Японы Йокогама их сургуулийн судлаачдын баг хүний элэгний үйл ажиллагааг бүрэн гүйцэж чадахуйц хэдхэн миллиметрийн хэмжээтэй жижигхэн элгийг амжилттай ургуулж чадсан байна. Мэргэжилтнүүд уг элгийг дотор эрхтнүүд үүсч боловсрох үйл явцад хувирч чаддаг үр хөврөлийн бус үүдэл эсийг ашиглаж ургуулсан тухай телевизийн “Эн –Эйч-Кей” суваг мэдээлжээ. Ургуулан гаргаж авсан жижигхэн элэг нь яг л хүний элэг шиг хорт бодисыг маш үр дүнтэйгээр хоргүй болгож гадагшлуулдаг байна. Уг элгийг хүнд өвчтэй хүмүүсийн элэгний үйл ажиллагааг хангахын тулд шилжүүлэн суулгах бодолтой байгаа ажээ. Японы судлаачид ургуулсан элэгнийхээ клиникийн туршилтыг 2019 оноос эхлүүлэхээр төлөвлөж байна.
А.САЯН