дунд сургуулиа төгссөн. Энэ тамганы гэрийг миний хамгийн том ах Т.Дамбадугар бэлэглэсэн. Ах маань Дорнод аймгийн Сэргэлэн сумын нарийн бичгийн дарга, орлогч даргаар олон жил ажилласан буянтай хүн байдаг. 3 жилийн өмнө тэтгэвэрт гарахдаа өөрийн олон жил хэрэглэж байсан тамганы гэрээ надад бэлгэлэсэн нь энэ юм.

Эмнэлгийн 60 жилийн ойгоор авахуулсан зураг, мөн Улаанбаатар төмөр замынхаа 65 жилийн ойгоор авахуулсан зургууд.

Манайхны ургийн баярын СD. Өнгөрсөн 7-р сард баяраа тэмдэглэсэн. Миний хувьд ургийн ном гаргахад нь нэлээд үүрэгтэй оролцсон. Ураг төрлийнхөн маань нийлээд 400 гаад хүн цугларсан. Хүн ер нь эргэж харах зүйлтэй байх хэрэгтэй гэж боддог. Тэр ч утгаараа хуучны зүйлүүдээ хадгалах дуртай.

Тухайлбал анх энэ ажлыг авахад байсан компьютер, хуучны сампин, өмнөх даргын үед байсан гэрчилгээ, ҮЭХ-ны зурагт самбар, гэх мэт. Мөн миний эмч хийж байхдаа хөтөлдөг байсан ажлын дэвтрүүд байна.

Хийсэн хагалгаагаа өдөр өдрөөр нь тэмдэглэсэн, зарим онцгой хагалгааныхаа ард тойм зураг зураад, бичээд явна.

Сонирхуулахад : 1992-2004 оны хооронд, нэг өвчтөнд 5 удаа хагалгаа хийж нийт 33 кг хавдар авсан их сонин тохиолдол гарсан.

Хэвлийн хөндийн арын зайн эрхтний бус өөхөн хавдар гэж Анагаах ухаанаар оношлогддог. Энэ хагалгааг МУ-ын Ардын эмч, Анагаах ухааны доктор, профессор Н.Баасанжав эмчийн удирдлагад, Килинкийн профессор н.Бухаа, мэс заслын эмч н.Амгалан, нойрсуулагч эмч доктор н.Ганболд, нойрсуулагч эмч Г.Равдан болон миний бие, хагалгааны багийн хамт 5 удаа үр дүнтэй хийсэн.

Өөр эмнэлэгт олон удаа ийм том хавдар авсан тухай мэдээлэл олдоогүй байна. Хүний биед энэ олон ургацаг бий болоод амь насанд нь аюул учруулахгүйгээр тээгдээд явж байна гэдэг сонирхол татаж байгаа юм. ОХУ-ын хэвлэл, номд 4-6 кг авсан гэсэн мэдээлэл байдаг юм байна лээ. Энэ бол өөхөн эдийн хавдрын эсийн шинжилгээнд онцгой анхаарах ёстой гэсэн дохиог өгөөд байна гэсэн үг. Цаашид энэ талаар судлах хэрэгтэй юм.

Мөн 2009 онд Олон улсын онцгой байдлын хээрийн сургуульд Онцгой байдлын алба, АНУ-ын Элчин сайдын яамны цэргийн Атташе, Номхон далайн цэргийн командлал, Аляскийн Үндэсний гвардтай хамтран гамшгийн хор уршгийг арилгахад туршлага солилцох “Говийн чоно 3” гэсэн хээрийн сургуулийг Төмөр замын байгууллага дээр хийсэн. Энэ хээрийн сургуульд гамшигт нэрвэгдэгсэдэд үзүүлэх “Яаралтай тусламжийн баг”-ийг байгуулж удирдан ажилласан юм. Энэ үеэр бидэнд өгсөн сертификат байгаа юм. Энэ мэт миний амьдралд мартагдашгүй дурсамж болон үлдсэн зүйл олон байдаг.

Ингээд бодохоор хүний эрүүл мэнд гэдэг бол асар үнэтэй зүйл юм. Эрүүл мэндийн төлөө ажиллахгүй, санаа зовохгүй хүн гэж байдаггүй. Түргэн тусламжийн машины жолооч, эмч сувилагч асрагч, эмнэлгийн бусад мэргэжлийн ажилчид, өвчтөний ахан дүүс, эмнэлгийн удирдлагууд гээд бүгд санаа зовж байдаг. Монголын ард түмэн маань сайхан сэтгэлтэй ард түмэн. Ийм сайхан, хүний төлөө гэсэн сэтгэлтэй хамт олонтойгоо хамтран ажиллаж, тэднийхээ төлөө зүтгэж байгаадаа сэтгэл өндөр байдаг.

"Бид нэг нэгэндээ аль болох урам хайрлах хэрэгтэй. Шударгаар хөдөлмөрлөж байгаагаа дэмжих хэрэгтэй" гэсэн Баярман эмчийн үгээр Миний ажлын өрөөгөө өндөрлөе.

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Alta:10 жилийн ангийн найзынхаа тухай амжилт бутээл, хийсэн гавьяаг маш сонирхож, амтархаж, бахархаж уншлаа. Найздаа эруул энх аз хийморь урт удаан жаргахыг хусэн ероое! Мундаг чадалтай хун чанартай эмч шуу!!! 2017-02-16
Alta:10 жилийн ангийн найзынхаа тухай амжилт бутээл, хийсэн гавьяаг маш сонирхож, амтархаж, бахархаж уншлаа. Найздаа эруул энх аз хийморь урт удаан жаргахыг хусэн ероое! Мундаг чадалтай хун чанартай эмч шуу!!! 2017-02-16
Галбадрахын Цэцэгмаа:Таньд ажлын улам их амжилт хүсье 2017-02-18
Х. МЭНДСАЙХАН /САЙНШАНД ТӨМӨР ЗАМ/:АХДАА БАЯР ХҮРГЭЖ АЖЛЫН АМЖИЛТ , ЭРҮҮЛ ЭНХ САЙХАН БҮХНИЙГ ХҮСЬЕ. 2017-04-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛД ТА ИТГЭЖ БАЙНА УУ ?