МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЛЭЭ

2017-01-27  

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх, хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.

Монгол Улсын малын тоо толгой 1990-2015 онд 2.1 дахин өссөн ч сүрэгт хээлтэгч болон бод малын эзлэх хувийн жин буурч, дотоод, гадаадын зах зээлд эрэлттэй адуу, үхрийн махны үйлдвэрлэл, нийлүүлэлтийн нөөц хумигдаж эхэлжээ. Малын гаралтай зарим түүхий эд, бүтээгдэхүүнийг импортоор авч гадаад зах зээл рүү ихээхэн хэмжээний валют урсгаж байгаа юм. Тухайлбал, 2015 онд 41.5 сая, 2016 оны эхний 10 сарын хугацаанд 32.6 сая ам. долларын үнэ бүхий малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг импортоор авчээ.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын судалгаагаар 2050 он гэхэд хөгжингүй орнуудад сүүн бүтээгдэхүүний эрэлт одоогийнхоос 46 хувь, махан бүтээгдэхүүн 76 хувиар нэмэгдэх, түүнчлэн амьд мал, генетикийн бүтээгдэхүүн солилцох олон улсын худалдаа эрчимжих чиг хандлагатай байна. Тиймээс Монгол малын генетикийг хадгалах, хамгаалах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан хэмээн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн  танилцууллаа.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, А.Сүхбат, Г.Мөнхцэцэг, Ц.Гарамжав нар хууль санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авсан байна. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир хуулийн төслийг улам боловсронгуй болгож зарчмын шинжтэй гол асуудлуудыг тодорхой тусгах, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ малын удам угсаа, үржпийн асуудал чухал тул хяналт бүртгэлжүүлэлтийн асуудалд онцгой анхаарч цогцоор нь шийдвэрлэх хэрэгтэй гэж хэллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан, Г.Тэмүүлэн, Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар, Ц.Даваасүрэн, Ц.Нямдорж, М.Билэгт, Ж.Энхбаяр, А.Сүхбат нар асуулт асууж хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?