Архангай аймгийн Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Үйлдвэрлэгч-бизнес эрхлэгчид”-ийн зөвлөлдөх уулзалт боллоо. Уулзалтад аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга П.Гомбодорж болон 60 гаруй үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид оролцов.
Зөвлөлдөх уулзалтаар Архангай аймгийн төвд хийгдэх томоохон бүтээн байгуулалт, үйлдвэржилт, аялал жуулчлалын чиглэлээр хийгдэх ажлуудын талаар мэдээлэл өгч, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн саналыг сонслоо.
Үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдид цагаан идээний үйлдвэрлэл, хүнсний ногоо зэрэг улирлын чанартай ажлуудыг дөрвөн улирлын туршид явуулах боломжийг нээж өгөх, аймгийнхаа брэнд болсон талх, нарийн боовны хүнсний үйлдвэрийг ажиллуулж, дэмжиж тогтмолжуулахыг хүсэв. Мөн үйлдвэржилтийн хүрээнд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран мэргэжилтнүүдээ одооноос бэлтгэх, хүнсний болон малынхаа эрүүл мэндэд нэн даруй анхаарч ажиллах, дулаан болон цэвэр усны үнийг бууруулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй зэрэг саналтай байгаагаа зөвлөлдөх уулзалтын үеэр илэрхийлэв.