Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

БОЛОВСРОЛ ба УРВАГЧИД

2016-02-25  

Манайхан сүүлийн үед үр хүүхдээ өндөр боловсрол эзэмшүүлэх гэж л Америк болон бас бус орныг зорьж буй гэж их ярих болжээ. Тэгвэл өөрсдөө хараар байдаг төдийгүй үр хүүхэд нь ч бичиг баримтгүйгээсээ болоод тэр яриад байгаа өндөр боловсрол гэгчээ /high school/ төгсөөд л ямар нэгэн community college-д сургасан нэртэй болдог нь нууц биш юм.

Ямар нэгэн сургууль төгссөн нэртэй хүүхэд залуус маань Америкт нэр бүхий өндөр сайн сургуульд л өөрийн чадлаар элсэн орж чадахгүй аваас жирийн нэгэн community college төгссөн залуус эр нь трак, таксины жолооч, эм нь хумсны салонд ажиллахаар хүрч ирдэг нь нууц биш билээ.

Монголчууд бид гэвч боловсрол гэдгээ яг юуг хэлдэг юм бэ гэдгээ төдийлөн сайн мэддэггүй тул ямар ч хамаагүй дээд сургууль төгсөж диплом өвөртлүүлснээ л хүүхдээ боловсролтой болгосон, түүний төлөө хамаг бүхнээ зориулсан гэх мэтээр өөрсдийгөө хуурдаг. Хэрэв коллеж төгссөн таны миний хүүхэд сургуулиа төгсөөд хумсны салонд, эс бөгөөс таксины жолоочоор ажиллах л байсан юм бол тэр виз хадгалах хэмжээний community college-д өчнөөн цаг хугацаа, мөнгөө үрэх шаардлагагүй гэж би хувьдаа боддог. Монгол хүмүүсийг энд Америкт байдаг ялангуяа Солонгосчууд шоолж даапаалж ярихыг олонтаа сонсож байв. Тэр бол танай Монголчууд хүүхдүүдээ сургаж дээш гаргахыг мэддэггүй. Ажил хийлгээд л зарахаа боддог гэж. Энэ гашуун хэдий ч үнэн бодохоор л үг. Солонгос ганц бие ээж ганц охиноо сайн сургуульд сургах гэж яаж хичээж байхыг би өөрийн нүдээр харж л байсан. Солонгос эмэгтэй 6 өдөр хумсны салонд ажиллаж 16-тай охиноо бүх төрлийн секц, дугуйланд хамруулж (Америкт секц дугуйлан маш их үнэтэй) хамаг чадлаараа охиноо дэмжиж охиноо Америкийн өндөр зиндааны их сургуульд орохыг үүрэг зорилгоо болгуулсан байдаг. Харин бид дийлэнх нь хүүхэд минь ямар ч хамаагүй коллежийн диплом авчихвал л түүнийгээ Америкт өндөр боловсролтой болгочихлоо гэх. Америкт, Европт цагаачилж одох Монгол хүн бүрийн зорилго үр хүүхдээ тухайн улсынхаа хамгийн сайн сургуульд сургах байгаасай гэж би хувьдаа боддог. Хожмын өдөр өндөр хэмжээний сургууль төгссөн хүүхдүүд минь Монголдоо очихгүй ч бай Монгол хүний ямар их өндөр потенциалтай болохыг дэлхийд харуулж байвал л харийн нутагт цагаачилсан, харийн орны иргэншил хүртэж бусдын хэлдгээр "урвагч" болдог Монгол хүн та үүргээ жинхэнэ ёсоор нь биелүүлсэн гэж өөрийгөө тооцож болно. Монголчуудыг том оврын машин сайн барьдаг, настай хүнийг сайн асардаг юм байна билээ гэж энэ дэлхий хэзээ ч гайхан шагшихгүй. Харин харьд цагаачлаад дөнгөж 20 хэдэн жилийн нүүр үзэж буй Монгол хүний үр сад дэлхийд тэргүүлдэг их дээд сургуульд суралцан төгсөж, өндөр цалинтай, нэр хүндтэй компани байгууллагад уригдан ажиллаж, нэртэй төртэй од, зиндаа өндөр хүмүүстэй мөр зэрэгцэн алхах тэр л үед Монгол хүний бахархал, үнэлэмж ихсэнэ. Энд сургууль төгссөн, төрсөн Монгол хүүхдүүд өсөж том болоод Америк, Европын аль нэгэн хүнтэй гэр бүл боллоо ч нэр хүндтэй сургуульд сурч өндөр боловсрол эзэмшсэн хүүхдүүд минь ядаж л зүгээр нэг пицца зөөдөг жолоочтой биш, арай дөнгүүр төвшний харийн хүнтэй гэр бүл болно. Үр хүүхдийнхээ ирээдүйд үнэхээр санаа зовж, хөрөнгө оруулалт хийж байгаа юм бол хийсэн шиг хийж, зорьсон шиг зорих хэрэгтэй байна. Ажиглажээ байхад энэ харийн оронд төрсөн хүүхдүүдийг ч Америкийн Солонгос, Хятад, Орос гэх зэргээр нэрийддэг юм байна билээ. Америкт төрсөн хүүхдүүд байлаа гээд шууд л АМЕРИК хүн гэж байхыг нь сонссонгүй. Иймийн учир та бидний хүүхдүүд сайн сайхан явах аваас Америкийн Монгол хүн сайн сайхан гэж хэлэгдэх аж. Тийм бахархал үнэлэмжийг бий болгоход ээж аавууд бидний үүрэг, зорилго чиглэгдэх учиртай юм. Харийн нутагт бэрхшээл амсаж туулж, харласан харлаагүй, байгаа улсынхаа иргэншил авсан мөн дийлэнх олны нэрлэдэг урвагч нэр авсан Монгол хүн та хатуу бэрх амьдралыг сөрсөн цаг хугацаа, залуу халуун насаа дэмий ч үрээгүй тэр байтугай жинхэнэ халуун эх оронч Жинхэнэ Монгол хүн гэж тийм ээж аавуудыг би магтан дуулмуу.

 

Хулганайн Тэргэл Чикаго хотоос...

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?