Ийм оролдлого эхэлмэгц, "Би бүх нууцыг задална" гэж Женко Баттулга саяхан хэлсэн. Сүрдүүлэг үү, сануулга уу? Юу вэ? Ямар нууц вэ? Иргэдийн мэдэхээс илүү ямар нууцыг тэр задална гэж хэлэв? Нийтэд цацсан түүний энэ үг буцаагаад залгиж болдог шүлс биш ээ. Тэгэхээр энэ үгний цаана их зүйл нуугдаж таарна. Харин хэн хэн энэ нууцыг дэлгэхээс "айх" вэ? Энэ үгийг Баттулга хэнд хандаж хэлэв ээ? гэдэг сонирхол татаж байна.
УИХ-ын дарга З.Энхболдын мэдэгдлээс үзвэл "Энэ хүн хамааралгүй" бололтой. Энэ ажлыг өрдөөд байгаа хүмүүс нь хэн болохыг харин З.Энхболд дарга иргэдтэй уулзах үедээ хэлчихлээ гэж таах ч хүмүүс бас байна.
Ганцхан юм ойлгогдож байна. Тэр хүмүүс "жижигхэн" хүмүүс биш. Өндөр эрх мэдэл, албан тушаалтай, нөлөө бүхий хүмүүс байж таарна, мэдээж. Харин чухам хэн бэ? Хэн ч бай, хамгийн гол нь, монголын ард иргэд, нийгмийг цочроох тэр мэдээллийг Баттулга хэзээ цацахаар бэлдэж байна вэ? Одоохондоо түүнд УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх, мэдээллийг шууд ямар ч гуйвуулгагүй цацах С1 телевиз, бүрэн эхээр нь хэвлэх "Ардчилал", "Монголын мэдээ" зэрэг өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаа. Дээр нь сошиал ертөнц байна. Нуугаад байгаа мэдээллээ нь өөрийгөө хамгаалах зэвсэг болгохыг зорьж байна уу, эсвэл нийгэм олонд үнэнийг хүргэх гэж зорьж ингэж хэлэв үү гэдэг асуултын хариуг нийгэм хүлээж байна.
Сануулаад, анхааруулаад байхыг нь бодоход, ноцтой мэдээ мэдээлэл тэнд агуулагдаж байна. Цагдаа, хууль, хүчний байгууллагынхан дотор захиалгаар үйлчилдэг албан тушаалтнууд бий болсон гэдэг шүүмжлэл бий болсон нь цагдаад итгэх иргэдийн итгэлийг тодорхой хувиар бууруулсан. Гэхдээ олон нийт, хэвлэл мэдээлэл байгаа гэдгийг хаа хаанаа санахад илүүдэхгүй. Ямар ч гэсэн Тагнуул, цагдаа, эдийн засгийн цагдаагийн албанд хийх ажил нэмэгдсэн бололтой. Хүчнийхэн бол Баттулгын багийг шахахаар хөдлөөд эхэлсэн. Одоо Баттулгын дараагийн нүүдлийг хүлээе.
Нийтлэлч Ц. ЭНХБАТ